Аливаа зүйл хоёр талтай. Хэт туйлшрал нэг талд нь үйлчилж, шударга ёсыг алдагдуулдаг жамтай. Яг энэ жишгээр төрийн хайр халамж хавтгайрах мэт төөрөгдөл коронагаар далимдуулан ашиг хонжоо хайсан хэсэг бүлэгт бий болжээ. Төрөөс Ковид-19 цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ татвар төлөлгүй ашиг олдог хэсэгт хожоо болж, нийгмийн тэгш зарчим алдагдахад хүргээд байна.
Энэ хэсэгт НӨАТ-ын баримт ч тасалж өгдөггүй бизнес эрхлэгчид хамаарна. НӨАТ-ын системийн гадна амьдарсаар байгаа, нийгмийн үүргээ ухамсарладаггүй томоохон далд эдийн засаг бий болгогчдыг ч нэрлэж болох юм. Засгийн газраас түрээсийн төлбөрөө хөнгөлж, чөлөөлсөн аж ахуйн нэгжид орлогын албан татварын хөнгөлөлт эдлүүлэхээ мэдэгдээд буй. Одоо УИХ-аар хэлэлцэх төслөөр бол 2020 оны хоёрдугаар сарын 1-нээс ирэх есдүгээр сарын 1-нийг хүртэл хугацаанд Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлж, чөлөөлнө гэж тооцсон байгаа. Үүнд, төвлөрсөн зах, худалдааны төвүүд, үйлдвэр, үйлчилгээний газрууд, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалттай байр, талбайг хамруулах гэнэ. Гэхдээ энд нэг залруулга зайлшгүй хэрэгтэй байгаа юм. Энэ хөнгөлөлт зөвхөн нийгмийн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, татвараа тоо ёсоор нь төлж ирсэн иргэн, аж ахуйн нэгжүүдэд үйлчилнэ. Түүнээс биш далд эдийн засаг буюу “сүүдрээс мөнгө ологчид” өөрсдийгөө хамруулахаар улайран дайрч болохгүй аж. Бүр тодруулбал, Татварын хуулийн дагуу борлуулалт хийх бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүргээ биелүүлсэн татвар төлөгчид төрийн ивээлийг хүртэх боломжтой гэсэн үг. Учир нь төрөөс үзүүлэх хөнгөлөлт шударгаар татвараа төлдөг хэсгийн халааснаас гарч таарна.
УИХ-аас 2015 онд баталсан НӨАТ-ын хууль хэрэгжиж эхэлснээр далд эдийн засаг хумигдаж, нийгэмд тэгш, шударга зарчим хэрэгжих том хөшүүрэг болсон гэж үздэг.
Энэ удаагийн түрээсийн хөнгөлөлтийн зорилго ч энэ зарчимд тулгуурлаж, татвар төлөгчдөө дэмжих алхам болж байна. Нэг талдаа татвар төлөгч, төр хоёрын бие биенээ дэмжсэн уялдаа холбоо гэж ойлгож болно. Цар тахалтай холбогдсон нийгэм, эдийн засгийн захиалга ч байгаа. Монгол үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас хийсэн “Ковид-19 бизнес дэх нөлөөллийн судалгаа”-гаар бизнес эрхлэгчдийн олонх нь түрээсийн төлбөр их хэмжээний дарамт учруулж буйг онцолсон. Эдийн засгийн хямралтай холбогдуулан хувийн хэвшлийн бизнест үүсээд буй хүндрэлийг нээлттэй асуулгаар тодруулан асуухад, судалгаанд оролцогсдын 66 хувь нь зээлийн эргэн төлөлт, зээлийн хугацаа, зээлийн хүү нь хамгийн их хүндрэлийг бий болгож байна гэж хариулжээ. Тэгвэл 22 хувь нь түрээсийн төлбөр хүндрэл болж буйг хэлсэн. Мөн Засгийн газраас ямар төрлийн дэмжлэг шаардлагатай байгааг лавлахад, судалгаанд оролцогсдын 42.6 хувь нь түрээсийн төлбөр бууруулах зэрэг үйл ажиллагааны зардал бууруулах арга хэмжээ, 36.3 хувь нь ААН-ын татвар, НДШ-ыг хойшлуулах, 20.3 хувь нь хориг цуцлагдсаны дараа бизнесийг сэргээж хэвийн үйл ажиллагаа явуулахад нэгдсэн зохицуулалтаар ханган төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, түргэн шуурхай явуулах нь зүйтэй гэж үзжээ.
Судалгааны нэгдсэн дүгнэлтээс сонирхуулахад, түрээслүүлэгч компаниудын орлогын албан татварын төлөлтийг тодорхой хугацаагаар хойшлуулах санал гарсан байгаа юм. Түүнчлэн газрын төлбөр өссөнөөс өмнө нь 97 сая төгрөг төлдөг байсан аж ахуйн нэгж 300 сая төгрөг төлдөг болсныг дурджээ.
Ямартай ч ийм шаардлагаар төрөөс түрээсийн орлогод хөнгөлөлт үзүүлэхээр яригдаж байна. Төрөөс ядуурлын цаад шалтгаан болдог ажилгүйдэлтэй тэмцэх чиглэлд энэ арга хэмжээг авч байгаа бөгөөд голдуу түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын жижиг, дунд бизнес эдийн засгийн хүндрэлд хамгийн их өртөх магадлалтай. Хэрэв ажилгүйдэл өсвөл өрх, иргэдэд санхүүгийн эрсдэлийг бий болгох хортой учраас татварын байгууллага энэ шийдлийг санаачилсан. Гэвч УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг аж ахуйн нэгж, иргэд өнөөгийн нөхцөл байдлыг үндэслэн түрээсийн төлбөрөө бууруулсан гэж олон нийтэд мэдээлсэн хэдий ч бодит амьдрал дээр хэрэгжихгүй байна гэдгийг хэлжээ. Тэрбээр “Төр засгийн зүгээс шийдвэрүүдийг гаргаж байгаа хэдий ч эргээд аж ахуйн нэгжүүд хэрэгжүүлэх тал дээр хангалтгүй байна. Түрээслүүлэгчид түрээсийн төлбөрөө 50-100 хувь буурууллаа гэж мэдэгдэж, мэдээллийн хэрэгслээр үүнийгээ гаргасан хэдий ч бодит амьдрал дээр хэрэгжихгүй байна. Сайхан санал гаргасан ч биеллээ олохгүй байна. Өргөдлийн байнгын хороонд Хүчит шонхор, Далай Ээж захын түрээслэгчид түрээсээ буулгана, чөлөөлнө гэж мэдэгдсэн ч энэ нь хэрэгжихгүй асуудал дагуулж байгаа талаар мэдээлж байна. Тиймээс энэ тал дээр анхаарал хандуулахыг УИХ-ын даргаас хүсэж байна” гэсэн байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 3 )
Монголд татвар төлдөггүй бүтэн арми байгаа. Малчид, ченжүүд, зах дээр худалдаа эрхлэгчид гээд. Тэгсэн мөртлөө попорсон улс төрчидийн шийдвэрээр хамгийн их халамж хөнгөлөлт урамшуулал эдэлдэг хүмүүс бол малчид. Бараг малчидын өөрсдийн баас нь хүртэл урамшуулалд хамрагддаг гэхэд хилсдэхгүй. Одоо бүр улсад ганц төгрөгний татвар төлөөгүй хүн цөөхөн хэдэн мал тоолуулсан баримттай байхад НДШ нөхөн төлөөд л тэтгэвэр тогтоолгох бочхоод байна. Нөхөн төлсөн НДШ-ээ 1-2 жилд л буцаагаад авчихна. Монголд ч шударга ёс тогтоход мөн ч хол байна даа
Хамгийн ихээр төрийн ивээл хүртэх хэсэг бол татвар төлдөггүй хувиөраа хөдөлиөр эрхэлж бага сага орлого олж амь зогоодог ядуу хүмүүс ш дээ. Тэднийг ийм байдалд оруулсан буруутан нь төр өөрөө юм. Өөрөөр хэлбэл төрийн эрх мэдэлд хүрсэн олигархууд хулгайч нар дээрэмчид тэдэнд очих ёстой баялгийн хувиарлалтыг тэдэнд очих ёстой мөнгийг замаас нь дээрэмдэж авсан байдаг. Энийг бичсэн этгээд бас л новшийн хулгайч юм шиг байна.
Маш зөв.