"НОХОЙ ШУУГИУЛСАН" ДАМИА

Админ | Zindaa.mn
2020 оны 04 сарын 06

Хөх Толбот Д.Төмөр-Очир.
2020.04.05. Сонгинохайрхан


“Херо” Баатарын тухай бичсэн “Нохой шуугилсан Баатар“ нэртэй памфлет “Гол тоглогч-1” номонд бий. Янзтай, зэвүүн нийтлэл. "Гол тоглогч 1,2" номоороо Дамдинжав маань сэтгүүлзүйн салбарт, улс төрд, нийгэмд жинхэнэ “нохой шуугиулж” чадсан юм. Памфлет хэмээх улс төрийн шог нийтлэлийн төрөл өмнө нь манайд төдийлөн хөгжөөгүй хоосон орон зай байсан ч дурын хүн дураараа юм бичих боломж хомс үед хэцүү төрөл юм.

Нэрт нийтлэлч Цэнддоогийн фельетонууд бол нийгмийн шог гэдгээрээ арай өөр. Гэхдээ хувь хүнээс хошин шогийн мэдрэмж, авьяас шаардах тул хүн болгон бичээд байх боломж мөн адил хомс.Памфлетын нэг аюултай тал нь хөрөг нийтлэл учраас буух эзэн буцах хаягтай, булзах бултах газар үгүйд оршино. Памфлет бичигчээс баримт нотолгоо, судалгаа, анализаас гадна эр зориг шаардана.Тиймээс ч Дамиа “ Эрх мэдэлтнүүдийг нэр заан шүүмжлэнэ гэдэг, тэр тусмаа шогчлон ёгтолно гэдэг амар хялбар байсангүй. Гэсэн ч “бүдүүн зүрх” гаргах нь сэтгүүлч нийтлэлчийн туурвин бүтээхүйн үүрэг хэмээн үзлээ” хэмээн бичсэн байдаг. Үнэндээ энэ улсын хамгийн том эрх мэдэлтэн, эрхтэн дархтан, улс төр-бизнесийн олигархи мафиудыг шоглоно гэдэг “үхэл нь эрсэн хулгана муурын сахлаар оролдох” лугаа эрсдэлтэй, аймшигтай зүйл билээ. Харин мань Дамиа айж хулчийх нь бүү хэл ахиад цааш нь үргэлжлүүлж бичнээ гээд хээв нэг хэлж суух нь хачирхалтай.

Дамдинсүрэнгийн Дамдинжав

“Илүү дутуу үггүй илүү нуршуу өгүүлбэргүй атлаа монгол хэлний үгсийн сангаас хамгийн оновчтой зүйрлэл, оносон үгийг нь ялгаж аваад бичсэн мэт санагдам бүтээл түүнд олон бий “ гэж тус номын редактор Ц.Оюунчимэг өмнөх үгдээ дурдсан байдаг. “Үг хэллэг хурц бөгөөд дайчин давшингүй, адилтгал зүйрлэлээр элбэг баян агаад тэдгээр нь ончтой оновчтой , ёгтлол ёжлол хийгээд элэглэл инээдмээр дүүрэн, дүр дүрслэл нь сонин ба сонирхол татахуйц уншууртай ном” хэмээн сэтгүүлч, судлаач доктор Т.Баасансүрэн "Гол тоглогч" номд бичсэн шүүмждээ бичжээ. Памфлет бол зохиогчийн эсэргүүцэл тэмцлээ илэрхийлэх хурц дайчин бичлэгийн арга юм “ гэсэн тодорхойлолт энд байна. Сэтгүүлзүй бол дөрөв дэх засаглал, сэтгүүлч бол хоточ банхар гэх мэт мундаг үгс байдаг. Яг үнэндээ өнөөдөр тэжээсэн эзнээ хамгаалан хуцдаг тэжээвэр хавнуудын л хэмжээнд очсон байна. Харин мань Дамиа өөрийн зөн совингоор хотоо хамгаалах ориг хоточ нохой юмаа гэдгээ гол тоглогчоороо нотлон харуулж чадлаа. Түүнийг ийм аюултай алхам хийхэд юу нөлөөлөв гэж бодож үзлээ.

Манай нэртэй төртэй сэтгүүлч нийтлэлчдийн ярилцлага, нийтлэл зэргийг уншиж үзэхэд нэг бол баахан бялдуулчилж пяльдагдсан, нөгөө бол аль муу муухайгаар харуулахыг хичээсэн нэг тийм туйлбаргүй тэнцвэргүй, аль нэг талд илт мэдэгддэг, өөрөөр хэлбэл мөнгөний захиалгат бичвэр гэдэг нь андашгүй байдаг. Тийм биш байлаа ч гэсэн энэ хэний талд байгаа, ямар ашиг зорилгын төлөө хүн бэ гэдэг нь илт мэдрэгддэг. Харин Дамиагийн онцлог бол сайнтай, муутай, хартай цагаантай, алдаа оноотой харгуулан бичсэнд оршино. Мэдээлэл, судалгаан дээр суурилсан аналитик хийх чадвар нь үнэхээр гоц гойд юм аа гэж биширэхээс өөр аргагүй. Факт баримтууд дээр дүн шинжилгээ хийж, логик гаргалгаа, таамаглал дэвшүүлэх, нэгтгэн дүгнэх чадвараараа тэр үнэхээр гайхуулж байна. Юу санаад орсноо бичээд суух нэг хэрэг. Харин мэдээллийг боловсруулж аналитик хийнэ гэдэг нэн хэцүү, тусгай ур чадвар гэж хэлж болно. Тэгээд дээр нь шогчилж, егөөдөж, ёгтолж бичнэ гэдэг онцгой авьяас гэж хэлэхээс өөр аргагүй. Нэг л хөрөг нйитлэлийг уншиж суух зуур, инээх, бачимдах, уур хүрэх, эргээд хөх инээд хүрэх гээд олон янзаар хувирч өөрчлөгдөнө. Зарим үед хор шар маажна, өөрийн эрхгүй дагаж уулга алдана, энэ ч яг тийм шүү гээд бодож суутал мань Дамиа бас “нохойтож” эхэлнэ. Яаж нохойтохыг энд яриад ч яахав.

Түүний “гол тоглогчид” бүгд хоорондоо ил болоод далд сэжмээр холбоотой. Тэр үүгээрээ нийгмийн , системийн аналитикийг тоймлон гаргаж ирж байгаа юм. Ардчилал хэмээх нэрийн дор 30 жил явахдаа ямар нийгмийг бүтээсэн юм бэ, цаашид юу болох вэ гэдгийг уншигч “бүрэн зураглал” хийгээд авчихаж хөнгөхөн дөнгөнө. Улс төр-бизнесийн мафийн аваргуудын өөдөөс цор цор хийж буй тэр “будааны хүүхэд”, “амны боорцог”-ыг басаж хэрхэвч болохгүй гэдгийг бүгд харж ойлгосон байх. Түүнд хангалттай сайн барьц байна. Сүр хүчиндээ эрдсэн аваргуудыг зодог шуудаг ч үгүй нүцгэлж орхисон тэрээр амаар нь шороо үмхүүлж мэдэх юм. Үг дуу цөөнтэй, бүрэг томоотой нэгэн болов уу гэмээр харагдах энэ залуу дотроо бол авьяасын бяр нь багтаж цөхсөн, “бүдүүн зүрх”-тэй айхтар нөхөр юм аа гэж сүрдэх сэтгэл төрсөн билээ.

Мэнгэт сайдын тухай “Хүн зуудаг хоточ” нэртэй памфлет бий. Харин тэр одоо өөрөө олигархиудыг боргоох байтугай ноцож дайрдаг аюултай “хоточ банхар” болжээ. Тэрээр дандаа ёжилж шоглоод байдаг ч хүн биш. Урлаг спортын одод болон түүхэн гарамгай хүмүүсийн тухай сэтгэл сэргээм уянгын нийтлэлүүд бас бий. Энэ нь “гол тоглогч”-ийн дундуур уншигчийн тархийг амрааж, оюуныг баясгах гэсэн Дамиагийн тархины фитнес гэж хэлж болно.

Түүний “Дотоод тэнгэр” яруу найргийн ном бол түүний дотоод ертөнц юм. Хэн нэгнийг даган дуурайх, хэлбэр маяг хөөцөлдөөгүй, сэтгэлийнхээ анирыг чагнан байж урласан шүлгүүд нь тун чамбай бас өвөрмөц. Тал бүрийн авьяастай билиг танхай нөхөр боловч даанч дэндүү гэмээр даруухан хүн. Гол тоглогч памфлетын хөрөг нэрүүд гэхэд л хэлц үг болмоор тийм оновчтой, дэндүү хурц. Ц.Элбэгдорж-“Сүүлчийн гавьяат жүжигчин”, Н.Энхбаяр-“Манай үеийн мангас”, У.Хүрэлсүх-“Хүнд жингийн коммунист”, Д.Бадамжунай-“Дон Жунай”, С.Баяр- “Ханхай төрийн танхай хулигаан”, Нямтайшир-“Алтан дээр суусан гуйлгачдын хаан”...гэх мэт нэрсийг уншихад л манай үеийн баатруудын дүр төрх нүднээ тодроод ирнэ. Инээж уншаад , ухаарч үлдэх тийм л ном.

"Гол тоглогч" номонд Дамиа өөрийнхөө амьдралыг өгүүлсэн “Уйлдаг чулуу” нэртэй уянгын дурсамж эсээ бий. Хар багадаа эцэг эхээ алдах хагацлын зовлонд унаж, хайртай хоёр эгчээсээ амьдралын эрхээр салан ганцаараа зожгирч бэтгэрч явсан тэр жаахан хүү хүнд бодолд дараастай хүүхэд насаа эрт гээж, хөмхийгөө зуун , дотогшоо шигджээ. Нүдэндээ хурсан гунигаа хүнд харуулах дургүй тэрээр нулимсаа нууж залгисан дуу цөөнтэй хүү болон өсжээ. Амьдралын хүнд сорилтыг хатуужин давсан энэ л түүх түүнийг аргагүй чанга эр болон хувирахад нөлөөлжээ. Тиймээс л тэрээр хэнээс ч айхгүй “бухын хүзүү” гарган зүтгэж явна. До.Цэнджавын тэнэг шавь, нохой шуугиулсан Дамиаг олон ноход тал талаас нь хэмлэж мэдэх ч тэрээр гагц тэнэг зоригоор бус “баримт нотолгоо” гэсэн ҮНЭНТЭЙ, шударга байх гэсэн ЗАРЧИМТАЙ нэгэн тул ард түмэн түүний талд байх нь эргэлзээгүй билээ.

Хөх Толбот Д.Төмөр-Очир

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top