Коронавирусний дэгдэлт Австралийн эдийн засагт нөлөө үзүүлж буйн сацуу дэлхийн эдийн засгийн өсөлт тооцооллоос уруудаж гарах нөхцөл байдал давамгайлж байгаатай холбоотойгоор Австралийн Төв банк бодлогын хүүгийн түвшинг 0.5 хувиар бууруулах шийдвэр гаргалаа.
Ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, эдийн засгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор мөнгөний бодлогыг цаашид зөөлрүүлэх нь зүйтэй гэж Төв банкны зөвлөл үзэж буйг тус банкны ерөнхийлөгч Филип Лоу мэдэгдлээ. Мөн тэрбээр “Австралийн эдийн засаг энэ оны эхний улиралд тооцоолж байснаас буурч гарна. Коронавирусний дэгдэлт одоогийн байдлаар Австралийн эдийн засагт, ялангуяа боловсрол, аялал жуулчлалын салбарт ихээхэн нөлөө үзүүлж байна" гэжээ.
Шаардлагатай бол бодлогын хүүг нэмж бууруулна гэсэн байр суурийг тус улсын Төв банк баримтлаж байна. Сануулахад, 2019 онд Австралийн Төв банк бодлогын хүүг гурван удаа бууруулсан юм.
Тодотгоход, коронавирусний тархалтын улмаас дэлхийн Төв банкууд мөнгөний зөөлөн бодлого хэрэгжүүлэх арга хэмжээг ар араасаа авч байна.
Малайзын Төв банк бодлогын хүүг бууруулсан. Тайландын Төв банк 2020 оны анхны хурлаараа бодлогын хүүг 1 хувиар бууруулах шийдвэр гаргасан. Энэ нь коронавирусийн тархалттай холбоотойгоор эдийн засгийн сааралт явагдах үед эргээд эдийн засгаа дэмжих бодлого болно гэж үзсэн юм.
Коронавирусний халдварын голомт болох БНХАУ-ын Ардын банк нөхцөл байдал хүндэрсэн энэ үед банкны системийн хөрвөх чадвар, зах зээлийн тогтвортой байдлыг хангахын тулд зах зээлд 1.2 их наяд юань буюу 174 тэрбум ам.доллар нийлүүлж байгаа.
Америкийн Төв банк бодлогын хүүг бууруулах байх гэсэн таамгийг шинжээчид хэлж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )