Монголоор дуусаагүй Мода: Финтек бол боломж

Б.Болорсүх | Zindaa.mn
2020 оны 04 сарын 09

“Баярлалаа” гэж уншуулдаг автобусны картаас авахуулаад, асааж-асуудлаа шийдэж байгаа “Ленд” аппликейшн хүртэл энэ бүх үйлчилгээ Финтек гэдгийг та мэдэх үү. Монголын финтекийн хөгжил энэ хүртлээ явсан байна. Банкууд төлбөр тооцоо хийхэд хялбар болгохын тулд аппликейшн зохион бүтээж, НӨАТ-ын урамшууллаа гар утсаараа бүртгүүлж, цахилгааны төлбөрөө хүртэл гар утсаараа хийх болсон. Нэг ёсондоо орчин цагийн завгүй нийгэмд нэгээс, нөгөө газар руу явж цаг алдахын оронд хормын дотор гар утсаараа төлбөр тооцоогоо хийх хэрэгцээтэй санхүүгийн технологи буюу Финтек холбогджээ.


Мода Монголоор дууссангүй

Тийм ээ. Мода Монголоор дуусдаг гэж бид ярих дуртай. Гэвч шинэ тутам хөгжиж буй санхүүгийн технологи /Финтек/ Монголоор дууссангүй. Монголоор түүчээлж байна. Анх 2008 оноос л АНУ-д анх үйлчилгээнд нэвтэрсэн энэ технологи Монголд 2009 оны сүүлээр анх нэвтэрсэн гэж үздэг. Мода Монголоор дууссангүй. Арилжааны банкууд ухаалаг утсанд суурилсан аппликейшн зохион бүтээж, мессежээр утас, цахилгааны төлбөрөө хийх боломжтой болсон нь тухайн үедээ монголчуудад шинэ содон жишиг байлаа.

Цахиуртын хөндийд ухаалаг утасны технологи шинэчлэгдэх тоолонд финтекийн хөгжил цагаар биш минут, секундээр өөрчлөгдөх болжээ. Хамгийн сүүлд Монгол Улсад “Мобиком” компанийн “Candy” үйлчилгээ Монголбанкны албан ёсны төлбөр тооцоогоор хүлээн зөвшөөрөгдөөд байна.

“Монгол банк Үндэсний төлбөрийн системийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжоор финтекийг дэмжихээр ажиллаж байна” гэж Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар ярьсан юм.

Дэлхий санхүүгийн зах зээлд финтек анхлан нэвтэрснээс хойш 10 жилийн дараа Монгол Улсад Үндэсний төлбөрийн системийн тухай хууль хэрэгжиж эхлэв. Энэ хуулиар мөнгөн хөрөнгийн цахим шилжүүлэг, цахим мөнгө гаргах, төлбөр шилжүүлэх, төлбөрийн хэрэгсэл гаргах зэрэг асуудлыг шийдвэрлэснээр финтекийг хууль эрх зүйн хүрээнд зохицуулах боломжтой болсон юм. Түүнчлэн цахим мөнгө гэх ойлголтыг бий болгож чухам юуг цахим мөнгө гэж үзэхийг тодорхойлсон нь дэвшилтэт алхам байв. Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 35.2.1-т “Мөнгөн дүн нь цахим хэлбэрээр хадгалагдсан”, 35.2.2-т “Мөнгөн хөрөнгөөр баталгаажсан”, 35.2.3-т “Цахим мөнгө гаргагч, түүний харилцагчаас бусад гуравдагч этгээд төлбөрт хүлээн зөвшөөрөгдсөн” 35.3-т Нэг цахим мөнгө нь нэг төгрөгтэй тэнцүү байна. Цахим мөнгөний доод нэгж нь нэг цахим мөнгө байна” гэж зааснаар тоглоомын дүрмийг илүү тодорхой болгожээ.

Монголбанкнаас цаашид бүх төлбөр тооцооны картыг “чип”-тэй болгохоор ажиллаж байгаа аж. Уншигч та өөрийн цалингийн картаа шалгаад үзээрэй. Иргэдийг залилах, картаас тань мөнгө алдагдах явдал ихээр гарч буй энэ цагт “чип”-тэй болговол картын нууцлал өндөр болно гэж мэргэжилтнүүд үзэж байна. 

Өргөн боломж

Финтек илүү их хөгжсөнөөр банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо байхгүй болно гэж шинжээчид дүгнэдэг. Финтек нь зөвхөн гар утсанд суурилсан технологи гэж ойлгох нь өрөөсгөл болжээ. Блокчейн технологи, хиймэл оюун ухаан, зарим салбарт бүр роботыг хүртэл ашиглах болж. Монголд ч үүлэн технологи дээр суурилсан аппликейшн бий болоод удаагүй байна.

Финтекийн хөгжлөөр Азид БНХАУ, Япон, Өмнөд Солонгос тэргүүлдэг. Араас нь Индонези, Тайланд, Малайз удаалж байна. Харин анхны финтек үйлчилгээнд нэвтэрснээр нь тоолбол Монгол Улс анхдагчдын нэг. Хонконгийн их сургуулийн Эдийн засгийн тэнхимээс боловсруулсан судалгаагаар Монгол Улс зүүн хойд Азийн орнуудыг тэргүүлж, Ази тивдээ эхний 10 байрт бичигдэж байгааг онцолжээ. Тайланд дурдсанаар “...Хэрэв Монгол Улс финтекийн салбараа хөгжүүлж чадвал эдийн засгийн багтаамж нь нэмэгдээд зогсохгүй, санхүүгийн зах зээлийн өрсөлдөөн нэмэгдэнэ...” гэж дүгнэсэн байна.

