Ромын Пап лам коронавирусээр халдварлаагүй

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 02

Ромын Пап лам Фрэнсис ханиад хүрсний улмаас зургаа хоногийн даяанаа хойшлуулах болсон тухай мэдэгджээ.

Өнгөрсөн ням гарагт уламжлалт ёсоор сүсэгтэн олныг адислах ёслолын үеэр хоёр ч удаа ханиалгасан 83 настай Ромын Папыг КОВИД-19 коронавирусээр халдварласан гэх цуурхлыг Ватикан албан ёсоор үгүйсгэжээ. Тэрбээр Ромын Пап болсноос хойших долоон жилийн хугацаанд анх удаа Мацаг барих улирлын эхэнд хийдэг даяанд оролцох боломжгүй болсон байна.

Ромын Пап олон жилийн өмнө амьсгалын замын өвчний улмаас тал уушгиа авахуулж байжээ. Тэрбээр биеийн байдлаас болж хэд хэдэн арга хэмжээг цуцалсан байна.

Associated Press агентлагийн мэдээлснээр, ширээт лам нар Ромын Пап ламаас аль болох зайтай байхыг хичээж байгаа бөгөөд заншил ёсоор түүний бөгжийг үнэсэхгүй байгаа аж. Итали улсад шинэ төрлийн коронавирусийн халдвар идэвхтэй тархаж буй энэ үед Ромын Пап ламын аюулгүй байдлыг хэрхэн хангаж буй талаар Италийн эрх баригчид мэдээлээгүй байна.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, Итали улсад 1694 халдварын тохиолдол бүртгэгдсэнээс 34 өвчтөн нас баржээ.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top