Байр, цалингийн амлалттай мөрийн хөтөлбөрүүд аудитын ширээнд очлоо

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 25

УИХ-ын Сонгуулийн тухай хуульд заасны дагуу нам, эвслүүд гуравдугаар сарын 25-ны дотор мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүлээлгэж өгөх ёстой. Үүний дагуу зарим нам, эвслүүд өчигдөр мөрийн хөтөлбөрөө хүлээлгэн өгсөн юм.


МАН: Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг бол орон сууцанд орох боломжийг бүрдүүлнэ

Тус намыг төлөөлж Үндэсний аудитын газарт МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн ахлагч Л.Оюун-Эрдэнэ, ажлын хэсгийн нарийн бичгийн дарга, УИХ дахь МАН-ын ажлын албаны дарга Н.Энхтайван, УИХ-ын гишүүн Я.Содбаатар нар очсон юм. МАН-ын мөрийн хөтөлбөрийг нэг жилийн хугацаанд 1500 гаруй эрдэмтэн судлаач оролцон боловсруулсан бөгөөд төрийн болон ТББ, хувийн хэвшлээс давхардсан тоогоор нийт 302 мянган иргэн санал өгсөн аж. Намын удирдлагуудынх нь хэлж байгаагаар бол тус мөрийн хөтөлбөр Засгийн газраас УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн бариад байгаа “Алсын хараа 2050” хөтөлбөртэй уялдсан гэнэ. Түүнчлэн дэлхий даяар тархаж байгаа коронавирусний давагдашгүй хүчин зүйл эдийн засагт хэрхэн нөлөөлөх, ирэх жилүүдэд төлөгдөх өрүүдийн асуудлыг ч бодолцсон гэж байгаа. Мэдээж, мөрийн хөтөлбөрийг бүхэлд нь үнэлж үзнэ гэвэл бүтэн ном байгаа нь дамжиггүй. Тэгээд ч ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ намынхаа мөрийн хөтөлбөрийг Үндэсний аудитын газарт өргөн барьсныхаа дараа хэвлэлд мэдээлэл өгөхдөө “Орлогын тэгш бус байдлыг яаж багасгах уу гэдэгт МАН анхаарал хандуулж ажилласаар ирсэн. Цаашдаа ч гэсэн уг асуудалд яаж засах уу гэдэг аргачлал тал дээр илүүтэй анхаарна. Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоо руу орох, засаглалын шинэчлэл хийх гэх мэт зүйл дээр үндэслэсэн мөрийн хөтөлбөрөө хуулийн дагуу Аудитын ерөнхий газарт өргөн барьж байна. Одоогоор мөрийн хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй ярих боломжгүй. Сонгуулийн сурталчилгаа нээгдэх үед гарын авлага байдлаар олон нийтэд хүрнэ” гэсэн байна лээ. Харин өнгөрсөн даваа гарагт онлайнаар хуралдсан МАН-ын Бага хурлын үеэр тэрээр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “МАН-ын энэ удаагийн мөрийн хөтөлбөр үндсэндээ дундаж орлоготой иргэдийг дэмжихэд чиглэх бөгөөд банкны зээлийн хүүг бууруулах реформ, орон сууцжуулах хөтөлбөр багтсан. Орон сууцыг тасралтгүй барьсаар байгаа ч гэсэн орон сууцны үнэ зорилтот бүлэг худалдан авах боломжтой түвшинд очихгүй байна. Тийм учраас Сингапурын хуримтлалын нэгдсэн тогтолцоог нэвтрүүлэх асуудлыг мөрийн хөтөлбөрт тусгасан. Нийгмийн даатгал төлж байгаа иргэн бүхэн орон сууцанд орох, түүнд нь төр оролцохоор байна. Тодруулбал, 50 ам.метр талбайтай байрыг залуу гэр бүл болон гэр хорооллоос орон сууцанд орох тохиолдолд цемент, арматурыг тэглээд, төрийн орон сууцны корпорацыг оролцуулаад, зах зээлийн үнэлгээг бууруулах том хөтөлбөр багтсан. Нийгмийн ардчилсан үзэлтэй МАН-ын хувьд эрүүл мэнд, боловсролын асуудал анхаарал татсан хоёр чухал багана гэж ойлгож болно” гэж байсан билээ.

АН: Иргэдийн дундаж цалинг гурван сая төгрөгт хүргэнэ

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд эрх баригч МАН-ын сэлгээнд байсан манай томоохон улс төрийн хүчин бол Ардчилсан нам. Тус намыг төлөөлж УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дэд дарга З.Нарантуяа, Ерөнхий сайд асан, Ардчилсан намын дэд дарга Р.Амаржаргал нарын хүмүүс өчигдөр Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө өргөн барив. Тэдний хувьд баялаг бүтээгчдээ дэмжих чиглэлийг нэлээд анхаарсан аж. Ерөнхийдөө АН нь чөлөөт зах зээлийн эдийн засгийг дэмжсэн баруун төвийн үзэл баримтлал бүхий намын хувьд монгол өрх, өрхийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд чиглэсэн “Монгол өрх хөгжлийн бодлого” мөрийн хөтөлбөрийг намын бүх шатны байгууллагуудаараа хоёр жилийн хугацаанд хэлэлцүүлж, нийт 20 мянга гаруй иргэний саналыг авч мөрийн хөтөлбөртөө тусгаснаараа онцлог гэнэ. Өрхийн эдийн засгийг дэмжих арга замаар дундаж давхаргын нийгэмд эзлэх “жин”-г нэмэгдүүлэх, ядуурлыг эрчимтэй бууруулах, баялгийн хуваарилалтыг тэгшитгэх, өрхийн үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэг нийгмийн захиалгатай олон асуудал мөрийн хөтөлбөрт нь багтаж байгаа тухай тус намынхан хэлж байгаа. Аудитын газарт мөрийн хөтөлбөр хүргүүлсэнтэй холбоотойгоор АН-ын дэд дарга З.Нарантуяа “Бид монгол айл өрх бүрийн амьдралын чанарт эрс өөрчлөлт гаргаж, өсөлтийг авч ирэх хөгжлийн хөтөлбөр гэж тодорхойлж байгаа. Бүтээдэг, сэтгэдэг, хийдэг хэсгээ дэмжинэ. Монголын төр байгалийн баялагаа түүхийгээр нь экспортолдог биш үйлдвэрлэдэг орон болохын төлөө хөгжлийн загвараа тодорхойлсон. Эдийн засгийн өсөлтөд хамгийн том хувь нэмрээ оруулдаг баялаг бүтээгчид буюу жижиг дунд үйлдвэрлэлээ түлхүү дэмжинэ. Эцэст нь монгол өрх болгоныг дэлхийн дундаж орлоготой болгоход чиглэсэн. Ингэснээр иргэдийн дундаж цалин, бодит орлогыг гурван сая төгрөгт хүргэнэ. Иргэдийг үнэгүй орон сууцаар хангахыг урьтал болгохгүйгээр өөрийнхөө хөдөлмөрийн үр шимээр хамгийн тохилог орон сууцыг худалдан авах орлогыг бий болгож өгнө” гэжээ. Харин Ардчилсан намын дэд дарга Р.Амаржаргал “Үндэсний аудитын байгууллага хуулиараа тав хоногийн дотор хуульд нийцсэн эсэхийг үзэж, харчихаад шаардлага хангасан эсэхийг мэдэгдэнэ. Тэр бүхний дараагаар бид намынхаа мөрийн хөтөлбөр дотор хөгжлийн ямар бодлого багтсан талаар дэлгэрэнгүй ярьж болно. Бид хөгжлийн бодлогынхоо төвд өрх гэрийг тавьж байна. Бид Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох хууль тогтоомж, хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн намынхаа мөрийн хөтөлбөрөө боловсруулж, гардуулж байна. Манай намын Үндэсний бодлогын хорооноос хоёр удаа цахим хурал хийж, нийт 90 гаруй хувийн ирцтэйгээр оролцож, мөрийн хөтөлбөрөө баталсан” гэжээ.

