Ирэх саруудад хүлээгдэж буй ИНФЛЯЦ

2020 оны 03 сарын 06

Ирэх саруудад хүлээгдэж буй инфляцын таамаг мэдээллийг хүргэе.

Иргэдийн эдийн засгийн ӨНӨӨГИЙН  байдлын үнэлэмж болон ИРЭЭДҮЙН төлөв байдлын хүлээлтийн талаарх мэдээллийг агуулдаг “Хэрэглэгчийн итгэлийн индекс” судалгааны 2019 оны дөрөвдүгээр улирлын дүнд тулгуурлан иргэдийн инфляцын хүлээлтийг харъя. 

Судалгаагаар ирэх 6 сарын хугацаанд “үнийн түвшин өснө” гэсэн хүлээлттэй иргэд 69.6 хувийг эзэлж байна. Энэ нь жилийн өмнөхтэй харьцуулахад 5.2 пунктээр их байна.

Хэрэглэгчдийн 15.6 гаруй хувь нь “үнийн түвшин өөрчлөгдөхгүй” буюу өнөөгийн түвшиндээ байна гэсэн хүлээлттэй байгаа юм. Энэ нь жилийн өмнөхтэй харьцуулахад 0.8 пунктээр бага үзүүлэлт.

Харин 12.3 хувь нь “үнийн түвшин хэрхэн өөрчлөгдөхийг мэдэхгүй” гэж хариулсан бөгөөд энэхүү хариулт нь жилийн өмнөх үетэй харьцуулахад 2.2 пунктээр бага байна. “Үнийн түвшин буурна” гэсэн хүлээлт хамгийн бага буюу 2.5 хувь байгаа нь өмнөх жилтэй харьцуулахад 0.9 пунктээр бага байна.

Өнгөрсөн улирлын байдлаар ирэх 6 сар болон жилийн хүлээж буй инфляцийн түвшин харгалзан 4 болон 7 хувь байна. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчдийн дунд жилийн хугацаанд үнийн түвшин өснө гэсэн хүлээлт өндөр байгаагаас гадна хүлээж буй  инфляцын түвшин ч мөн арай өндөр байна гэж судлаачид тайлбарлаж байгаа юм.

Хэрэглэгчдийн хүлээж буй инфляцын түвшин байршлаар ялгаатай.  Улаанбаатар хотын иргэдийн хувьд жилийн хугацаанд инфляцын түвшинг 6.8  хувь байна гэсэн хүлээлттэй байгаа нь орон нутагт амьдардаг хэрэглэгчдийн хүлээж буй инфляцын түвшнээс 0.5 пунктээр бага байна. Ирэх 6 сарын хугацаан дахь инфляцын хүлээлт хотын иргэдийн хувьд 3.9 хувь, орон нутгийн иргэдийн хувьд 4 хувь байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top