МАН мөрийн хөтөлбөрөө баталж, сонгуульд дангаараа оролцох шийдвэр гаргалаа

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 24

Монгол Ардын Намын Бага хурал өчигдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдаж мөрийн хөтөлбөрөө баталж, цаг үеийн асуудлуудаа хэлэлцэв.

Сонирхуулахад, МАН ирэх зургадугаар сард болох УИХ-ын сонгуульд аль нэг улс төрийн хүчинтэй эвсэл байгуулалгүй дангаар оролцох шийдвэр гаргасан байна. Онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Бага хурлын гишүүд 21 аймаг есөн дүүргийн нийт 38 байршилд хуваагдан цахимаар хуралд оролцсон юм.

УИХ-ын сонгуулийн тухай хуулиар намууд гуравдугаар сарын 25-ны дотор Үндэсний аудитын газар мөрийн хөтөлбөрөө хүргүүлэх учиртай. Хурлын үеэр МАН-ын мөрийн хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Мөрийн хөтөлбөр мөрөөдлийн жагсаалт биш байх ёстой. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл мөрийн хөтөлбөрт ач холбогдол өгөхгүйгээр нэр дэвшигч болон сонгуулийн компанит ажилд ач холбогдол өгөөд хэрэгждэггүй мөрийн хөтөлбөртэй Засгийн газрууд явж ирсэн нь өнгөрсөн 30 жилийн сургамж гэж хэлж болно.Үүнийг таслан зогсоохын тулд өнгөрсөн нэг жилийн хугацаанд "Алсын хараа-2050" урт хугацааны хөтөлбөрийг боловсруулсан. Энэхүү урт хугацааны төслийг улс төрийн бүх намуудад хүргэсэн.

Тэгэхээр энэ удаагийн мөрийн хөтөлбөрүүд тооцоо судалгаан дээр үндэслэсэн байх болов уу гэж найдаж байна. Ирэх дөрвөн жилийн хувьд хоёр үндсэн нөхцөл байдлыг харгалзан үзэх шаардлагатай болж байгаа. Нэгдүгээрт, коронавирус дэлхийн эдийн засагт хурдацтай нөлөөлж байна. Үндсэндээ уналт урт хугацаанд үргэлжлэхээр болчихлоо. Хамгийн түрүүнд аялал жуулчлал, агаарын тээврийн салбар, жижиг, дунд үйлдвэрлэгчид уналтад өртөх нь тодорхой болж байна. Үүнийг харгалзан үзэх шаардлагатай болсон. Хоёрдугаарт, маш их хэмжээний гадаад өртэй байгаа. 2021 онд “Мазаалай” бондын 500 сая, 2022 онд “Чингис” бондын нэг тэрбум, 2023 онд “Гэрэгэ” бондын 800 сая, 2024 онд “Хуралдай” бондын 600 сая ам.долларын зээлийн эргэн төлөлтийг хийхээр байна. Тийм учраас мөрийн хөтөлбөр популист амлалтаас зайлсхийсэн, өрийн дарамтаас гарах чиглэлтэй байх ёстой.

Монгол Ардын Намын энэ удаагийн мөрийн хөтөлбөр үндсэндээ дундаж орлоготой иргэдийг дэмжихэд чиглэх бөгөөд банкны зээлийн хүүг бууруулах реформ, орон сууцжуулах хөтөлбөр багтсан. Орон сууцыг тасралтгүй барьсаар байгаа ч гэсэн орон сууцны үнэ зорилтот бүлэг худалдан авах боломжтой түвшинд очихгүй байна. Тийм учраас Сингапурын хуримтлалын нэгдсэн тогтолцоог нэвтрүүлэх асуудлыг мөрийн хөтөлбөрт тусгасан. Нийгмийн даатгал төлж байгаа иргэн бүхэн орон сууцанд орох, түүнд нь төр оролцохоор байна. Тодруулбал, 50 ам.метр талбайтай байрыг залуу гэр бүл болон гэр хорооллоос орон сууцанд орох тохиолдолд цемент, арматурыг тэглээд, төрийн орон сууцны корпорацыг оролцуулаад, зах зээлийн үнэлгээг бууруулах том хөтөлбөр багтсан. Нийгмийн ардчилсан үзэлтэй МАН-ын хувьд эрүүл мэнд, боловсролын асуудал анхаарал татсан хоёр чухал багана гэж ойлгож болно.

Эрүүл мэндийн салбарт оношилгоог нэгдсэн стандартад оруулах том зорилт дэвшүүлж байгаа. Тодруулбал, иргэн жилд нэг удаа заавал оношилгоо хийлгэж хавдар болон бусад өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг болох гэх мэт. Боловсролын хувьд тогтолцооны реформууд хийгдэхээр байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр тулгуурлах 52 хууль байгаа. Тэдгээрийн дотор улс төрийн намуудын хариуцлагыг нэмэгдүүлэх, мөрийн хөтөлбөрийг урт хугацаагаар төлөвлөх, төрийн албан хаагчдыг тогтвортой ажиллуулах үндсэн зорилтууд тавигдсан. Төвлөрлийг сааруулах том цогц бодлого орж байгаа. Мөрийн хөтөлбөрийн таван үндсэн бүлэг дээр товч тайлбар хийхэд ийм байна” гэжээ.

Мөн “Орлогыг нэмэгдүүлэхийн тулд мега төслүүдтэй холбоотой зорилтууд мөрийн хөтөлбөрт орсон. Төмөр замын төслүүдийг хэрэгжүүлнэ. Нүүрс болон зэсээ нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгож экспортолно. Мөн Энэтхэг рүү нүүрс экспортолж, хоёр гарцтай болох зорилтуудыг багтаасан. Уул уурхай дээр нэмээд таван эдийн засгийн салбарыг дэмжинэ. Түүн дээрээ татвар болон нийгмийн даатгалын дэмжлэгтэйгээр төр, хувийн хэвшил яаж орох уу, гаднын хөрөнгө оруулагчид, баялаг бүтээгчидтэй холбоотой тодорхой зорилтууд дээр төр юу хийх вэ, хувийн хэвшил юу хийх вэ гэдгийг тодорхой заасан зорилтууд орсон” гэсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.169.108) 2020 оны 03 сарын 25

Энэ удаа МАН-ыг дэмжиж Хүрэлсүх сайдыг дахиад нэг 4 жил Ерөнхий сайдаар ажиллуулж хармаар л байна шүү.

0  |  0
Top