Хөл хорионы үед хамгийн зөв сонголт - Тэтгэврийн карт

2020 оны 03 сарын 18

Дэлхий даяар COVID-19 буюу шинэ коронавирусийн цар тахал тархаж, онц байдал зарлаад буй энэ цаг үед худалдаа үйлчилгээний төв, супермаркет, банк зэрэг олон хүн бужигнасан их хөлийн газраар явж өөрийгөө болон өрөөл бусдыг эрсдэлд оруулахаас зайлсхийхийг танд зөвлөж байна. Иргэд та бид алхам тутамдаа сонор сэрэмжтэй байж, үүргээ ухамсарлан, маш хариуцлагатай байх цаг үе ирээд буй тул ялангуяа дэргэдээ байгаа багачууд болон ахмадууддаа илүү анхаарал халамж тавиарай.

ХААН Банк харилцагчдынхаа, тэр дундаа ахмадуудынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүднээс тэтгэврийн зээлийн хүсэлтийг зайнаас буюу мессежээр хүлээн авч эхлээд удаагүй байна. Түүнчлэн ахмад настнуудыг цахим бүтээгдэхүүн үйлчилгээг түлхүү хэрэглэхийг уриалж, вирус тараах эрсдэлтэй бэлэн мөнгөнөөс татгалзаж тэтгэврийн картаа ПОС машинд уншуулж ашиглахыг зөвлөөд буй. Хэрвээ настай аав ээж тань тэтгэврийн карт авч амжаагүй бол цаг алдалгүй захиалж аваарай. Тэтгэврийн карт маш олон давуу талтай.

АТМ-ЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЭХЭД ШИМТГЭЛ ХУРААМЖГҮЙ

Тэтгэврийн карттай болсноор таны сар бүр авдаг тэтгэврийн мөнгийг банк карт руу тань автоматаар шилжүүлэх тул та заавал банкинд дугаарлах шаардлагагүй болно. Гэртэйгээ хамгийн ойр байрлах АТМ-аас мөнгөө авах, хэн нэгэн рүү мөнгө шилжүүлэх бүрэн боломжтой гэсэн үг. Хамгийн гол онцлох зүйл нь тэтгэврийн картаа ашиглан эдгээр үйлчилгээг авахад ямар ч шимтгэл, хураамж төлөхгүй гэдгийг дуулгахад таатай байна. Цаг зав, бас мөнгөө ч хэмнэнэ.

БЭЛЭН МӨНГӨТЭЙ ХАРЬЦАХ ШААРДЛАГАГҮЙ

Мөнгөн дэвсгэрт гүйлгээнд ашиглагдах хугацаандаа олон мянган хүний гар дамждаг тул нүдэнд үл үзэгдэх олон төрлийн нян бактери ихээр хуримтлагдаж байдаг. Нэг ширхэг мөнгөн дэвсгэрт 40 мянган бактери, бичил биетүүдийг хадгалж байдаг гэх судалгаа бий. Коронавирусийн цар тахлын энэ үед аль болох бэлэн мөнгө ашиглахаас татгалзаж, картаар төлбөр тооцоогоо хийхийг ДЭМБ-аас зөвлөж байна. Иймд та дэлгүүр хоршоо, худалдааны төвөөр үйлчлүүлэхдээ ПОС машинд картаа уншуулж худалдан авалт хийгээрэй. Хэрэв зайлшгүй мөнгөтэй харьцсан тохиолдолд дараа нь гараа ариутгаж, сайтар савандаж угаахаа мартуузай. Та тэтгэврийн картаа ашиглан, өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж чадна.

ТЭТГЭВРИЙН КАРТАА ҮНЭГҮЙ ЗАХИАЛААРАЙ

Ахмадууд маань тэтгэврийн картаа ХААН Банкны аль ч салбарт хандан үнэ төлбөргүй захиалах боломжтой бөгөөд картыг тань хэвлэлтээс гармагц гэрийн хаягаар тань үнэ төлбөргүй хүргээд өгдөг. Мөн онлайн бүртгэл болон интернэт банк үйлчилгээг ашиглан үнэгүй захиалаад, хүссэн хаягаараа хүргүүлэн авч болно. Хэрэв банкинд гэрээгээ шинэчилсэн тэтгэврийн харилцагч байвал ХААН Банкны Харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1917 лавлах утсанд өөрийн бүртгэлтэй утсаараа хандан картаа захиалах бүрэн боломжтой юм.

