Н.Батжин: Зээлээ хэвийн төлж байгаа зээлдэгчийн хувьд цаашид гэрээний дагуу зээлээ төлөх нь зүйтэй

2020 оны 03 сарын 24

Коронавирусний эрсдэлээс сэргийлэх хүрээнд хөл хорио тогтоож буй нь бизнесийн үйл ажиллагаа зогсох, иргэд, ажилчдын цалин орлого тасалдаж, улмаар зээлийн үүргээ хугацаандаа төлөх боломжгүйд хүрч, энэ байдал цаашид тодорхой хугацаагаар үргэлжлэх төлөвтэй байна. Түүнчлэн шинээр үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан хугацаа хэтэрсэн зээл нэмэгдэх хандлагатай болсныг Монголбанкны ОНБМТ-ийн ахлах эдийн засагч Н.Батжин хэлж байна.

Сүүлийн нэг сарын хугацаанд хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ 12.4 хувиар өссөн. Тиймээс зээлийн эргэн төлөлтийн доголдол үүссэн зээлдэгчдийн зээлийн ангиллыг түр хугацаанд бууруулахгүй байх, зээлийн түүхийг дордуулахгүй байхаар банкуудад мөрдүүлж буй холбогдох журмын нөхцөл шаардлагыг түр хугацаанд түдгэлзүүлэх арга хэмжээ аваад байгаа юм. Энэ нь зээлээ төлөхгүй гэсэн үг биш гэдгийг албаны хүн сануулж байна. 

Коронавируснээс сэргийлэх хөл хорионоос үүдэлтэйгээр зээлийн эргэн төлөлтөө гэрээнд заасан хугацаандаа төлж чадахгүй нөхцөл байдалд орсон зайлшгүй шалтгаантай иргэдийг Зээлийн мэдээллийн сангийн  хугацаа хэтэрсэн ангилалд орохгүй байх боломжийг журмаараа 15 хоног байсныг 90 хоног болгон сунгаж өгсөн шийдвэр нь зээлтэй хүн болгонд хамаарагдах арга хэмжээ биш.

Хэрвээ таны орлого тасалдаагүй хэвийн бол зээлийн гэрээнд заасан үүргээ хангаж, цаг хугацаандаа зээлээ төлнө гэсэн үг. Зээл олгосон банкинд зээлдэгчийн мэдээлэл дэлгэрэнгүй байгаа учраас банк орлого нь хэвийн, хэвийн бус гэдгийг нь асуудалгүй тодорхойлох боломжтой байдаг. Тиймээс энэ шийдвэрийг зээлдэгч нэг бүрт олгож байгаа боломж гэж ойлгож болохгүй гэдгийг Монголбанкны зүгээс  тайлбарлаж байгаа юм.

Зээлийн ангилал, эргэн төлөлтөд түр хугацаанд өөрчлөлт оруулах шийдвэрийн талаар Монголбанкны ОНБМТ-ийн ахлах эдийн засагч Н.Батжин дараах тодруулгыг өгч байна.


Уг шийдвэр гаргах болсон шалтгаан, нөхцөл байдлын талаарх мэдээллийг юуны өмнө өгнө үү. Тодруулбал, COVID-19 вирусний  тархалттай холбоотойгоор зээлдэгчдийн зээлийн эргэн төлөлтүүд хэрхэн доголдож байгаа вэ, өмнөх оны энэ үетэй харьцуулахад байдал ямархуу байгаа вэ?

COVID-19-ийн хүрээнд хийгдэж буй хөл хориотой холбоотойгоор бизнесийн үйл ажиллагаа зогсох, иргэд, ажилчдын цалин орлого тасалдаж, улмаар зээлийн үүргээ хугацаандаа төлөх боломжгүйд хүрч, энэ байдал цаашид тодорхой хугацаагаар үргэлжлэх төлөвтэй байна.

Өмнөх онуудтай харьцуулахад зээлийн эргэн төлөлтийн үзүүлэлтүүд, ялангуяа чанаргүй зээлийн хувь хэмжээ харьцангуй тогтвортой байсан. Гэтэл шинээр үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан хугацаа хэтэрсэн зээл нэмэгдэх хандлагатай болсон.

Үүнтэй холбоотойгоор зээлийн эргэн төлөлтийн доголдол үүссэн зээлдэгчдийн зээлийн ангиллыг түр хугацаанд бууруулахгүй байх, зээлийн түүхийг дордуулахгүй байхаар банкуудад мөрдүүлж буй холбогдох журмын нөхцөл шаардлагыг түр хугацаанд түдгэлзүүлэх арга хэмжээ аваад байна.

