КОВИД-19 | Дэлхийн 40 Төв банк Бодлогын хүүгээ БУУРУУЛЛАА

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 03 сарын 31

Коронавирусний тархалтын улмаас дэлхийн эдийн засаг энэ онд хүндрэлтэй нүүр тулна гэдэгтэй олон улсын байгууллагууд, шинжээчид санал нийлж байна.

Сүүлийн нэг долоо хоногт гэхэд дэлхийн 40 Төв банк Бодлогын хүүгээ бууруулах шийдвэр гаргасныг шинжээчид онцолж байгаа юм.

Төв банкуудын авч хэрэгжүүлж буй бодлогуудаас дурдвал, Английн Төв банк энэ сарын 12-ны өдөр бодлогын хүүгээ 0.5 нэгж хувиар бууруулсан бол найм хоногийн дараа дахин 0.15 нэгж хувиар бууруулж, бодлогын хүүний түүхэн доод түвшин буюу 0.1 хувьд хүргэжээ. 

Европын Төв банк коронавирустэй тэмцэх бодлогын хүрээнд нэмэлт 750 тэрбум еврогийн үнэт цаас худалдаж авах шийдвэрийг энэ сарын 18-ны өдөр гаргаснаар энэ онд худалдан авах бондын дүн 1.1 их наяд еврод хүрээд байна.

Японы Төв банк энэ сарын 19-ний өдөр хүлээлтийг намжаах зорилгоор 1 их наяд иен буюу 9.2 тэрбум ам.доллараар Засгийн газрын бонд худалдан авахаар шийдвэрлэлээ.

АНУ-ын Холбооны нөөцийн банкнаас зах зээлд хөрвөх чадварын эрсдэл болон зээлийн тасалдал үүсэхээс сэргийлэх зорилгоор зээлийн тусгай сан байгуулж, гуравдугаар  сарын 20-ноос эхлэн арилжааны банк болон яаралтай бэлэн мөнгө шаардлагатай санхүүгийн байгууллагад хөнгөлөлттэй зээл олгож эхлээд байна. 

 

Top