Аавдаа алгадуулан байж Ардчилсан намд үлдсэн гарьд Б.Гантогтох наадмын бэлтгэлээ “мартаж” сонгуульд улайрав

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 13


                Энэ жилийн наадам нар хур тэгш сайхан болох шинжтэй. Бөхчүүд хүчтэй байгаа сураг дуулдана. Харин дархан аварга Баянмөнхийн хүү гарьд Б.Гантогтох юун наадам мантай яваа бололтой. Ардчилсан намаас 2012 оны сонгуульд нэр дэвшиж, Увс аймагтаа хүч үзэх мөрөөдөлдөө хөтлөгдөөд тун завгүй гэнэ. Ардчилсан нам нь ирэх сонгуульд нэр дэвшихийг горилогч гишүүдээсээ 50 сая төгрөг татаж байгаа. Үүнийгээ хоёр хувааж авах болсон. Ардын намыхан ч бас дуурайж, АН-аас илүү гарахын тулд горилогч бүрээсээ 100 сая төгрөг авна гэх сураг сонсогдож байгаа. Гарьд Б.Гантогтох тэрхүү 50 саяынхаа талыг төлчихсөн юм байна. Энэ оны сүүлчээр үлдсэнийг нь тушаагаад намынхаа Үндэсний зөвлөлдөх хороо, орон нутаг дахь намын байгууллагатай найраа хийж чадвал сонгуульд өрсөлдөх эрхтэй болно. Тэр болтол зай ч бий, лай бий. Лай ланчиг нь гэвэл тэрхүү найраанууд. Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо бол баргийн хүн барж ирэхээргүй хатуу хоол. Гэвч өгөх хүний нүнжиг бас мэднэ. Хэдий хэмжээний юм хаяж чадна, тэр чинээгээр гараад ирэх магадлалтай. Үүнийг нам доторхи “цэвэрхэн авлига” гэдэг. Ардын намд энэ авлига бүр их. Өгөх мөнгөний тоо ч их өндөр. Гарьд маань харин өнөөдөр ямар азаар аавдаа загнуулж, алгадуулан байж Ардчилсан намд хэвээрээ үлдэв хэмээн ханцуй дотроо залбирч яваа болов уу. Мань хүн нэг хэсэг Ардын намыг дагаж навсалзсан гэдэг. Угаасаа Ардчилсан намд данстай Баянаа аварга түүний энэ гуйвалтыг ганцхан алганы амтаар тэгшилсэн гэх яриа бий. Үнэн болов уу. Гэхдээ Б.Гантогтохын хувьд намд өгөх мөнгөний их бага нь чухал биш байсан байж болох юм. Гол нь аавынхаа өв, захиасаар явах нь чухал болсон биз. Хэрвээ мань хүн улс төрд гуйвалтгүйгээр орж ирвэл олон зүйлд барьц чангалах хэрэгтэй болох байх. Эхний ээлжинд тэр улс төрийн онолд суралцахаас өөр замгүй. Адаглаад л өнөөх хэдэн “изм”-ынх нь утга учрыг мэдэх хэрэгтэй болно. Лебирализмаар замнаж буй намын гишүүн болохоор үүнийх нь учрыг олохгүй бол сонгогчид шоолно. Ер нь одоо цагт улс төр гэгч нь тодорхой бие даасан шинжлэх ухаан болж хөгжиж байгаа тул наад захын ийм зүйл мэдэхгүй бол ёстой шараа болж таараа. Харамсалтай нь горилогчид дунд бас түүнээс ч долоон дор амьтангууд алийг тэр гэхэв. Монголчуудынхаа туулж ирсэн социализмыг одоо болтол сохроор дагаад тууж яваа хүн байж л байна. Тэдний дэргэд бол Б.Гантогтох бараг шинжлэх ухааны доктор шахуу байлгүй дээ. Ийнхүү энэ эрхэмд хамааруулан өөр олон юм нурших илүүц биз. Түүнтэй мөр зэрэгцэн Ардчилсан намаас одоогоор “Монос” группын Л.Эрдэнэчимэг, ХХААХҮ-ийн дэд сайд Н.Золжаргал, Тэргүүн шадар сайдын ахлах зөвлөх Н.Хүрэлсүх, Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга, Чингэлтэйн Ардчилсан намын дарга Б.Батбаатар, Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар, “Хөдөлгөөнчин” гэддэг Ж.Батзандан, Нийслэлийн засаг даргын орлогч Да.Ганболд, сүүлийн үед янз бүрийн хэл аманд өртөөд яваа “Ажнай” корпорацийн Ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд Д.Нямхүү нарын зэрэг горилогчид намдаа босго мөнгөө тушаагаад “Сонгуулийн наадам”-даа ханцуй шамлан оржээ. Б.Гантогтохын дэргэд бол эдгээр хүмүүсийн ихэнх нь “Улс төрийн онолчид” шахуу бололтой. Гэсэн тэр улс төрөөр барилдахаас шантрахгүй байгаа гэнэ. 

Сэтгүүлч Б.Отгонбаяр

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал    

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top