ОЛОН ӨНГӨ: Нөхөрсөг мөрөөдөл

Админ | Zindaa.mn
2020 оны 02 сарын 22

Надад бусдаас асуух дуртай нэг асуулт байдаг. Тэр бол “Таны мөрөөдөл юу вэ” юм. Тухайн хүний юу мөрөөддөгөөс, түүнийхээ төлөө юу хийж байгаагаас ямар хүн бэ гэдгийг нь мэдэх боломжтой юм шиг санагдана. Амжилтад хүрсэн хүмүүс юу мөрөөддөг вэ, орон гэргүйчүүд хэрхэн мөрөөддөг бол, тэрбумтны биелүүлж чадаагүй мөрөөдөл нь юу юм бол оо. Амьдралынхаа талаас илүү хугацааг туулсан ч юу хийх дуртай, юунд зорьж байгаагаа тодорхойлоогүй олон хүнтэй таарч байлаа. Харин миний хувьд оройтоогүй байхдаа мөрөөдөж сурсандаа ихэд олзуурхаж явдаг. Ахлах сургуулиа төгсдөг жил хүүхдүүд ямар мэргэжил эзэмшихээ шийдэж ядан байхад би аль хэдийнэ тэр л зүгт чиглэж байв. Бидний мөрөөдлийг ойртуулах гэж сургууль байдаг бол, багш нар мөрөөдлийг минь бодитой болгох гэж өдөр бүр ажиллана. Мөрөөдлийн мэргэжлээ эзэмшихэд минь тусалсан бүх зүйлд талархаж байна. Түүгээр зогсохгүй ажилд орсноос хойш маш олон үйл явдал миний мөрөөдлийн төлөө болж байх шиг. Би маш гоё оффист ажиллахыг чин сэтгэлээсээ хүссэн, хүлээсэн. Тэгтэл саяхан манай хамт олон шинэ оффистоо орлоо. Яагаад ч юм энэ бүхэн миний мөрөөдлийг биелүүлэхийн төлөө мэт. Миний эргэн тойронд чин сэтгэлээсээ мөрөөдөгч олон бий.

Мөрөөдөл их нөхөрсөг. Аавын мөрөөдөл ээжийн мөрөөдөлтэй нэгдэж, эгчийн мөрөөдөл ахын мөрөөдлийг дэмждэг бол Золоогийн мөрөөдөл Дээгийгийн мөрөөдлийг түшиж, даргын мөрөөдөл бидний мөрөөдлийг чиглүүлж, захирлын мөрөөдөл бидний мөрөөдлийн төлөө зүтгэж байх шиг. Харин тэдний бүгдийнх нь мөрөөдөл миний мөрөөдлийн төлөө оршиж байгааг би үүнийг бичиж байхдаа ойлгож сууна. Хэрэв чи ямар нэг зүйлийг чин сэтгэлээсээ хүсвэл орчлон ертөнц тэр чигээрээ чамд тусална гэдэг дээ. Цаг ямагт мөрөөдлийнхөө төлөө байдаг хүнийг бусдын мөрөөдөл дэмждэг ажээ. Магадгүй хэзээ нэгэн цаг миний мөрөөдөл уншигч таны мөрөөдөлтэй учрах биз ээ.

А.АЗЖАРГАЛ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top