“Зоос”-ын Д.Батбаяр 5-8 жилийн ял сонсож магадгүй

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 13


 

Банкуудаар тоглох манай томчуудын мөрийтэй тоглоом дуусах болоогүй бололтой. 1990-ээд оноос хойш олон банк дампуурсан. Дампуурал бүрийн ард эрх мэдэлтнүүд зогсож байлаа. Удахгүй хэрэг нь шүүхэд шилжих “Анод”-ын хэрэг ч ийм замаар явж иржээ. Үүнийг олигархи эрх баригчдын гараар хийгдэж байгаа зохион байгуулалтай үйл ажиллагаа хэмээн зарим хүмүүс дургүйцэж байгаа. “Анод”-д банк санхүүгийн зөрчил байсан уу гэвэл байсан л юм билээ. Их хэмжээний өр зээл байсан. Үүнийг үүсгэгчид нь тус банкны удирдлага гэхээсээ илүү цөөн хэдэн олигархиуд сонгуулийн мөнгөө босгох гэж зээлдсэн нь тодорхой болоод байгаа юм. “Зогсолтгүй эргэдэг” хэмээн сурталчилж байсан “Зоос” банкинд ч бас ийм л хувь тавилан оногдов. Одоо тус банкны удирдлагуудын хэрэг прокурорт хянагдаж байна. “Зоос”-ын банкны ТУЗ-ийн дарга Д.Батбаяр, гүйцэтгэх захирал асан Ш.Чуданжи, Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга асан Х.Пүрэвсүрэн нарт Эрүүгийн хуулийн 150, 156 дугаар зүйл ангиар хэрэг үүсгээд байгаа юм. Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйл анги нь бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн гэмт үйлдэлд хамаардаг.  Харин 156 дугаар зүйл анги бол банкны тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэгт хамаардаг ажээ. Нийслэлийн прокурорын газарт тэдний энэхүү хэрэг 15 хавтас дүүрэн болоод байгаа юм байна. Д.Батбаяр нь “Зоос” банкныхаа 51 хувийг эхнэр хүүхдүүдийн хамт эзэмшдэг болохоор мөнгийг хаанаас яаж татах, хэнд хэдий хэмжээгээр өгөх, авахаа сайн мэддэг байсан гэдэг. Гэхдээ Ш.Чуданжи захирал зүгээр нэг хөлсний ажилчин шиг байсан уу гэвэл үгүй болов уу. Энэ банкаар дамжуулан эрх баригч намууд, ялангуяа С.Баярын мэдлийн том гарууд санхүүжилтэй босгож байсан гэх хардлага бий. Өөрөөр хэлбэл С.Баярыг МАН-ын дарга байх үед тус намын санхүүжилтийн мөнгө “Зоос”-т төвлөрч байсан байна. Тиймээс сүүлдээ дампуурлын дохиолол сонсогдож эхэлмэгц “Зоос”-ыг Төрийн банк болгох асуудал төрийн ордонд ёстой ногоон гэрлээр шийдэгдсэн юм. Банкныхаа 51 хувийг эзэмшдэг Д.Батбаяр тэгэхээр улс төрийн тоглоомын хүүхэлдэй болж хувийн өмчөөрөө эцэст нь хохироод дуусч байна гэсэн үг юм. Тэр эрүүгийн хуулийн дээрх зүйл ангиудаар шоронд орвол 5-8 жилийн ял эдэлнэ. Гэхдээ санхүүгийн луйврыг тэр дангаараа хийгээгүй биз. Ер нь өөрөө өөрөөсөөө хулгай хийнэ гэж юу байхав дээ.

Сэтгүүлч Б.Отгонбаяр

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top