МАХН: Өрх бүр орон сууцтай, дундаж цалинг таван сая төгрөгт болгоно

МАХН болон ИЗНН, МУНН хамтран ажиллаж, 2020 оны УИХ-ын сонгуульд “Та бидний эвсэл” байгуулан оролцох тухайгаа өмнө нь мэдээлж байсан. Тус эвслийнхэн ч өчигдөр Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө албан ёсоор гардуулан өгсөн юм. МАХН-ын хувьд өнгөрсөн жилээс эхлээд үнэгүй орон сууцаар иргэдийг хангах, Шинэ Дээд Үндсэн хуулийн төсөл боловсруулах гэх зэрэг үйл ажиллагаагаараа олны анхаарлыг татах болсон. Боловсрол, эрүүл мэндийн чанартай хийгээд үнэгүй үйлчилгээ үзүүлдэг болгох, уул уурхайн ашиг орлогыг ард нийтээрээ хүртэх зэрэг нь угаас тус үргэлж ярьдаг зүйл билээ. Үндэсний аудитын газарт тус эвслийн мөрийн хөтөлбөрийг өргөн барьсаны дараа МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ “Хуулийн дагуу намынхаа мөрийн хөтөлбөрийг гардуулахаар хүрэлцэн ирээд байна. МАХН, ИЗНН, МУНН хамтран “Та бидний эвсэл” нэртэйгээр нэгдэж, мөрийн хөтөлбөрөө боловсрууллаа. Монгол хүний цалингийн дундаж хэмжээг таван сая төгрөгт хүргэхээр мөрийн хөтөлбөртөө тусгасан. Эдийн засгийн хүндрэл тооцоог маш сайн хийсэн. Бид сонгууль зарлагдахаас ч өмнө бүтэн гурван жил мөрийн хөтөлбөрөө боловсруулж, эрдэмтэн, судлаачдын дунд хэлэлцүүлж явсан.  Товчхондоо, Монголын гурван баялаг гэж байх ёстой гэж хөгжлийн бодлогоо тодорхойлсон. Нэгдүгээрт, өргүй монгол хүн эх орныхоо баялаг нь байх ёстой. Хоёрдугаарт, өрх бүр орон сууцтай байх ёстой. Гуравдугаарт, шударга төр Монголын баялаг байх ёстой. Ийм гурван нандин холбоог бид мөрийн хөтөлбөртөө тусгасан. Ингэснээр өрөнд орохооргүй цалин орлоготой иргэдийг бий болгож, өрхийн хувьд орон сууцаар хангагдсан аюулгүй орчинд амьдрахыг хүсч байна. Харин төрийн хувьд авлигаас ангид байж, шударгаар ард түмэндээ үйлчилж чаддаг байх ёстой. Энэ бүгд дөрвөн жилийн дотор биелэх бүрэн боломжтой зорилтууд байгаа” гэжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(192.82.68.61) 2020 оны 03 сарын 25

Ийм амлалтуудыг хулээж авдаггүй болох нэрэгтэй харин ес зүй монголоо гэсэн сэтгэлтэй авилга хээл хахуул баялгаа үнэгүйдуулж байгаа хүмуустэй тооцох хариуцлагыг шинэ шатанд гаргаж ирвэл улс орон хөгжиө гэдгийг ард тумэн мэддэг болсон шүү

0  |  0
zochin(66.181.168.131) 2020 оны 03 сарын 25

ene buteshgui zarim amlaltiin boliulj boldogui ymuu duraaraa amlalt ugch baigaanshuu

0  |  0
Haha(59.153.115.58) 2020 оны 03 сарын 25

Hoho

0  |  0
Top