Ерөнхийлөгч Х.Баттулга Польш, Шведэд суух Элчин сайдуудыг томиллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 14

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бархасын Дорж, Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Түвдэндоржийн Жанабазар нарыг томилж, өнөөдөр /2020.02.14/ Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Итгэмжлэх жуух бичиг гардуулах үеэрээ Элчин сайд нарт иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахад төвлөрч, суугаа улстайгаа харилцан ашигтайгаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч ажиллахыг хүссэн юм.

Тухайлбал, уламжлалт найрсаг харилцаатай Польш улсад манай улсын 1000 гаруй иргэн байнга оршин суудаг бөгөөд тэр дундаа уламжлалт анагаах ухааны салбарт нь ажиллаж байгаа 200 гаруй монгол эмч нарын нийгмийн хамгаалал, эмчилгээний лицензийн асуудалд анхаарч, хоёр улсын эрүүл мэндийн салбарын харилцааг нэмэгдүүлэх чиглэл өгөв.

Өнгөрсөн сарын сүүлээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Норвег улсад айлчилж, Баялгийн санг үүсгэн байгуулах, хүнс, хөдөө аж ахуйн салбарт болон өвлийн спортын чиглэлээр хамтран ажиллах асуудлаар тус улсын эрх баригчидтай уулзаж, ойлголцолд хүрснийг ажил хэрэг болгохыг Элчин сайд Т.Жанабазарт сануулж, үр дүн гаргахыг үүрэг, чиглэл болголоо.

Үүнээс гадна аялал жуулчлал, хөдөө аж ахуй, мал аж ахуй, эрчим хүч зэрэг салбарт хийгдсэн олон төслүүдийг хэрэгжүүлэхэд техник технологи, ноу-хау хэрэгтэй буйг сануулж, суугаа улсын онцлогт тохируулан улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах хэрэгтэй гэдгээ байнга ухамсарлах ёстой гээд Элчин сайд нарт ажлын амжилт хүслээ.

Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бархасын Дорж нь Москвагийн Олон улсын харилцааны их сургууль, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын “Вестминстр” их сургуулийг тус тус төгссөн. Олон улсын харилцааны магистр, “Тэргүүн шадар” дипломат цолтой. Тэрбээр 1989 оноос эхлэн Гадаад харилцааны яаманд ажиллаж эхэлсэн бөгөөд 2000-2004, 2013-2016 онуудад Варшав дахь ЭСЯ-нд II нарийн бичгийн дарга, Элчин зөвлөх зэрэг дипломат ажил гүйцэтгэж байв. 2016 оноос хойш Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлтийн газрын дэд захирлаар ажиллаж байсан.

Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Түвдэндоржийн Жанабазар нь Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, Японы Олон улсын их сургуулийн Олон улсын хөгжлийн магистрт суралцаж, АНУ, Япон улсад дахин боловсрол дээшлүүлсэн. Тэрбээр 1987 оноос эхлэн Гадаад хэргийн яаманд ажиллаж байгаа бөгөөд 1989-1990 онд Улаанбаатар дахь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн газар, 1991-1994 онд ГХЯ-ны Ази, Африкийн газар, Европын газарт, 1995-1998 онд Вьетнам дахь ЭСЯ-нд НҮБ-ын АНДЭЗНК-ын асуудал хариуцсан нарийн бичгийн дарга, 2000-2002 онд ГХЯ-нд Хойд Америкийг (АНУ, Канад) хариуцсан ахлах мэргэжилтэн, 2002-2006 онд Оттава дахь ЭСЯ-нд нэгдүгээр нарийн бичгийн дарга, зөвлөх, 2006-2008  ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, мэдээлэл, үнэлгээний газрын захирал, 2008-2011 онд  Токио дахь ЭСЯ-нд Элчин зөвлөх бөгөөд Консулын хэлтсийн дарга, 2012-2015  БНАЛАУ-д суугаа Элчин сайд, 2015 оны 06 сараас хойш ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирлаар ажиллаж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top