ОЛОН ӨНГӨ: Нялхсын хавар

Админ | Zindaa.mn
2020 оны 02 сарын 12

Сургуулийн хаврын амралт болоод хөдөө гэртээ ирээд удаагүй үе. Гэр дотроос“Миний хүү одоо ороо” гэх ээжийн  дуу бөглүү дуулдана. Ганцхан цагийн өмнө төрсөн нялх ишгийг тэврэн гэрт ороход ээж“Хээ, миний хүү дүүгээ гараад ирэхээр л ингэж бөөцийлдөг юм шүү гэлээ. Би дүүгээ аав, ээжээс ч илүү догдлон хүлээж байгаа. Аав, ээж бид гурав хоол цайгаа уунгаа өнөөдөр төллөсөн малынхаа тоог гаргав. Зүүдний ертөнц рүү аялахаасаа өмнө аавыг“Миний хүү бүр том болчхож ээ. Хамаг ажил нугалж байна шүү гэж ээжид хэлэхийг сонсож амжлаа.

Сайхан дулаахан өдөр. Талд би ганцаараа... Хөтөлсөн морь, туусан мал алга. Хаашаа ч юм горьдсон харцаар ширтэнэ. Удалгүй толгодын цаанаас чармай шалдан жаахан хүүхэд над руу тонтгонон алхахыг олж харсан би учиргүй их хөөрнө. Яг энэ үед аав намайг дуудлаа.

Зүүд байж... Сэрээд харвал ээж төрөх гээд өвдөж хажууд нь аав сандран намайг дуудаж байх нь тэр. Аав ээжийг тэврэн машинд суулгаад надад хандан ойлгомжгүй хэдэн үг бувтнаж амжлаа. Бодвол“гэрээ сайн харж байгаарай гэсэн байх. Анх удаа гэртээ ганцаараа үлдсэн минь энэ.

Гурван өдрийн өмнө төрсөн хүрэн ишиг ёстой л нэг хань болсон доо. Өдрийн нар төөнөж малын саравчин дээр тогтсон цас хайлан дусахад“чол чол гэх хөгжилтэй чимээ хадна. Тэр зүг харвал анхны нялх ногоо цухуйсан харагдлаа. Дөхөж очоод аяархнаар хүрэхтэй зэрэгцэн машины дуу тодхон сонстсон, хавар.

А.АЗЖАРГАЛ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top