Энержи Ресурс компани Монголын анхны нүүрс баяжуулах үйлдвэрийг ашиглалтанд орууллаа

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 13


 Монголын хувийн хэвшлийн төдийгүй дотоодын уул уурхай, боловсруулах үйлдвэрлэлийн хөгжлийн түүхэнд шинэ хуудас нээсэн онцгой үйл явдал 2011 оны 06,11 нд  боллоо.

 Үндэсний уул уурхайн Энержи Ресурс компани ердөө хоёр жилийн дотор Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Ухаа худгийн хөндийд  боловсруулах үйлдвэрийн чиглэлд дэлхийд тэргүүлэгч Австралийн Сежмен   компанийн технологид суурилж Монголд анхдагч нүүрс баяжуулах үйлдвэрийг барьж ашиглалтанд орууллаа.  Нүүрсийг дотооддоо баяжуулж боловсруулснаар дотооддоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олон улсад өрсөлдөх чадвар дээшлэх төдийгүй тээвэрлэлтийн өртөг буурч, бүтээмж нэмэгдэн “Монгол”-оор овоглосон нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний дэлхийн зал зээл дэх үнэ цэнэ нэмэгдэх боломж бүрдэж байна.  Ухаа худаг уурхайн цогц төслийн хүрээнд 18 мегаваттын хүчин чадалтай цахилгаан станцын барилга угсралтын ажил бүрэн  дуусаад байгаа бол ус хангамжийн системийг мөн энэ 6-р сард улсын комисс хүлээн авч, үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа юм.   Үйлдвэрлэлтийн нээлтэд  МУ-ерөнхийлөгч П.Очирбат, УИХ-ын гишүүн С.Оюун, Геологийн доктор асан , доктор Б.Хурц, МУИС-ийн  багш, доктор С.Авирмэд гэх мэт төр засаг, салбарын яамны удирдлагууд, мэргэжлийн байгууллагын төлөөлөгчид болон Энержи Ресурс компанийн бүтээн байгуулалтанд гар бие оролцсон гүйцэтгэгч түнш болон хамтын ажиллагаат гадаад дотоодын олон зочид төлөөлөгчид оролцжээ.  Уг үйлдвэр нь жилд 5 сая тонн нүүрс угааж, боловсруулах хүчин чадал бүхий 3 модульд суурилсан нь Австрали зэрэг нүүрсний боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлд арвин туршлагатай орнуудад түгээмэл ашиглагддаг жишиг үзүүлэлт юм байна.  Одоо төлөвлөж байгаагаар үйлдвэрийн 2-р модуль 2011 оны 4-р улиралд, 3-р модуль 2012 оны эцсээр тус тус ашиглалтанд орох гэнэ. Нүүрс баяжуулах үйлдвэрийн эхний модулийн бүтээн байгуулалтанд дотоодын 20 гаруй туслан гүйцэтгэгч компаний 600 гаруй ажилтан, ажиллагсад гар бие оролцсон бөгөөд бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх үед нийт 140 хүн ажлын байраар хангагдах юм. 2011 онд  Ухаа худаг нийт 7 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөсөнөөс 4 сая орчим тонныг нь угаан баяжуулан, олон улсын зах зээлд нийлүүлэх зорилт  тавьж байгаа юм. 12 цагийн 2 ээлжээр ажиллах шинэ үйлдвэрт Австрали, АНУ, Европ, Өмнөд Африк, БНХАУ-д үйлдвэрлэсэн бүтээмж өндөртэй, цогц төхөөрөмж суурилуулсан. Мөн байгаль орчинд ээлтэй, усыг 95 хувь хүртэл эргүүлэн ашиглах технологи ашигладаг нь Монголдоо төдийгүй бүс нутгийн хэмжээнд анхдагчид тооцогдож байгаа ажээ.

 Б.Эрдэнэ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top