Монголын Засгийн газрыг Олон улсын арбитрын шүүхэд өгч бүтэн дөрвөн жил дөнгөлсөн Оросын мафийн төлөөлөгч С.В.Паушок ялагдал хүлээсэн тухай манай Хууль зүй, дотоод хэргийн яамны ажилтнууд баяртай нь аргагүй мэдэгдэж байлаа. С.В.Паушокоор төлүүлж авах мөнгө, эд хөрөнгөө бүртгэж, битүүмжилсэн зүйлсийг дуудлага худалдаанд оруулна гэж байв. Ингэснээрээ ядаж олон улсын өмгөөлөгчид зарцуулсан 6 тэрбум төгрөгөө олж авах, цаашлаад Заамарт сүйтгэсэн газрыг нөхөн сэргээх гээд зөндөө их мөнгө хуримтлуулах тооцоо хийсэн юм. Мөн С.В.Паушокын “Алтан дорнод монгол” компаний охин компани “Яхтон” нь “Зоос”, “Анод” банктай аккредитивийн гэрээ байгуулан Японы “Иточу” компанитай хамтарч ажиллахдаа залилангийн хэрэг үйлдсэн байлаа. “Иточу” компаниас тоног төхөөрөмж авсан мэтээр хуурамч баримт бүрдүүлсэн нь илэрсэн байв. Ер нь С.В.Паушокын манайд үйл ажиллагаа явуулж байхдаа тавараас бултаж 127,4 тэрбум төгрөгийн өр төлбөр үүсгэсэн нь шалгалтаар тогтоогдсон юм. Манай тал түүнээс ийм хэмжээний мөнгө заавал гаргуулж авах ёстой байлаа. Авлигатай тэмцэх газраас түүний өөр бусад хууль бус үйлдлүүдэд ч шалгалт хийсэн. Ингээд түүнд эрүүгийн хуулийн 166 дугаар зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байв. Татварын тайлангуудад нь үнэн бодитой юм ховор байсан гэдэг. Тэгээд ч түүний хууль бусаар Монгол банкинд тушаалгүй авч явсан 25 тонн алт асуудал үүсгэхгүй өнгөрөх гэж юу байхав. Нэхэгдэж л таараа. Энэ мэт олон зүйл дээр тэр буруутан хэвээрээ үлдсэн. Манай тал хохирлоо барагдуулах, улмаар түүний хэргийг эцэслэн шийдэх учиртай байсан юм. Гэвч хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Оросын томчуудын шахаас нөлөөлсөн байх. Нөгөөтэйгүүр С.В.Паушок Монгол дахь өөрийн төлөөний хүмүүсээрээ дамжуулан алт болон бусад ашигт малтмал олборлох үйл ажиллагаагаа дахин сэргээхийг зорьж, манай хууль хяналтынханыг лоббиджээ. Үүнд нь Ерөнхий прокурор Д.Дорлигжав юун түрүүнд нэр холбогдож байгаа. Сураг сонсоход С.В.Паушокын Монгол найз нараас Бямбаа гэгч хүн түүний “Алтан дорнод монгол” компанийг цаашид хэвээр ажиллуулахын тулд чадах бүхнээ хийж яваа гэнэ. Тэрээр С.В.Паушокын “Бумбат” гэдэг охин компанид ажиллаж байсан бололтой. Энэ компани нь мөн л луйвар хийсэн. “Голомт” банкнаас 14 тэрбум төгрөг залилан авч “Алтан дорнод Монгол”-ын төлбөрт өгчихсөн байв. Тэгэхээр С.В.Паушокын гэм буруутайг нотлох хангалттай баримт байжээ. Гэтэл эрүүгийн хэргийг нь хэрэгсэхгүй болгоод одоо түүний “Алтан дорнод Монгол” компанийг Монголд дахин амилуулахаар болж буй нь их л дээрээс зохион байгуулсан ажил бололтой.
Сэтгүүлч Б.Отгонбаяр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )