Компаниудад зээлийн гэрээний хугацаагаа сунгах НЭГ УДААГИЙН БОЛОМЖ олгож байна

2020 оны 03 сарын 20

Коронавирусний эрсдэлээс сэргийлэх хүрээнд хөл хорио тогтоож буй нь бизнесийн үйл ажиллагаа зогсох, иргэд, ажилчдын цалин орлого тасалдаж, улмаар зээлийн үүргээ хугацаандаа төлөх боломжгүйд хүрч, энэ байдал цаашид тодорхой хугацаагаар үргэлжлэх төлөвтэй байна. Түүнчлэн шинээр үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан хугацаа хэтэрсэн зээл нэмэгдэх хандлагатай болсныг Монголбанкны ОНБМТ-ийн ахлах эдийн засагч Н.Батжин хэлж байна.

Үүнтэй холбоотойгоор зээлийн эргэн төлөлтийн доголдол үүссэн зээлдэгчдийн зээлийн ангиллыг түр хугацаанд бууруулахгүй байх, зээлийн түүхийг дордуулахгүй байхаар банкуудад мөрдүүлж буй холбогдох журмын нөхцөл шаардлагыг түр хугацаанд түдгэлзүүлэх арга хэмжээ аваад байгаа юм.

Энэ шийдвэрийн хүрээнд бизнесийн зээлд бүтцийн өөрчлөлт хийнэ гэсэн мэдээллийг албаныхан өгсөн. Тэгвэл  чухам ямар өөрчлөлт хийгдэх вэ гэдгийг эдийн засагч Н.Батжин ингэж тайлбарлаж байна.

“Зээлийн бүтцийг өөрчилнө гэдэг нь зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулахыг ойлгодог. Энэ зохицуулалтыг ихэвчлэн түр хугацааны санхүүгийн хүндрэлд орсон, санхүүгийн хүндрэл арилсан тохиолдолд цаашид зээлээ хэвийн төлөх боломжтой байгаа зээлдэгчид олгодог. Манай журмаар зээлийн бүтцийг өөрчлөх боломж нь хязгаартай байдаг. Олон удаа зээлийн бүтцээ өөрчлөх, гэрээндээ өөрчлөлт оруулж байгаа зээлдэгчийн эрсдэл нэмэгдэж байдаг учраас ангиллыг бууруулах шаардлагатай болдог.

Харин энэ зохицуулалтын хүрээнд зээлээ одоогийн гэрээний дагуу төлөхөд хүндрэлтэй байгаа зээлдэгчдээс зээлийн гэрээний хугацаагаа  сунгах, эргэн төлөлтийн хуваариа өөрчлүүлэх нэг удаагийн боломж олгож байгаа юм. Ингэж зээлийн гэрээндээ өөрчлөлт оруулсан тохиолдолд Зээлийн мэдээллийн санд хадгалагдах зээлийн ангилал буурахгүй буюу аливаа өөрчлөлт орохгүй юм.

 Өөрөөр хэлбэл, энэ зохицуулалт хэрэгжихээс өмнө зээлээ хугацаандаа төлж байсан боловч COVID-19-ийн үр дагавараас шалтгаалан цаашид төлбөрийн доголдол үүснэ гэж зээлдэгч үзэх тохиолдолд өөрийн банкандаа хандаж зээлийн хуваариа өөрчлүүлэх хүсэлт тавих боломжтой. Хамгийн гол нь зээлдэгчид шинэ гэрээний дагуу зээлээ тогтмол, хуваарийн дагуу төлж байх нь чухал гэдгийг анхаарах хэрэгтэй юм. Энэ боломжийг зээл авсан аж ахуйн нэгж болон иргэдэд олгож байна” гэв.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top