Золиослогдсон таван иргэнд дурсгалын хөшөө босгох газар ч олдохгүй байна

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 14


2008 оны долдугаар сарын 1.  Монголчуудын  хувьд түүхэнд бичигдэхээр хар өдрүүдийн нэг болж үлдсэн. Чухам тэр л шөнө сонгуулийн шударга бус хуйвалдааны улмаас  таван сайхан амь тасарч, таван айлын гэрт хагацлын хар сүүдэр татсан билээ.  Хүний аминаас илүү намынхаа байранд илүүтэй анхаарал тавьсан эрхмүүд одоо шинээр баригдсан шинэхэн асартаа бүх хэргийг мартаад малилзаж суугаа. Тухайн үед төрийн дээд албан тушаалд байгаа хүмүүс одоо уг хэргийн бурууг өөрсдөөсөө түлхэн таван иргэний амийг эзэнгүйдүүлээд байгаа нь ч нууц биш. Төр засгийн эрхэнд байсан хүмүүс мартдаг юм байж. Төрүүлсэн эх нь үрээ, төрсөн үр эцгээ мартаж чадах уу. Гурван жилийн өмнө  цагдаа нарт буудуулж амиа алдсан Р.Мөнх-Эрдэнийн ээж Д.Тунгалагийн “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагаас товчлон хүргэе. “Хүү минь сонгуулийн дүнг эсэргүүцэж байсан бол өөр хэрэг. Гэтэл ажлаа тараад явж байсан хүүг маань хөөж байгаад буудаад алчихсан. Хүүгээ дурсахгүй өдөр ч гэж алга.  С.Баярын яриаг сонсохоор сэтгэл үймрээд байдаг болохоор сонсохгүйг хичээдэгээ нуугаад яахав.  Н.Энхбаяр, С.Баяр нар “Чамаас болж таван хүн амиараа хохирсон” гээд нэг нэгэн рүүгээ буруугаа чихэж байгааг  сониноос уншиж, телевизээр хараад дургүй хүрдэг. Өөрсдөө алчихаад одоо хэрүүлийн алим болгоод байх юм.  Муу хүүг маань буудуулчихаад цусаа гоожуулаад гүйж явахад нь цагдаа нар “зугатааж байна” гээд зодож алсанд хамгаас их гомдож явдаг даа. Үймээний үеэр таван сайхан залууг буудаж хөнөөсөн хэргийг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх  Мөрдөн байцаах алба шалгаад хэрэгсэхгүй болголоо гэхэд үнэндээ чихэндээ итгээгүй. Тэр даруйд нь Ц.Энхбаяр бид хоёр Ерөнхий прокурорт гомдол гаргаж хэдэн өдөр гүйсний эцэст дахин шалгаж эхэлсэн. Улсын  ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаныхан “шалгаж байна” гэхээс өөр хариу өгөхгүй юм. Шалгаж дуусаад мэдээлэл өгөхийг нь л хүлээж байна даа.  “Бууд” гэж тушаал өгсөн ч монгол хүн рүү буу шагайсан хүнд хамгаас их гомдолтой байгаа. “Буудахгүй бол ална” гэж дээрээс нь айлгаад байсан бол хөл газар амин биш газарт нь ядаж буудахгүй дээ. Эрэмдэг ч гэсэн ээждээ харагдаад байж байвал сайхан байхгүй юу. Өдөржин жагсаал хийсэн хүмүүст зодуулсан уурандаа болчимгүй юм хийж гэж бодоход шөнө дунд, үймээн намжсан байхад хэдхэн хүнийг хөөж байгаад буудаж алдаг нь аймшигтай байна. Хөөж байгаад бариад хорьчихгүй яав даа хэмээн харамсдаг. Ядаж буудсан хүнийг нь харах  юмсан. Аргаа барсан хүний л үг байхдаа. Хүүг маань буудаж хөнөөсөн ганц сайхан алгадчихвал сэтгэл онгойх ч юм шиг санагдах юм.  Заримдаа  цагдаа  ч миний хүүгээс ялгаа юу байх вэ гэж бодох юм” гэж хүүгээсээ хагацсан эх өгүүлжээ.  Буруутай эздийг нь тогтоож амжаагүй гэхэд талийгаачдын дурсгалыг хүндэтгэх хөшөө барих газрын асуудал өнөө хүртэл шийдэгдээгүй байна. Ядаж хөшөө нь босчихвол төрсөн өдөр,  талийгаач болсон өдөр нь очиж зул бариад цэцэг тавиад явбал сэтгэл минь жаахан ч гэсэн онгойхгүй юу  талийгаачдын гэр бүлийнхэн өгүүлж байна. "Хохирогчдын нэгдсэн холбоо"-ныхон өнгөрсөн жилийн долдугаар сарын нэгэнд Түүхийн музейн урд олдсон газарт хөшөөний шавыг тавичихаад барих гэтэл улсын мэдлийнх гээд бариулаагүй гэнэ.
Барилга барих зөвшөөрлийн газрыг хаа сайгүй олгодог атлаа үймээний үеэр амиа алдсан таван хүний дурсгалыг хүндэтгэж алга дарам газар  олгочихож болохгүй байгаа юм байх даа. Монголын хууль өнөөдрийг хүртэл долдугаар сарын 1 хүртэл буруутай эзнийг тогтоогоогүй байна. Монгол эхийн сэтгэл ийм ууч байхад Монгол төр яасан хатуу юм бэ?

Д.Сэндэр.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

                     

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top