Хятадад коронавирусний тухай олон ангит кино хийнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 13

АНУ, Европт коронавирусний халдвар ид тархаж байхад харин уг өвчний голомт Хятад орон цар тахлын оргил үеийг даван гарснаа мэдэгдэж, жирийн амьдралдаа бага багаар шилжсээр байна. Хойд Америк, Европын спортын лиг, тэмцээнүүд цуцлагдаж байхад Хятадад ирэх сараас хөл бөмбөг, сагсан бөмбөгийн лигийн тоглолтоо эхлүүлнэ гэж зарлалаа.

Тэр ч байтугай саяхан айж эмээж байсан коронавирусний талаар кино хийхээр болжээ.

Хятадын Үндэсний радио, телевизийн удирдлагын газраас коронавирусний эсрэг тэмцлийн сэдэвтэй олон ангит кино хийхээр шийдсэн байна. “Хамтдаа” нэртэй тус драм аравдугаар сард дэлгэцэд гарах гэнэ.
 

Нийт 20 ангитай тус кинонд нийгмийн янз бүрийн давхаргын хүмүүс халдварт өвчний эсрэг гар нийлэн ажиллаж байгаа баатарлаг явдлыг харуулах юм. Бодит хүмүүсийн түүхийг бага зэрэг уран сайхны арга хэрэглэн үзүүлэх гэнэ.

Найруулагч Чжан Синь Би “Энэ төслөөр би коронавирусний эсрэг тэмцэлд өөрийн хувь нэмрээ оруулж байгаа юм. COVID-19 вирустэй эхний эгнээнд тэмцсэн баатарлаг хүмүүсийн тухай би өгүүлнэ. Кино хийх мэдээллээ би Ухань хотоос авч эхэлсэн” гэж мэдээлжээ.

Харин ард иргэд энэ төсөлд тун дургүй байгаа юм. Нэгдүгээрт, Хятадад, дэлхийд халдварын аюул дуусаагүй байна. Хоёрдугаарт, ойр дотнынхноо алдсан хүмүүсийн сэтгэлийн шарх аниагүй байна.

“Драм хийх төслөө зогсоо. Хэрэв ямар нэг юм хиймээр байгаа бол баримтат кино хий”

“Цар тахал зогссон хойно бол би дэмжинэ. Харин хүмүүс амь насаа алдсаар байгаа энэ үед бол эрс эсэргүүцэж байна” гэх зэрэг сэтгэгдэл үлдээжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top