Газрын тос олборлон, боловсруулагч орнуудын Засгийн газар хоорондын олон улсын байгууллага ОПЕК болон ОХУ-ын уулзалт Вена хотноо болж байна.
Коронавирусний тархалтаас шалтгаалан БНХАУ-ын эрэлт буурч буй нь газрын тосны үнийг уруудуулж байгаа учраас олборлогч, экспортлогч орнууд гарцаа бууруулна гэсэн асуудал сүүлийн хоёр сарын турш яригдаж байгаа юм. Түүнчлэн ОПЕК-ийн гишүүн орнуудын салбарын сайд нар яг энэ асуудлаар Венад зөвлөлдөж байна.
Саудын Араб тэргүүтэй ОПЕК-ийн орнууд 2020 оны зургаадугаар сарын 30-н хүртэл газрын тосны нэг өдрийн гарцаа 1.5 сая баррелиар бууруулах тохироонд хүрчээ. Ираны газрын тосны асуудал хариуцсан сайд Бижан Занганех уг тохироог бататган газрын тосны гарцыг өдөрт 1.5 сая баррелиар бууруулах асуудлаар ОПЕК-ийн сайд нар санал нэгдлээ гэж мэдэгдсэнийг Reuters уламжлав.
ОПЕК ийнхүү 1.5 сая баррелиар гарцаа бууруулахаар ярьж буйн нөгөө талд ОХУ уг байр суурьтай нь нэгдэх үү гэдэг нь олон улсын анхаарлыг татсан асуудал юм. Өнөөдөр буюу баасан гарагт үргэлжлэх ОПЕК-ийн уулзалтаар ОХУ-ын байр суурь бүрэн тодорхой болно гэсэн хүлээлт байна.
1.5 сая баррелийн 1/3 буюу 500 мянган баррель нь ОХУ болон бусад оронд ногдох ёстой гэж ОПЕК үзэж буй аж.
Сэтгэгдэл ( 0 )