Азийн хөгжлийн банк Монголд нэг сая ам.долларын БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ олгоно

2020 оны 03 сарын 31

Шинэ төрлийн коронавирус (COVID-19)-аар үүсгэгдсэн цар тахлын эсрэг  хэрэгжүүлж буй Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг дэмжих зорилгоор Азийн хөгжлийн банк (АХБ) нэг сая ам.долларын буцалтгүй тусламж олгохоор  шийдвэрлэлээ.

Энэхүү буцалтгүй тусламжийг Ази Номхон далайн Гамшгийн хор уршгийг арилгах сангаас олгох бөгөөд энэ хүрээнд өвчний оношлогоо, яаралтай тусламжийн тоног төхөөрөмж, хувийн хамгааллын хэрэгслүүд зэрэг эмнэлгийн чухал тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг нэн даруй худалдан авах үйл ажиллагаа хэрэгжинэ. 

“АХБ COVID-19  цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх Монгол Улсын хүчин чармайлтыг тууштай дэмжих болно” гэж АХБ-ны Зүүн Азийн газрын дарга Жеймс Линч хэлээд “Энэхүү буцалтгүй тусламж нь нийгмийн эрүүл мэндийн салбарт учирч байгаа, харьцангуй удаан хугацаанд үргэлжилж болзошгүй эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд зайлшгүй шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг худалдан авах чиглэлд Монгол Улсын Засгийн газарт үзүүлж буй дэмжлэг юм” хэмээн онцлон тэмдэглэв.

Вирусний  халдвар дэлхий нийтэд тархаж байгаатай уялдан Монгол Улсын Засгийн газар Гамшгаас хамгаалах тухай хуульд заасны дагуу гамшгийн зэрэглэлийг хамгийн өндөр хэм хэмжээнд тогтоож, улсын төсвөөс 4.3 сая ам.долларын эх үүсвэрийг нэн яаралтай хэрэгжүүлэх арга хэмжээний санхүүжилтэд хуваарилаад байна.

Монгол оронд агаарын хэм хасах үзүүлэлттэй буюу өвлөөрөө байгаа энэ цаг үе нь улирлын шинжтэй томуу, томуу төст өвчний эрсдэл хамгийн өндөртэйд тооцогддог. Нийт өвчлөлд амьсгалын замын өвчний эзлэх хувь хэмжээ маш өндөр бөгөөд Эрүүл мэндийн яамны судалгаагаар нийт хүн амын 20 хувь нь өвчлөлд өртөх өндөр эрсдэлтэй байна.

АХБ-наас Монгол Улсад хэрэгжүүлж буй “Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх 5 дахь шатны төсөл”-ийн хүрээнд өвчний эрт илрүүлэг, яаралтай тусламж, амьсгалын замын хүнд өвчний тусламж үйлчилгээнд ашиглагдах нэн хэрэгцээтэй тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг худалдан авахад зориулж 1.4 сая ам.долларыг дахин хуваарилж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчний хяналт тандалтыг хэрэгжүүлэх үндэсний чадавхи, тогтолцоог дэмжих 225 мянган ам.долларын техник туслалцааны төслийг баталсан тухай 3 дугаар сарын 18-ны өдөр нийтэд мэдээлсэн билээ. Энэхүү 1 сая ам.долларын буцалтгүй тусламж нь өмнө гаргасан эдгээр шийдвэрийн үргэлжлэл болж хэрэгжинэ.

АХБ COVID-19 цар тахлын эсрэг гишүүн хөгжиж буй орнуудад хэрэгжиж буй нэн шаардлагатай арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх зорилгоор эхний ээлжинд 6.5 тэрбум ам.долларын санхүүжилтийн багц баталсныг энэ оны 3 дугаар сарын 18-ны өдөр олон нийтэд мэдэгдсэн. Цаашид хэрэгцээ шаардлага гарах бүрт АХБ гишүүн орнууддаа санхүүгийн нэмэлт дэмжлэг туслалцаа үзүүлж, бодлогын зөвлөмж өгөхөд бэлэн гэдгээ мэдэгдэж буй юм.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Болд(202.126.89.238) 2020 оны 03 сарын 31

Монголчууд зам барьж чадахуу

0  |  0
Зочин(103.229.121.245) 2020 оны 03 сарын 31

Наад новшийн сая доллар яах вэ. Дарханы замын хужаа компаниудыг гэрээг цуцалж монгол компаниудтай гэрээ байгуулаачээ.

0  |  0
Top