Ялангуяа, зээлийн эргэн төлөлтийн хугацаанд өөрчлөлт оруулсан шийдвэрийн талаарх мэдээллийг тодруулах шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, зээлээ төлж чадахгүй болсон хүн хэрэглээний зээлээ гурван сараар хоцрооход алданги, торгууль төлөхгүй юм байна. Эсвэл зээлээ төлөхгүй байх бодолтой нэгэн ч байна. Энийг тайлбарлаж өгнө үү?

Товчхондоо энэхүү арга хэмжээ нь өмнө нь зээлээ хэвийн төлөөд явж байсан зээлдэгчид COVID-19-ийн тархалттай холбоотойгоор үүссэн өр, төлбөрийн дарамтыг түр хугацаагаар хойшлуулж байгаа арга хэмжээ юм. Энэ нь Зээлийн мэдээллийн санд “Чанаргүй” ангилалд бүртгэгдэх хугацааг түр хойшлуулж байгаа болохоос иргэдийг зээлээ төлөхгүй байж болно гэж байгаа юм биш.  Зээлдэгчийн зээлийн үүрэг нь хэвээр үлдэх тул зээлийн гэрээний дагуу зээлээ төлөх боломжтой байгаа иргэд маань зээлээ төлж байх нь зүйтэй юм. Харин үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор түр хугацаанд зээлийн төлөлт доголдох тохиолдолд зээлийн мэдээллийн санд “Чанаргүй” буюу “Хугацаа хоцролттой” гэж бүртгэхгүйгээр уртасгасан хугацаанд багтаан зээлийн үндсэн өр, хүүгийн төлбөрөө төлөх боломжийг иргэдэд олгож байгаа.

Монголбакнаас авч хэрэгжүүлж байгаа энэхүү арга хэмжээ нь чухам ямар нөхцөл байдалтай зээлдэгчид хамаарах вэ?

Энэ зохицуулалт гарахаас өмнө 90 хоног хүртэл хугацаа хэтэрсэн зээлтэй байсан зээлдэгчдэд голчлон хамаарч байгаа. Тухайлбал, зохицуулалт үйлчлэх өдрийн байдлаар 30 хоногоор хугацаа хэтрүүлсэн зээлтэй байгаа иргэний хувьд Зээлийн мэдээллийн санд “Анхаарал хандуулах” буюу хугацаа хэтэрсэн зээлээр бүртгэгдэж байсан бол ирэх 60 хоногтоо багтаан хоцроосон зээлээ төлөх боломжийг олгож байгаа бөгөөд энэ хугацаанд “Хэвийн” ангиллаар Зээлийн мэдээллийн санд бүртгэнэ. Нөгөө талаас огт хугацаа хэтрүүлэлгүй зээлээ төлж байгаа зээлдэгчийн хувьд гэрээний дагуу зээлээ төлөх нь зүйтэй. Гэхдээ зохицуулалт үйлчлэх хугацаанд COVID-19-ийн үр дагавараас шалтгаалан цаашид зээлээ хоцроож төлөх нөхцөл үүссэн тохиолдолд зээл хоцорсон өдрөөс эхлэн 90 хоног буюу 3 сарын хугацаанд багтаан зээлээ төлөх тохиолдолд Зээлийн мэдээллийн санд “Хэвийн” буюу сайн ангиллаа хадгалах боломжтой юм. Өөрөөр хэлбэл, 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар тухайн иргэн маань аль цөөн хоногоор зээлийн хугацаагаа хэтрүүлсэн байна, төдий чинээ хоцорсон зээлээ төлөх хугацаа, боломж ихтэй гэж ойлгож болно. Энэхүү зохицуулалт нь хэрэглээний зээлтэй буюу голчлон иргэнд олгосон орон сууц, цалин, тэтгэвэр болон бусад аж ахуйн шинж чанартай санхүүжилтийн зориулалттай зээлтэй зээлдэгчдэд хамаарна.  

Энэ шийдвэрийн хүрээнд бизнесийн зээлд бүтцийн өөрчлөлт хийнэ гэж тайлбарлаж байсан шүү дээ. Чухам ямар өөрчлөлт хийгдэх бол илүү тодорхой тайлбарлаж өгнө үү?

Зээлийн бүтцийг өөрчилнө гэдэг нь зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулахыг ойлгодог. Энэ зохицуулалтыг ихэвчлэн түр хугацааны санхүүгийн хүндрэлд орсон, санхүүгийн хүндрэл арилсан тохиолдолд цаашид зээлээ хэвийн төлөх боломжтой байгаа зээлдэгчид олгодог. Манай журмаар зээлийн бүтцийг өөрчлөх боломж нь хязгаартай байдаг. Олон удаа зээлийн бүтцээ өөрчлөх, гэрээндээ өөрчлөлт оруулж байгаа зээлдэгчийн эрсдэл нэмэгдэж байдаг учраас ангиллыг бууруулах шаардлагатай болдог.

