Зүүнбаянгийн төмөр замын суурь бүтцийн ажил хугацаанаас өмнө дуусна гэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 03 сарын 31

Ерөнхийлөгч Х.Баттулга, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нар өнгөрөгч амралтын өдрүүдэд Дорноговь, Өмнөговь аймгуудад ажиллаж, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын трассын дагуу барилгын ажлын явцтай танилцан, үүрэг чиглэл өгчээ.

Тус бүтээн байгуулалтын суурь бүтцийн ажилд өнөөдрийн байдлаар Зэвсэгт хүчний 10 гаруй анги нэгтгэл, туслан гүйцэтгэгчээр дотоодын 56 аж ахуй нэгж, нийт 2300 гаруй хүн хүч, 1300 нэгж техник ажиллаж байна.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын ажил бол монголчууд өөрсдийн хүчээр бүтээн босгож чадаж байгааг харуулсан тод жишээ хэмээн онцлов.

Мөн энэхүү төмөр зам ашиглалтад орсноор трассын дагуух Цагаан суварга, Хармагтай зэрэг стратегийн 30 гаруй том орд эдийн засгийн эргэлтэд орж, монголчууд үр өгөөжийг нь хүртэх боломж бүрдэнэ гэдгийг тэмдэглэлээ.

Алба хааж буй цэргүүдтэй уулзаж, санал сэтгэгдлийг нь сонссон бөгөөд цэргүүд эр орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцож, халагдаад явахдаа мэргэжлийн чиг баримжаатай, тодорхой хэмжээний мөнгөн хуримтлалтай харих боломжтой цаг үед цэргийн алба хааж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа уламжилж байсан юм.

Дорноговь аймгийн Зүүнбаян талаас Зэвсэгт хүчний анги суурь бүтэц, хиймэл байгууламжийг гүйцэтгэж байгаа ба одоогоор ажлынхаа 80 гаруй хувийг хийж, төлөвлөгөөт хугацаанаас өмнө дуусгахаар ажиллаж байна гэж ЗТХЯ мэдээллээ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top