ТЭТГЭВРЭЭ АВААД ХУРИМТЛАЛ ҮҮСГЭЭРЭЙ

Та тэтгэврийн картаараа дан ганц тэтгэврээ аваад зогсохгүй өөрт хэрэгтэй бусад үйлчилгээг мөн авах боломжтой. Тэтгэврийн картандаа орлого нэмэх, гүйлгээ хийх зэргээр ашиглаад зогсохгүй дансандаа хуримтлал үүсгэн мөнгөө хадгалах бүрэн бололцоотой юм. Ахмад настан та дансандаа хуримтлал үүсгэвэл ХААН Банкнаас жилийн эцэст тэтгэврийн картанд байгаа мөнгөн дүнд тань хүү бодож олгодог гэдгийг мөн дуулгая.

ЭРСДЭЛЭЭС ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛААРАЙ

Хөгшин, залуу гэлтгүй биедээ бэлэн мөнгө авч явах нь гээж үрэгдүүлэх, хулгайд алдах гэхчилэн хэчнээн эрсдэлтэй болохыг та бид хэнээр ч хэлүүлэлтгүй сайн мэднэ. Банкинд очиж тэтгэврийн мөнгөө бэлнээр тоолж аваад өвөртлөөд гарахдаа ахмадуудад ч ийм айдас төрдөг нь лавтай. Харин мөнгөө бэлнээр бус, картандаа шилжүүлж авснаар хаяж, гээгдүүлэх цаашлаад хулгайд алдах зэрэг аливаа болзошгүй аюул эрсдэлээс хамгаалах олон давуу талтай. Таны халаасандаа хийсэн мөнгө хормын дотор үрэгдэж, хаягдаж болох ч дансанд, эсвэл картанд байгаа мөнгө тань хэзээ ч алга болохгүй, бас өөрөөс тань өөр хэн ч дураараа хүрч чадахгүй гэдгийг санаарай. Хамгийн гол нь та картын пин код буюу 4 оронтой нууц дугаараа бусдад өгөхгүй зөвхөн өөрөө л мэдэж байж аливаа санхүүгийн эрсдэлээс хамгаалдаг гэдгийг сануулан зөвлөж байна.

МЭДЭЭЛЛИЙГ ЦАГ АЛДАЛГҮЙ АВААРАЙ

Орчин үед банкны үйлчилгээг шуурхай авахын тулд ухаалаг гар утас байхад л хангалттай болсон. Та интернэт банк, мобайл банк зэргийг ашиглаад сурчихвал боломжит бүхий л үйлчилгээг алсын зайнаас буюу онлайнаар авах бүрэн боломжтой юм. ХААН Банкны тэтгэврийн карттай нийт харилцагчдын 15 хувь нь интернэт банк, 27 хувь нь мобайл банк, 61 хувь нь мессеж банкны үйлчилгээ авдаг гэсэн статистик тоо бий. Энэ бол чамлахааргүй тоо бөгөөд ахмадууд маань орчин үетэйгээ хөл нийлүүлж, банкны үйлчилгээг цахимаар авах хэв маягт суралцсаар, хэрэглэж хэвшсээр буйн жишээ юм. Та ч мөн цахим үйлчилгээг сонгож, тэтгэврийн мөнгөө орсон эсэх, дансны үлдэгдлээ шалгах зэрэг мэдээллийг цаг тухайд нь гар утсаараа авах, хянах боломжтой болж байгаа юм. Мэдээж дахин сануулахад та интернэт банкны нууц үгээ зөвхөн өөртөө нууц хэвээр хадгалж залилагч нарт боломж бүү олгоорой.

Ахмад настнууд та бүхэн банкны үйлчилгээг аль болох өөртөө амар хялбараар авах сонголт хийж, тэтгэврийн картаар үйлчлүүлж хэвшээрэй.

Б.ДОЛГОРМАА

Top