Харин энэ зохицуулалтын хүрээнд зээлээ одоогийн гэрээний дагуу төлөхөд хүндрэлтэй байгаа зээлдэгчдээс зээлийн гэрээний хугацаагаа  сунгах, эргэн төлөлтийн хуваариа өөрчлүүлэх нэг удаагийн боломж олгож байгаа юм. Ингэж зээлийн гэрээндээ өөрчлөлт оруулсан тохиолдолд Зээлийн мэдээллийн санд хадгалагдах зээлийн ангилал буурахгүй буюу аливаа өөрчлөлт орохгүй юм. Өөрөөр хэлбэл, энэ зохицуулалт хэрэгжихээс өмнө зээлээ хугацаандаа төлж байсан боловч COVID-19-ийн үр дагавараас шалтгаалан цаашид төлбөрийн доголдол үүснэ гэж зээлдэгч үзэх тохиолдолд өөрийн банкиндаа хандаж зээлийн хуваариа өөрчлүүлэх хүсэлт тавих боломжтой. Хамгийн гол нь зээлдэгчид шинэ гэрээний дагуу зээлээ тогтмол, хуваарийн дагуу төлж байх нь чухал гэдгийг анхаарах хэрэгтэй юм.

Энэ боломжийг зээл авсан аж ахуйн нэгж болон иргэдэд олгож байна.

Зээлийн хугацааг хойшлуулснаар банкинд үүсч болох эрсдэлийг хэрхэн зохицуулах вэ?

Мэдээж зээлдэгчээс зээлээ төлөх хугацааг сунгана гэдэг нь банкуудад учрах эрсдэлийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлж байгаа. Гэхдээ Монголбанкны зүгээс банкуудад мөрдүүлж буй журам, зохицуулалтын хүрээнд түр хугацаанд уян хатан хандах байдлаар банкуудад хөнгөлөлт үзүүлж байгаа. Тухайлбал, дээр дурдсан ангилал бууруулах хугацааг уртасгахтай холбоотойгоор банкнаас байгуулах зээлийн эрсдэлийн сангийн зардал буурах боломжтойгоос гадна, хөрвөх чадвар болон өөрийн хөрөнгийн хүрэлцээтэй холбоотой зарим шаардлагыг бууруулах, хэрэгжүүлэх хугацааг хойшлуулах нөхцөлийг бүрдүүлж байна.

Хэрэгжих хугацааны хувьд 1 сарын 31-ээс 7 сарын 31 гэж заасан нь ямар учиртай вэ?

Энэ зохицуулалт хэрэгжих хугацаа гэж ойлгож болно. 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл иргэдийн зээлийн ангиллын хөнгөлөлт үйлчилнэ. 

 

Тодруулга өгсөнд баярлалаа.

ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛБАНК

 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
urgrn(202.55.188.46) 2020 оны 03 сарын 25

лхагвасүрэн нь хүссэн зээлдэгч нар зээл зээлийн хүүгээ төлөхгүйгээр 90 хоног хойшлуулж болно гэж хэлсэн одоо энэ нэг эргүү хэл муутай тультраа юм гарч ирээд юу гээд худлаа хуцаад байгаа юм бэ лхагвасүрэн чиний хэлсэн үгийг гуйвуулаад байна

1  |  0
Монгол(202.126.89.194) 2020 оны 03 сарын 25

Монгол банк ч дээ. Үнэн мэдрэмжгүй гэдгээ харууллаа. Ер нь санхүүгийн зах зээл дээр арилжааны банкнаас бусад сектор, бусад хэрэгсэлүүдийг хөгжүүлж байж энэ хөлдүүнүүдийг хална.

1  |  0
hudalch man(182.160.33.154) 2020 оны 03 сарын 25

tsartsaasan gej sangiin said shaaaagaad baisan maniusdaa boov umhuulseer, odoo bugdeeree bosoj jagsah l uldejdeee, zeelee tuluh buu hel, hooloo avah mungu alga

1  |  0
Болжмор(66.181.161.44) 2020 оны 03 сарын 25

Ямар ч өөрчлөлт алгаа. Дэмий зүйл байна. \n

1  |  0
Bayrtbilegmaa(66.181.161.36) 2020 оны 03 сарын 25

Zeelee tur hoish taviad sungaad ogoochee geedl bgaa tegehees tolohgyu gej bodoogyi ene humuust boditoi bmaar bn tur hoishluulaad humuus sehel avah heregtei bn geedl gyigaad bgaa yum shuu dee ard irged

1  |  0
Зочин(66.181.177.185) 2020 оны 03 сарын 25

Зочин: Хугацаа хэтрүүлэлгүй зээлээ төлж чадахгүй байгаа зээлдэгчийн хувьд гэрээний дагуу зээлээ төлж чадахгүй байх нь зүйтэй

1  |  0
Top