“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлөөс 1072 хувьцаа эзэмшигч иргэдийн нэгж хувьцаанд 90 төгрөгийн ногдол ашиг хуваарилах шийдвэр гарсан. Тэгвэл энэ шийдвэр гарсантай холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хорооноос дараах мэдэгдлийг хийж байна.
1/ Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн 28 дугаар тогтоолоор хувьцаат компаниудын ногдол ашиг тараах ажиллагааг нарийвчлан тогтоох асуудлыг хэлэлцэж, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор хувьцаат компаниудын ногдол ашгийг зөвхөн “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-иар зуучлуулан тарааж байхыг хувьцаат компаниудын удирдлагуудад даалгасан тул хувьцаа эзэмшигчид өөрийн харилцагч брокероороо дамжуулан ногдол ашгаа авна.
Харин үнэт цаасны дансгүй хувьцаа эзэмшигчдийн хувьд Санхүүгийн зохицуулах хорооноос брокерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан компаниудаас /энд дарж үзнэ үү/ сонгон үнэт цаасны дансаа нээх боломжтой.
Хувьцаа эзэмшигч үнэт цаасны дансаа нээлгээгүй байсан ч ногдол ашгийн мөнгөн хөрөнгө “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК дээр хадгалагдах бөгөөд ногдол ашгийг хуваарилах ажиллагаа нь 2020 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэх тул шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс мөн Монгол Улсын Засгийн газраас хуулийн этгээдүүдийг “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т хэсэгчлэн шилжүүлсэн байгаа энэ үед өөртөө болон бусдад эрсдэл үүсгэхгүй, хэт яаравчлахгүй байдлаар үнэт цаасны дансаа нээлгэх ажлаа зохион байгуулах нь зүйтэй.
2/ Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс мөн Монгол Улсын Засгийн газраас хуулийн этгээдүүдийг “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т хэсэгчлэн шилжүүлсэн байгаа энэ үед иргэдийг үнэт цаасны данс нээлгэхийг уриалах, шахаж шаардан олноор нь цуглуулахаас зайлсхийн ажиллахыг нийт үнэт цаасны компаниудад анхааруулж байна гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )