Түрээслүүлэгчид АСУУДЛАА шийдүүлэхээр Ажлын хэсэг байгууллаа

2020 оны 03 сарын 06

Түрээслүүлэгчид коронавирустэй холбоотой асуудлаар нэгдэж, уулзалт хийлээ гэж МҮХАҮТ-аас мэдээллээ.

Шангри Ла молл, Нарантуул ОУХТ, Барс хүнсний зах, UBH центр, Бишрэлт групп ХХК, Дүнжингарав, 100 айлын барилгын материалын зах, Алтжин бөмбөгөр, Шөнийн зах зэрэг нийслэлд үйл ажиллагаа явуулдаг томоохон зах, худалдааны төв, түрээсийн үйлчилгээ үзүүлдэг 50 гаруй ААН-ийн төлөөлөл МҮХАҮТ-д цуглаж, COVID-19 вирусээс үүдэлтэй нөхцөл байдал түрээслүүлэгчдэд хэрхэн нөлөөлж байгаа, цаашид хэрхвэл зохилтой талаар асуудлаа ярилцаж, саналаа хуваалцжээ.

Хорио цээрийн энэ нөхцөлд хамгийн их дарамт шахалтанд өртөж, төр засаг болон түрээслэгчдийн зүгээс төлбөрөө бууруул, чөлөөл гэх шаардлагад байнга өртөж байгаа тэд ч бас бизнесээ хамгаалж үлдэхийн тулд багагүй бэрхшээл амсаж байгаа гэсэн байр суурийг илэрхийлж байна.

Тиймээс зөвхөн түрээслүүлэгчдэд ачааны хүндийг үүрүүлэлгүй, төр засгийн зүгээс ч холбогдох татварыг бууруулж, хүндрэлийг хамтдаа даван туулах нь зөв гэж  ярилцацгаажээ.

Ихэнх түрээслүүлэгч төлбөрөө  20-50 хувь бууруулаад байгаа ч НӨАТ, Үл хөдлөх хөрөнгийн татвар, дулаан, цахилгааны төлбөр (ААН-д өндөр тарифаар бодогддог), газрын түрээс, ажилчдын нийгмийн даатгал гээд зайлшгүй төлөх шаардлагатай татварууд хэвээрээ байгаа. Эдийн засаг хүндэрч байгаа энэ цаг үед МҮХАҮТ-ын зүгээс бизнес эрхлэгчдийн саналуудыг нэгтгэн дамжуулах гэхээсээ хамгийн оновчтой шийдлийг шууд санал болгож, шуурхай шийдвэрлүүлэхээр таван хүнтэй ажлын хэсэг байгуулж, асуудлыг холбогдох газруудаар яаралтай хэлэлцүүлэхээр болсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top