Ахлах дэслэгч М.Уранмягмар: Цэргийнхэн бид "МЭДЛЭЭ, ГҮЙЦЭТГЭЕ" гэхээс өөр хариулт өгөх эрхгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 18

-Цэргийн хүмүүс гэдэг албанд “за бол ёогүй”, захирах захирагдах ёсоо ойлгосон, алдар цол албан тушаалаа ялгаж салгадаг, зарчимч шударга хүмүүс байдаг-

Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны яруу алдарт 99 жилийн ой энэ өдөр тохиож буй. Цэргээр овоглосон мянга мянган эрсийн дунд цэцэг шиг бүсгүйчүүд инээмсэглэх нь содон агаад үзэсгэлэнтэй. Мөрдэстэй цэрэг бүсгүй гэсэн дууны сайхан бадаг хүртэл байдаг. Цэцэн буу мөрлөсөн цэргийн хүн байна гэдэг эмэгтэй хүнд юу юунаас эрхэм билээ. Монгол цэргийн өдрөөр Зэвсэгт хүчний 278 дугаар байгууламжийн    /Дундговь аймаг дахь/ Ахлах дэслэгч М.Уранмягмартай та бүхнийг уулзуулъя.

-Цэргийн байгууллагад ажиллахын жаргал, зовлон нь юундаа байдаг вэ?

-Цэргийнхэн хэмээн нэрлэгддэг энэ сайхан албанд эрчүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж цэргийн бүсгүй хэмээн нэрлэгдэж яваадаа маш их бахархдаг. Энэ албанд 22 жилийг үдэж байна даа. Тэр болгон эмэгтэйчүүд хүсээд, тэнгэрлиг энэ албанд эрчүүдтэй мөр зэрэгцэн алба хаана гэдэг бол хэн хүнд олддог хувь тохиол биш л гэж би санадаг. Цэргийн хүмүүс гэдэг албанд “за бол ёогүй”, захирах захирагдах ёсоо ойлгосон, алдар цол албан тушаалаа ялгаж салгадаг, зарчимч шударга хүмүүс байдаг. Харин амьдрал дээр бол зовлон, жаргалаа хуваалцдаг, бие биеэ гэсэн сэтгэлтэй халуун дотно хамт олон л байдаг даа. Би Зэвсэгт хүчний 278 дугаар байгууламжид зэвсгийн няраваар 13 жил, санхүүгийн даргаар таван жил ажиллаж байгаад Хүнс хувцасны агуулахын даргаар ажиллаж байна даа.

-Хамгийн хэцүү халширмаар, хүнд үеэ дурсвал?

-Манай байгууламж нь агаарын орон зайг хянадаг агаарын цэргийн анги. Нэгэнт энэ албыг сонгож, ажил амьдралын олон он жилүүдийг ”цэргийн” гэсэн тодотголтой элээж яваа болохоор залхаад, халшраад байх зүйлгүй болдог юм шиг ээ.Тэгээд ч хүчний байгууллагын хүүхнүүд хүн хүнээс арай л өөр ямар ч үед, ямар ч үүрэг даалгаврыг биелүүлэхэд бэлэн сэтгэлтэй байх ёстой. "МЭДЛЭЭ, ГҮЙЦЭТГЭЕ" гэдгээс өөр хариулт, тайлбар өгөх эрхгүй хүмүүс бол цэргийнхэн. Эмэгтэй хүн бид ч энэ хатуу шаардлага дор оршин байдгаараа онцлог. Зарим хүмүүс цэргийн хүүхнүүд муу эрээс дээр дайчин зан чанартай болдог гэж ярьдаг нь бидэнд өгсөн өргөн түмний үнэлгээ юм болов уу даа. Арав гаруй килограмм аранз буу үүрээд эрчүүдтэй эн зэрэгцээд гүйх ч бас амаргүй шүү. Харин явж ирчихээд яаж би үүнийг чадав аа гэж бодоод сууж байх ч бас нэгэн бахархал юм шүү дээ.

-Цэргийн дүрэмт хувцас их сүр жавхлантай харагддаг шүү. Таны ажлын онцлог?

-Ямар ч эмэгтэй хүнд дүрэмт хувцас янзын сайхан зохидог л доо. Энэ нь тэр албаныхаа сүр хүчинд оршдог байх гэж би хувьдаа боддог. Нэгэн дурсамж сөхөхөд намайг армид ороод удаагүй байхад манай ангийн хэдэн бүсгүй зураг авахуулахаар аймгийн төв рүү ортол хүн бүхэн эргэж хараад л. Харин нэг хүн "Та нар Цэргийн Ансамблейн хүүхнүүд үү?" гэж асууж билээ. Тэгж л хүний нүдэнд сүр жавхаатай тусдаг хувцас юм шүү дээ. /инээв/ Хүнс хувцасны агуулахын даргын алба бол Зэвсэгт хүчний нөөцийн хөрөнгийн хадгалалт, хамгаалалт бэлэн байдлыг хангах ажлыг хариуцдаг.

-Бүсгүй хүн олон эрчүүдтэй ажиллахад ойлголцохгүй тохиолдол гардаг уу?

-Бүсгүй хүн олон эрчүүдтэй ажиллахад харин ч ойлголцох нь амархан. Тэд чинь их сайхан хээгүй, гүдэсхэн, тэр дундаа цэргийн эрчүүд бүр ч “дайчин, шударга” зантай. Тэгээд ч цөөхөн тооны хүүхнүүд ажилладаг болохоор хүндэтгэл ихтэй, харилцаа сайтай, биднийгээ ч их хайрлана шүү дээ.

-Танай гэр бүлийн хүн бас цэргийн хүн. Хоёулаа үүрэг даалгавартай үедээ ар гэрийн асуудлаа хэрхэн зохицуулдаг вэ?

-Манай хүн Зэвсэгт хүчний 278 дугаар байгууламжид даргын зэвсэг, техник хариуцсан орлогч дарга ахмад Ш.Мөнхсоёл гэж хүн бий. Гэр бүлийн хүмүүс хоёул цэргийн хүн байна гэдэг чанга л даа. Ядаж нэг нь цэргийн хүн байсан бол нөгөө нь ар гэрээ зохицуулаад байж болох байх. Манайх гурван хүүхэдтэй айл. Залуу байхад аав, ээж минь ар гэрийн ажилд маань туслалцдаг л байсан, харин одоо бол том нь багыгаа хараад, бид хоёр ямар ч байсан ажил албаа цалгардуулахгүй болгоод байна шүү. Одоо хүү маань бас цэрэг болох гээд л байх шиг байна. Манай том охин хуучир, морин хуур тоглодог. Бид хоёрын ах дүү нар гээд гэр бүлд маань цэргээр овоглосон улс олон байдаг болохоор бид харин ч бие биеэ сайн ойлголцдог шүү. Бие биенийхээ ажил үүргийг мэддэг болохоор харин ч давуу талтай.

-Ханьтайгаа хэрхэн танилцсан бэ?

-Би энэ ангид ороод тун ч удаагүй байхад ахлагчийн сургууль төгссөн гээд нэг залуу ирсэн нь манай хүн байсан. Тэгээд л танилцаад суусан даа.

-Амьдралынхаа ихэнх он жилийг өнгөрүүлсэн энэ салбар танд юу сургасан бэ?

-Зэвсэгт хүчинд алба хааснаараа би алдаагүй гэж боддог юм. Энд би маш их зүйлд суралцсан. Цаг сайн барих, хариуцлагатай байх, аливаад шуурхай бөгөөд шударга хандах, алдар цолны эрэмбээр албан тушаалтнаа хүндэтгэх гээд сайн сайхан зан чанарыг эндээс би олж авсан. Олон эрчүүд дунд байгаа цөөн хэдхэн хүүхэн үг, тоглоом хоёрыг үнэн сайн даана.

Эрчүүдтэй л адилхан жагсана, гүйнэ, буудна, шалгалт шүүлэг ч их ирнэ шүү дээ.

-Таны хувьд эх орон гэдэг ойлголтыг өөрийнхөө өнгөөр илэрхийлбэл?

-Эрэлхэг зоригт баатруудын халуун амь, бүлээн цусаар эх орон минь бидэнд ирсэн. Эх орныхоо торгон хил, говь, хангай, тал хээр, элсэн цөл, хөвч тайгад ч эр цэрэг эх орноо хамгаалж буй. Мянга мянган зоригтнуудын нэгэн эд эс болж яваадаа бахдан омогшдог.

Арав гаруй килограмм аранз буу үүрээд эрчүүдтэй эн зэрэгцээд гүйх ч бас амаргүй шүү. Харин явж ирчихээд яаж би үүнийг чадав аа гэж бодоод сууж байх ч бас нэгэн бахархал юм шүү дээ.

 

-Ахлагч хүний бахархал юу байдаг вэ?

