Нийслэлд зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй, чанартай чанаргүй олон барилга босч байна. Барилгын компани бүрийн цаана улс төрийн томчууд сууж байдаг нь нууц биш болсон. М.Энхболдыг хотын мэр байх үеэс тогтсон “ёс заншил” хэмээн нэрлэдэг ийм гаж үзэгдэл улам бэхжиж, хөгжсөөр байгаа ажээ. Манайхны хэлж заншсан “Сэлмэн” барилга гэх 25 давхар байшин удахгүй ашиглалтанд орох гэж байна. Үүний нууц ноёнтон нь гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр гэнэ. Энэ нь Монголдоо л одоогоор нэлээд тансагт тооцогдох барилга юм. “BLUE SKY” хэмээх уг барилгад анх Солонгосын иргэн Ким Пан Жак гэгч хөрөнгө оруулалт хийжээ. Гэхдээ тэр залилангийн хэргээс бултаад алга болсон гэдэг. Түүнийг интерполоор эрэн сурвалжилж байгаа тухай мэдээлэл ч бий. Харин энэ барилгыг захиалагч нь “Чоно” корпорацийн эзэн Т.Энхболдсодон гэгч юм байна. Түүнийг Ардын намын нөлөө бүхий нэгэнтэй ураг төрлийн холбоотой гээд байгаа. Гэхдээ ард нь одоо Н.Энхбаяр инээгээд сууж байна. Өөрөөр хэлбэл “Чоно”-ын “Үүр” дотроос тэр уг барилгыг командалж байгаа юм байна. Барилгын газрын зөвшөөрөл, чанарын асуудлууд нь маргаан дагуулсаар олон жил боллоо. Гэвч хүмүүс мартаад байх шиг байна. Ашиглалтанд орох чимээнээр нь харин энэ бүгдийг эргэж санах хэрэгтэй болжээ. Солонгосын иргэн Ким Пан Жак хэрвээ хөрөнгө оруулалтаа бохир мөнгөөр хийсэн болон өөр бусад хуудуутай асуудлууд нь босч ирвэл “Чоно” корпораци, энэ барилгын гүйцэтгэгчээр ажиллаж байгаа “M ahd G” компани хоёрын дунд маргаан үүсч таарах байх. Гэхдээ Н.Энхбаяр найдвартай араанд нь хийчихсэн болов уу. Нэгэн баттай эх сурвалжийн мэдээлснээр Н.Энхбаяр энэ зун “Сэлмэн” байшиндаа нүүн ирж гэр бүлээрэй тухлах юм байна. “Сэлмэн” байшингийн дээд хэсэгт тэр дараалсан гурван давхрыг нь эзэмшиж байгаа ажээ. Ойрноос түүний хүмүүс тэнд байн байн очиж барилгын гүйцэтгэгч нартай уулздаг болов. Тэд аль өрөөнд нь хэнийгээ оруулах, МАХН-ынхаа үйл ажиллагааг явуулах өрөө тасалгааны хуваарилалт зэргийг хийцгээн тун замгүй яваа бололтой. Ийнхүү Н.Энхбаяр төрийн ордон руу харсан “Сэлмэн” байшиндаа нам, гэр хоёроо хамтад нь төвхнүүлэх ажээ.
Сэтгүүлч Б.Отгонбаяр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )