Шинэ төрлийн коронавирусний халдварын тархалт дэлхий нийтийг түгшээсэн цаг хугацаа үргэлжилж байна. Цэнхэр нүдэн гарагийн хүн бүр үүнээс сэргийлэх, хамгаалах талаар дээр дооргүй үймж байгааг бид харлаа. Ийм л өдрүүдэд Чингэлтэй дүүргийн Засаг даргын болон НИТХ-ын төлөөх “зарлаагүй дайн” эхэлж савандаа багталцахгүй сэнтийн төлөө сэлэм эргүүлж эхэлсэн. Монгол Ардын Намын дарга нь, Засгийн газар нь шинэ төрлийн коронавирусний эсрэг тэмцэж хөл хорио тогтоож байхад “хурган” улстөрчид нь нэг дүүргийн Засаг дарга болохын тулд булайгаа дэлгэлцэх юм. Нэг хэсэг нь “НИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэлийг шинэ Засаг даргаар бид томилсон” гээд тамгаа авахаар улайран өрөөнийх нь хаалгыг эвдэн орсон бол “экс” гэх үү, огцорсон гэх үү, одоо ч Засаг дарга хэвээрээ байгаа гэх үү Ж.Эрдэнэбат тамгаа аван зугтсан гэдгийг намынхан нь хэлж байна. За даа, хүрээний бузар булайг хэзээнээс уудалж барсан ч биш. Ингээд цааш үргэлжлэх бололтой. Ийм нэг үйл явц сар шинийн өдрүүдийн өмнөхөн болж өнгөрлөө. Одоо албажсан дарга, албан бус дарга гэсэн нэршлийг тэд бий болгон хууль, шүүхээр явахаар болж.
Энэ үйл явц нь гэнэтхэн нэг даргад дуртай нөхөр гарч ирээд Засаг дарга болох гээд байгаа юм биш. 2017 оноос хойших 32, 33-н гэх талцал хуваагдлын үр хөврөл үргэлжилж байгаа юм. Сонгууль дөхсөн өдрүүдийг сануулах хуанли эргэсээр байна. Чингэлтэй дүүргийн МАН-ынхан Засаг даргын төлөөх тулаанд хэзээнээс мэргэшсэн гэхэд болно. 2012 онд тус нам дүүргийн ИТХ-д олонхыг бүрдүүлж Засаг даргаа томилоход УИХ-ын гишүүн асан Д.Очирбат, одоогийн УИХ-ын гишүүн Д.Ганболд нар эрээ цээргүй аашилж байсныг иргэд мартсан ч хэвлэлийн хуудаснаа дурайж байна. Сонгуулийн өмнө эв нэгдлийг хангахаас илүү албан тушаалд томилогдох хүний хүсэл тачаалыг давж чадахгүй байгаа нь Монголын төр ямар хэмжээнд байгааг бэлхнээ харуулна.
Өнгөрөгч оны арваннэгдүгээр сард МАН-ын Хяналтын хороо хуралдаж, УИХ-ын гишүүн, Чингэлтэй дүүргийн МАН-ын дарга Д.Ганболдыг Бага хурлын гишүүнээс хасч байсан. Түүнтэй хамт сая ажлаа өгсөн Чингэлтэй дүүргийн Иргэдийн хурлын дарга Д.Бат-Эрдэнийг мөн хасч байлаа. Тэднийг ганц МАН-ын Бага хурлын гишүүнээс хасаад зогсохгүй Чингэлтэй дүүргийн намын сонгуульт ажлаас чөлөөлж орхив. Ингэснээр Д.Ганболд намаас авах дэмжлэггүй болж, нэг үгээр хэлбэл дүүрэгтээ нэр дэвших квотгүй болсон. Тухайн үед УИХ-ын гишүүн Д.Ганболд "Нэртэйгээр нь хөөчихвөл сайн байхгүй юу. Чингэлтэй дүүргийн МАН нэг ч ялагдаж байгаагүй гэдгийг та бүхэн ойлгох ёстой юм" хэмээн эгдүүцэж байлаа. Нэгэнт намын хорооны даргын ажлаас “хусагдсан” Д.Ганболдын оронд хэн нэгэн нь дарга болох ёстой юм байгаа биз дээ. Тэр нь УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан болж таарав. Намын хорооны даргын сонгуульд бүдэрсэн гэх мэдээлэл тэр үед гарч байсан ч дарга болж амжсан.
Үүний дараа шинэхэн дарга Т.Аюурсайхан “Нэгэнт би намын хорооны дарга болж хариуцлагаа хүлээхээр боллоо. Тиймээс өөрөө багаа бүрдүүлнэ” гэдгийг дүүргийн намынхандаа дуулгасан гэдэг. Тэрбээр энэ хугацаандаа ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнийг ИТХ-ын 18 төлөөлөгчийн гарын үсэгтэйгээр чөлөөлүүлж амжсан. Харин Засаг дарга Ж.Эрдэнэбаттай “хамтран ажиллая” гэхэд үгийг нь авалгүй өөрийнхөөрөө зүтгэсэн гэдэг мэдээлэл бидэнд ирсэн. Мэдээж өөрийнх нь үгийг сонсохгүй байгаа хүнтэй ямар “капитан” хамтран ажиллах билээ дээ. Ингэж л Ж.Эрдэнэбатыг огцруулах “дайн” гээд байгаа зүйл эхэлж. Ж.Эрдэнэбат мэдээж намын дэмжлэгээсээ мултарсан УИХ-ын гишүүн Д.Ганболдын хүн. Өөрийг нь хэн ч биш болгочихоод араас нь “хөл”-ийг нь тайрна гэхээр ямар л хүн дуртай байв гэж. Ж.Эрдэнэбатыгаа “гэдийх л хэрэгтэй” гээд хэлчихсэн болов уу. Огцруулагч талынхан нь “Засаг дарга Эрдэнэбат олон хууль зөрчсөн” гэдэг товчхон хариулт өгсөн. Тухайлбал, ямар хуулийг яаж яаж зөрчив гэдгийг тодорхой гаргаад ирсэн бол сонгогчид чинь ойлгох байлаа.
“Шинэчлэлийн хороо”-г нам дотроо байгуулан жигүүр ургуулж байсан, шударга ёсны дүрийг гарамгай бүтээгч Т.Аюурсайханы тухайд тэртээ тэргүй хугацаа нь тулсан сонгуулийн өмнө намын хороогоо үймүүлж, гишүүд, дэмжигчдээ хоёр хуваалаа. Сөрөг хүчин болох Ардчилсан намынхан нь л юм үзээгүйгээрээ их баярлаж байгаа харагдана лээ. Хэдхэн хоногийн өмнө Чингэлтэй дүүргийн Засаг даргаар Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын даргаар ажиллаж байгаад ажлаасаа чөлөөлөгдсөн Ч.Батбилэг, Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ж.Чимидцогзол, УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн эгч М.Цэцгээ нарын нэр дуулдаж байв. Гэсэн ч эцсийн мөчид НИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэл Чингэлтэйн тамгыг авахаар болсон. Түүний хувьд намаар олон жил явж, хэд хэдэн сонгуулийн утаа үнэрлэсэн туршлага бий ч хэдхэн сарын дараа ажлаа өгөх дүүргийн Засаг дарга болохоор улайрсан нь дэндүү харамсалтай.
Сайн, муу нийлж сав дүүрэх хэдий ч хариуцлагатай цаг үеийн өмнө Чингэлтэй дүүргийн МАН-ынхан дэндүү увайгүй загналаа. Албан тушаалын ахар бодолд хөтлөгдөж байхаар араас нь ирэх үр дагавраа тооцох байсан юм. Намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийнхээ бодлого, зарчмыг баримталж, дэлхий нийтийг түгшээсэн коронавирусний эсрэг Чингэлтэй дүүргийн МАН-ын хороо хүчээ нэгтгэлээ гэвэл гоё сонсогдох байлаа. Иймэрхүү зүйл дээр хэзээ ч алдаж байгаагүй Т.Аюурсайхан алдлаа л гэж харагдлаа. Ер нь бол хотон доторх хонь, хурганы тэмцэл нэг нам бус нийгмийг бүхэлд нь муухай харагдуулж мэднэ гэдгийг эрх биш тэд мэддэг байлгүй.
Тэдний тэвчээргүй, бие биеэ хүндэтгэж чадаагүйн улмаас эхэлсэн энэ хэрүүл маргаан Чингэлтэй дүүрэгт хийгдэх хэчнээн бүтээн байгуулалтад сөрөг нөлөөлөхийг таах аргагүй. Иргэдээ боддоггүй юм аа гэхэд намаа бодох нь тэдний үүрэг баймаарсан. Улс төрийн намуудын чин зорилго сонгуульд ялалт байгуулж, намын мөрийн хөтөлбөр, өөрсдийн бодлогыг хэрэгжүүлэх оршдог. Гэвчиг Чингэлтэйн хувьд амин хувин амбиц, албан тушаалын төлөөх тэмцэл нь тэр бүгдийг нь дарсан байна гэж харахаас өөр аргагүй юм. Гэхдээ энэ бүгдийг сонгууль дөхсөн ийм цаг хугацаанд хийх нь зөв байв уу. Үүнийхээ арыг тэд өөрсдөө даах уу, төлөх үү. Мөнгөө төлсөн нь хөгжмөө захиалдаг гэдэгчлэн ард түмнээс олонхын мандат өвөртөлсөн хүмүүс эрхээ хэрэгжүүлж байгаа нь тэр юм биз ээ.
Сэтгэгдэл ( 7 )
muuhai shivshigiin um be, alban tushaaliin toloo hyn alahaas buzahgui buzaruud baina…\nEr ni zasag dargiig ard tymnees songoj baimaar um….dyyrgiinh ni irged hen ni hen be gedgiig medne bizdee
Zevkhii tsarailsan baishintai huiten hondii gazar das
Хоорондоо үзээд бай. Нэр хүнд чинь унах тусам бидэнд сайн.
энэ дүүргээс МАН аас хэнийг ч сонгохгүй шинэ нам олонх болно
Боорцог Оюунчимэг гэж нэг эргүү авгай бас юу вэ дээ
Олигтойхон ноололд. Ё с зүйгээ умартан ноололд. Араатан мэт ноололд. Ард түмнээсээ ичилгүй ноололд. МАН ноололдсоор ангал уруу унана.
Аюурсайханыг дэмжиж байна