Равжайн Чулуунбазар
1945 онд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт төрсөн. 1969 онд МУИС-ийн монгол хэлний анги дүүргэж Дорноговийн Зүүнбаянгийн сургуульд насаараа багшилжээ. 1975 онд “Сулинхээр” хэмээх анхны номоо гаргасан. 2008 онд “Соёолон шүлгийн тоос”, 2011 онд “Уяхан замбуутив” шүлгийн түүврүүд хэвлүүлжээ. Р.Чойномын нэрэмжит шагналт, хэл шинжлэлийн магистр.
Дайсан
Хоол хош чинь ихэдвэл
Ходоод гэдсэндээ дайсан
Хорон санаа чинь дэндвэл
Хохимой толгойдоо дайсан
Уусан архи, татсан тамхи чинь бүгд
Уушиг зүрх, ухаан бодлын чинь дайсан
Улаан голыг чинь умруулан тасдаж
Удаан жаргалыг чинь урвуулах дайсан.
Залхуурч унтах, завхайрч наргих чинь
Залуу нас, биеийн чинь заналт дайсан.
Зард гарсан сайхан хүүхэнд унавалжин
Зажлалгүй залгих сэтгэлийн дайсан.
Бурхан хийгээд шинжлэх ухааныг
Буруу зөрүү мушгивалжин дайсан.
Буян, нүгэл хоёрыг тоож ялгалгүй
Бусдын гэмд олзуурхвалжин дайсан.
Эд хөрөнгөөр хүчирхийлэн гөрдөх,
Эрх ямбаараа эзэрхийлэн хордох,
Эргүү тэнэгээрээ эрдэж бардах,
Этгээд зангаар хардаж сэрдэх,
Өрөөл бусдыг өөнтөглөж ходрох,
Өчүүхэн атаархлаар шаантаглаж хадрах,
Өөрийн биеийг өмөөрч хэдрэх
Өөдөө хаясан чулуу өөрийн толгойд дайсан.
Өөрөө өөртөө чи дайсан.
Өөр хэн ч биш! Чиний дайсан чи!
Өмхөрсөн мод өнхөрч ойчих шиг
Өгөр толгойгоо шаах дайсан
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )