Коронавирусний улмаас эдийн засгийн нөхцөл байдал нь хүндрэлтэй тулж буй тул Хятадын Ардын банкнаас 1.2 их наяд юань буюу 173 тэрбум ам.долларыг зах зээлд нийлүүлнэ гэдгээ хоёрдугаар сарын эхээр мэдэгдэж, 10-ны өдөр санхүүжилтийн эхний багцыг баталсан.
Энэ хүрээнд үндэсний томоохон компаниуд, орон нутгийн хэмжээний томоохон аж үйлдвэрүүдэд 300 тэрбум юань буюу 43 тэрбум ам.долларыг дахин зээлдүүлэх хэлбэрээр олгохоор болсон юм.
Тэгвэл энэ санхүүжилтийн хүрээнд БНХАУ-ын Хубэй, Зэжиан, Гуандон, Хэнан, Хунан, Анхуй, Чунчин, Жианши зэрэг 10 мужид зээл олгох аж.
Эдийн засгийг дэмжих чиглэлд олгох тусгай зээлийн хугацаа нь нэг жил бөгөөд хүү нь нэг жилийн бодлогын хүүнээс 1 нэгж хувиар доогуур байх аж. Тэгвэл Бодлогын хүүгийн түвшин нь одоогоор 3.15 хувь байна.
Зээлийг олгохдоо Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам зэрэг холбогдох байгууллагуудын шаардлагыг мөрдөн, хэрэгжүүлэх аж.
Санхүүжилтийн эх үүсвэрийг Хятадын Хөгжлийн банк, Хятадын Экспорт-Импортын банк, Хятадын Хөдөө аж ахуйн хөгжлийн банк, Хятадын Аж үйлдвэр, худалдааны банк, Хятадын Барилга, байгууламжийн банк, Харилцааны банк, Хятадын Шуудан хадгаламжийн банк, Хятадын банк гэсэн үндэсний хэмжээний томоохон есөн банканд хуваарилах юм байна.
Сэтгэгдэл ( 0 )