7 сарын 1-ний шөнө “Монголчууд руугаа бууд” гэж ноён Жорс Сорос мөнгө илгээсэн юм уу

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 14

 


Үймээн дэгдэж эрдэнэт хүний амь үрэгдсэн 2008 оны 7 сарын 1-ний хэргийн талаар УИХ-аас албан ёсны улс төрийн дүгнэлт гаргалгүй бүтэн гурван жил гаруй хугацаа өнгөрөх гэж байна. Энэ хар өдрийг удахгүй бид гашуудалтайгаар тэмдэглэн өнгөрүүлнэ. Улс төрийн дүгнэлт хийж, ард түмнийхээ өмнө мэхийн уучлалт хүсэх нь ардчилсан болоод хүнлэг ёс юм. Харамсалтай нь Дэмбэрэлийн удирдаж буй УИХ-ын 76 гишүүнээс ийм сэтгэлтэй хүн тун цөөн гарч ирэх бололтой. Амаа хамхиад сууж байгаа улс төрчдийг харахаар дэндүү арчаагүй санагдах юм. 7 сарын 1-ний талаар хамгийн сайн хэрүүл хийж байгаа нь харин С.Баяр, Н.Энхбаяр хоёр шив дээ. Нэг нь Ерөнхий сайд, нөгөө нь Ерөнхийлөгч байлаа. Онц байдал тогтоох зарлиг гаргаач хэмээн С.Баяр нь Ерөнхийлөгчөөсөө удаа дараа шаардсан гэдэг. Тэгээд шөнө дөл болох гэж байхад Н.Энхбаяр зарлигаа гарган Онц байдал тогтоосон. Энэ үед Хууль зүй дотоод хэргийн сайдаар Мөнх-Оргил ажиллаж байв. Тэр хожим нь “Онц байдал тогтоомогц ямар ч хууль үйлчлэхээ больчихсон” гэсэн юм яриад явж байв. Юу хэлэх гээд юу хэлж буй юм бол доо. Хууль үйлчлэх эсэх нь хүмүүсээс л шалтгаална.  Ялангуяа Онц байдал зарласан үеийн хуулийн хэм хэмжээ хамгийн сайн биелж байх ёстой байлаа. Үүний хэрэгжилтийг хангах нь Засгийн газрын үүрэг. Өөрөөр хэлбэл С.Баяр, Мөнх-Оргил хоёрын хийх ёстой гол ажил юм. Гэвч тэд ажлаа бүрэн хариуцаж хийгээгүй нь одоо бүр ч ил тод болж байна.  Магадгүй улс төрийн дүгнэлт гаргахгүй байгаагийн учрыг эндээс олж болох болов уу. Гэтэл саяхнаас 7 сарын 1-ний хэргийг Америкийн тэрбумтан Жорс Сорос санхүүжүүлсэн гэж сэм сэмхэн ярьж эхэллээ. Ер нь Жорс Сорос бол дэлхийн олон оронд ардчиллыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг. Мөн ийм шугамаар тэр өөртөө хөрөнгө мөнгө босгож хөлжиж байдаг. Өнгөт хувьсгал хэмээгдэх болсон Болерусь, Украйн, Гүрж зэрэгт ч тэр санхүүжилтээ олгож байсан юм.  Түүнчлэн Африкийн хэд хэдэн улсад үймээн дэгдээсэн “хар” санхүүжилтийг хийсэн гэж хардагдаж байв. Манайд 1990-ээд оноос “Соросын сан” гэгч төрийн бус байгууллага байгуулсан. Энэ байгууллага ихэвчлэн ардчиллыг төгс ялалтанд хүргэх, сайн засаглалыг тогтоон бэхжүүлэх, улс төрийн цэвэр, эрүүл саруул орчинг бий болгох, иргэний байгууллагуудыг хүчирхэгжүүлэх талаар судалгаа арга зүйн олон чухал арга хэмжээ зохион байгуулсаар ирсэн юм. Дараа нь энэ байгууллагын суурин дээр хоёр гурван жилийн өмнөөс “Нээлттэй нийгэм форум” үйл ажиллагаагаа явуулж байна. “Соросын сан”-д одоогийн ИЗ-НН-ын дарга Д.Энхбат ажиллаж байлаа. Тэрээр телевизийн “форум” нэвтрүүлэг хөтөлж олны танил болсон. Тэгвэл үнэхээр 7 сарын 1-нд ноён Жорж Сорос манай зарим нам, иргэний холбоо хөдөлгөөнийг санхүүжүүлсэн үү.  Магадгүй л юм. Гэхдээ ямар зорилготой байв. Тэр Д.Энхбаттай өөртэй нь холбогдож байв уу. Эсвэл таван хүн бууд гэж С.Баярт мөнгө өгсөн юм уу. Энэ мэт олон асуулт гарч ирнэ. Гэвч эцсийн дүнд түүний санхүүжилт тийм чухал гэж үү. Аливаа сайн муу бүх л ажил мөнгөөр  явагддаг. Харин 7 сарын 1-нд арчаагүй царайлан Онц байдал тогтоосон үеийн дэглэмийг сахиулж, иргэдийнхээ амьд явах эрх, эрх чөлөөг хангаагүй Засгийн газрын тэргүүн ямар ч хариуцлага хүлээлгүй үлдэх хэрэг үү. С.Баяр одоо энэ хэргийг аль болох саармагжуулахыг хичээж байгаа нь илэрхий боллоо. Түүнд Жорж Сорос сонирхолтой санагдсан бололтой. Аягүй бол Жорос Сорос намайг алуулах гэж иргэний хөдөлгөөнүүдийг санхүүгээр тусалсан гэж нэг өдөр шуугиан тариад сууж байж мэдэх нь ээ. Сонгуулийн луйвраа хаацайлж үлдэхийн тулд С.Баярын толгойд юу ч орж ирж магадгүй  болж байна. Жорс Сорос бол ардчиллын үйл хэргийг санхүүжүүлснийхээ  төлөө өөртөө ашиг олдог хүн. Тэр 7 сарын 1-нд манайхны бухимдаад байгаа улс төрийн хуйвалдаан, сонгуулийн луйврын эсрэг чиглэсэн иргэний дуу хоолойг дэмжсэн байж болох л байх. Ингэснийх нь буруу гэж байхгүй болов уу. Харин буу шагайж хүн буудсан этгээдүүдийг бол санхүүгээр дэмжээгүй биз. Ялгаа нь үүндээ л байгаа.  

Б.Отгонбаяр

 Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top