Бодлогын хүүг бууруулж, ЗӨӨЛӨН БОДЛОГО хэрэгжүүлнэ

2020 оны 02 сарын 28

Коронавирусийн тархалтын улмаас  дэлхийн Төв банкууд  мөнгөний зөөлөн бодлого хэрэгжүүлэх нөхцөл байдал үүсээд буй. Тэгвэл Монгол Улсын Төв банк ч Мөнгөний бодлогыг зөөлрүүлнэ гэдгийг Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдэгдлээ.

Төвбанкны тухай  хуулиар Мөнгөний бодлогын шийдвэрийг Мөнгөний бодлогын хороо гаргадаг. Тус хороо  улиралд нэг удаа хуралддаг. Тэгвэл энэ оны эхний хуралдааныг ирэх сарын 10-н хавьцаа хийхээр болжээ.

Сануулахад, Мөнгөний бодлогын хороо 2019 оны сүүлийн хурлаа арванхоёрдугаар сарын 20-нд хийж, Бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргасан.

Бодлогын хүүг 0.5 хувиар бууруулах саналыг зарим гишүүн оруулсан ч хорооны гишүүдийн саналаар 11 хувьд хэвээр хадгалж үлдсэн.

Банкны Заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 10.5%, Гадаад валютын заавал байлгах хувь хэмжээг 3 нэгж хувиар нэмэгдүүлж, 15 хувиар тогтоох шийдвэрийг гаргасан юм.

Тэгвэл одоо Мөнгөний бодлогын хороо Бодлогын хүүг бууруулснаар зах зээл дээр дэмжлэг болж очно, банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадвар сайжирна, зээлийн хүү буурна гэдэг нь бизнесийн салбар дахь дарамтыг бууруулна гэсэн байр суурийг Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч хэлж байна.

Тодотгоход, Бодлогын хүүгийн 1 нэгж хувийн өсөлт нь зээлийн хүүд 0.3 хувийн өсөлт авчрах нөлөөлөлтэй гэж эдийн засагчид тайлбарладаг.  Мөн эсрэгээрээ 1 нэгж хувиар  буурах нь банкуудын үйл ажиллагаанаас шалтгаалж зээлийн хүүг нэг хувиар бууруулах боломж бүрдэнэ гэдгийг хэлдэг.

Дашрамд дурдахад, Тайландын Төв банк 2020 оны анхны хурлаараа Бодлогын хүүг 1 хувиар бууруулах шийдвэр гаргасан. Энэ нь коронавирусийн тархалттай холбоотойгоор эдийн засгийн сааралт явагдах үед эргээд эдийн засгаа дэмжих бодлого болно гэж үзсэн юм.

Мөн коронавирусийн халдварын голомт болох БНХАУ-ын  Ардын банк  нөхцөл байдал хүндэрсэн энэ үед банкны системийн хөрвөх чадвар,  зах зээлийн тогтвортой байдлыг хангахын тулд зах зээлд  1.2 их наяд юань буюу 174 тэрбум ам.доллар нийлүүлж байгаа.

2020 он гарсаар Америк, Английн төв банкууд Мөнгөний бодлогын шийдвэр гаргахдаа бодлогын хүүг хэвээр үлдээсэн. Ерөнхийдөө Төв банкууд эдийн засгийн нөхцөл байдалд тулгуурлан дараа дараагийн шийдвэрүүд гаргахдаа зөөлөн бодлого л сонгох орон зай байх нь гэсэн таамгийг судлаачид хэлж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(192.82.77.153) 2020 оны 02 сарын 29

Эзотерикч сомагаас зөвлөгөө авч мөнгөний бодлогоо

0  |  0
Зочин(103.212.116.166) 2020 оны 02 сарын 28

Зөв дөө. Зөөлөн зөөлөн замбуулин гэгчээр. Иргэд ч хандивийн аян эхлүүлээд байна. Монгол хүний ухааны цар хүрээ агуу том юм аа.

0  |  0
Top