-Энхтайваныг эрхэмлэсэн өнөөдрийн энэ ардчилсан нийгэмд улс эх орныхоо тусгаар тогтнол, Агаарын хилийн манаанд Ахлагчийн алба тэргүүн эгнээнд явдаг. Өнөөгийн ахлагч нар нэгэн үеийг бодоход цэргийн ухаанаас гадна эрдэм боловсролыг эрхэмлэсэн, сурч мэдэхэд тэмүүлэн өөрийгөө бүхий л талаар хөгжүүлэхийг эрмэлздэг болсон. Тиймээс ч олон мянган ахлагч цолтонгууд энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвх, зүтгэлтэй оролцон эх орныхоо нэрийг мандуулан үе тэнгийхнээ манлайлан үлгэр жишээ болж яваа. Монгол улсынхаа тусгаар тогтнолыг сахин, эх орноо хамгаалах хүндтэй үүргийг нэр төртэй биелүүлэн, “Монгол улсын төлөө зүтгэе” гэсэн эрхэм уриатай ажиллаж, амьдардаг Зэвсэгт хүчний мөрдөс нэгт нөхдөдөө энэ дашрамд Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 99 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье. Мөн тэдний дотроос ахлагчийн албан үүрэг гүйцэтгэж байгаа дүү нар, үе тэнгийн нөхдөөс төлөөлж Иракт албан үүргээ нэр төртэй биелүүлсэн Д.Аззаяа ахлагчийн үлгэр дуурайлыг дурдахгүй өнгөрч боломгүй.

-Цэргийн хүний хувьд нийгмийн амьдрал, цалин хангамждаа хэр сэтгэл хангалуун явдаг вэ?

-Говь нутгийн жирийн нэгэн ахлагч эмэгтэй миний бодлоор хөдөө орон нутагт ажиллаж, амьдарч байгаа ахлагч нарынхаа нийгмийн амьдралд түлхүү анхаарал тавьж, тэдний мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд анхаарч, тэдний дунд байнгын мэргэжлийн сургалт, цугларалтуудыг зохион байгуулж байх нь зүйтэй санагддаг. 2000-аад оны үед ахлагчийн алба нь Зэвсэгт хүчинд ажиллах дур сонирхолтой, цэргийн алба хаасан залуучууд эсвэл ээж, аавынхаа ажил мэргэжлийг өвлөх хүсэл сонирхолтой залуучуудаар эгнээгээ бүрдүүлдэг байсан. Харин өнөөгийн нөхцөлд улс орон маань мэргэжлийн ахлагчийн сургуультай болж, тэнд цэргийн эрдэмд суралцахаас гадна бусад бүхий л боловсролыг үе шаттайгаар олж аван амьдралд хэрэгжүүлдэг нь сайшаалтай хэрэг билээ. Нэгэнт мэргэшсэн ахлагч нараа дэмжин хөгжүүлэхээс гадна хөдөө орон нутагт ажиллаж буй ахлагч нарынхаа мэдлэг мэргэжлийг дээшлүүлэхэд онцгойлон анхаарч цаашид сурч боловсроход нь дэмжлэг туслалцаа үзүүлэн ахлагчаас офицерийн албанд шилжихэд нь сайтар дэмжиж өгөх нь чухал санагддаг.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Nyamdulam Chogsom(66.181.161.33) 2020 оны 03 сарын 22

Saihan yariltsalga ogson duude bas ger buld ni .ene angid ajillaj daisan bolon odoo ajillaj bda duh durelgehund dayarin mend hurgei.ta nartaiga heseghen ch gesen hamt ajillaj bsan da mash ih dahargadag shu. Ajlin amjilt husie

0  |  0
Budaev Gereltuya(122.201.21.178) 2020 оны 03 сарын 19

Mundag shvv egch dee amjilt hvsiy ger bvld n az jargal sain saihniig hvsiy

0  |  0
Д.Жаргал(66.181.161.7) 2020 оны 03 сарын 18

Хайрт охиндоо сайхан ярилцлаг ѳгсѳнд баяр хүргэе.

1  |  0
Д.Жаргал(66.181.161.69) 2020 оны 03 сарын 18

хайрт охиндоо цэвсэгт хүчин байгууллагдсны 99жилийн ойн баярын мэнд хүргэж. Ажилд нь амьжилт амьдралд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерѳѳе.

1  |  0
Jasrai Jigmeddorj(202.126.89.133) 2020 оны 03 сарын 18

сайхан ярилцлага болж ээ. ажилд нь амжилт, амьдралд нь аз жаргалын дээдийг хүсье.

0  |  0
irgen(31.165.215.200) 2020 оны 03 сарын 18

goe goe zereg zagdaag ih hyndeldeg shyy bayar hyrgie

0  |  0
M.Myagmarsuren(202.9.46.19) 2020 оны 03 сарын 18

Bayariin mend hurgiy

1  |  0
Өлзий(66.181.181.183) 2020 оны 03 сарын 18

баярын мэнд хүргье

1  |  0
Tsereg(150.129.140.186) 2020 оны 03 сарын 18

Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 99 жилийн ойн баярын мэнд хүргэе.

1  |  0
a(139.5.219.168) 2020 оны 03 сарын 18

murun zeregtsen ajilj bsan gaichin dvvdee bayrin mend ulam ih amjilt hvseye

1  |  0
Top