Монгол Улсад Ази тивд финтекийн хөгжлөөрөө тэргүүлж буй тэргүүлэгч 10 гарааны бизнесийн нэг “Анд Глобал” компани байгааг мартаж болохгүй. Тэд Вьетнам болон Тайланд зэрэг улсад бүтээгдэхүүнээ гаргах том амбицтай байна.

Хямрал бол боломж

Финтек хэрхэн үүссэн бэ, Финтек гэж чухам юу юм бэ? Технологийн хувьсгал нь юуны түрүүнд мөнгөний хуримтлал, хөрөнгө оруулалтын хооронд зуучлах замаар эдийн засгийн өсөлтийг хангадаг санхүүгийн салбарт илүү хурдан нөлөөлж, бараа үйлчилгээний эргэлтийг огцом өсгөж иржээ.

Финтек 1.0 эрин үе 1876 онд А.Белл телефоны патентаа бүртгүүлснээс хойш эхлэж, санхүүгийн технологийн шинэ дэд бүтэц тавигджээ. 100 жилийн дараа интернеттэй цуг финтек 2.0 эхлэж, санхүүгийн үйлчилгээний хүртээмж, хэрэглээ огцом өслөө. 2008 оноос ухаалаг гар утас, хөдөлгөөнт интернетийн хамт финтек 3.0 эхэлсэн гэж үздэг. Санхүүгийн үйлчилгээ хялбар, хямд, хурдан (3X) болсноор хүн бүрт хүрч, дэлхий даяар ядуурлыг бууруулахад мэдэгдэхүйц өөрчлөлт гаргаж байна. Финтек 3.0 нь санхүүгийн төлбөр, тооцоо, хадгаламж, зээл, даатгалын үйлчилгээнд шинэ хэлбэрийг нэвтрүүлснээр хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлж бидний амьдралын хэмнэлд нөлөөлж байна. Финтекийн гурав дахь давлагаа эргээ халих үе 2007-2008 онтой давхацдаг. Дэлхий нийт эдийн засгийн хямралд өртөв. 1980-аад оноос хойш тооцвол хамгийн том хямрал. Чухам энэ цаг үед АНУ- ч гэлтгүй, Европын хэд, хэдэн томоохон банк, санхүүгийн компани ажилчдаа цомхотгов. Ажилгүй болсон банкирууд, технологийн салбарын мэргэжилтнүүдтэй нэгдсэнээр финтекийн хөгжлийг улам хурдасгажээ. Чухам үүнээс л финтекийн хөгжлийг эхлэн тооцож болно.

Үгийн утгаар нь тайлбарлавал “Санхүүгийн технологи” гэсэн үг. Орчин цагт үүссэн хэд, хэдэн үгийн нэг бөгөөд Оксфордын толь бичигт 2009 оноос албан ёсоор багтаажээ. Финтек нь санхүүгийн үйлчилгээг илүү хялбар болгож, хэрэглэгчдэд дуртай цагтаа, дуртай газраасаа гар утсаараа авч болох цогц үйлчилгээ юм. Зөвхөн банкны төлбөр тооцоогоор зогсохгүй бизнес эрхлэгчид мөнгө зээлэх, хөрөнгө оруулалт хайх, зээлдэгчийг зээлдүүлэгчтэй холбох өргөн цар хүрээг хамарч буй.

Хямралаас үүссэн энэ салбар одоо гарааны бизнес эхлүүлэгчдийг ч, хөрөнгө оруулагчдыг ч татах болсон шинэ салбар болжээ. Дэлхий дахинд энэ салбарт 30 гаруй тэрбум ам.долларын мөнгө эргэлдэж байна. АНУ, Европ, Ази тивийн ихэнх улсуудад финтек аль хэдийнээ нэвтэрч бодлогоор зохицуулах болоод багагүй хугацаа өнгөрлөө. Гэсэн ч цахим орчны хил хязгааргүй, чөлөөт урсгал хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, мөнгөн шилжүүлгийн нууцлалыг хадгалахад том сорилт болж байна. Хэдийгээр үүнийг зохицуулж, хянах гэж оролддог ч үр дүнгээ өгөхгүй байсаар өдийг хүрчээ.

Шинэ хямралын босгон дээр

Дэлхийн улс орнуудыг коронавирусний аюул нөмрөөд, томоохон эдийн засагтай улсуудад сүүдрээ тусгаад эхэлсэн. Европын холбооны голлох гурван гишүүн /Холбооноос гарах болсон Британийг оролцуулбал дөрөв/ Герман, Итали, Франц улсад вирусний улмаас амиа алдагсдын тоо аль хэдийнээ мянгын босго даваад байна. Хүн ам, нийгэмд нь заналхийлээд эхэлсэн тул бизнесүүдийн үйл ажиллагааг хаасан. Энэ цаг үед хүмүүсийг цахим худалдаа руу анхаарлаа хандуулж, технологийн дэвшилтэй уялдуулах нөхцөл бүрдлээ. Европын холбоонд цахим худалдааны эрэлт өнгөрсөн оныхоос даруй 60 гаруй хувиар нэмэгдсэн нь коронавирусний үр нөлөө юм. Цахим маркетинг ч вирус дэгдсэн улс орнуудад нэмэгдээд байна.

“Эдийн засгийн хямралын нөхцөл байдал хурдан хугацаанд дээрдэнэ гэсэн итгэл алга. Гэхдээ нэг зүйлийг санах хэрэгтэй энэ хооронд финтекийн салбар илүү цэцэглэнэ. Хүссэн хүсээгүй энэ салбар руу шилжих болно” гэж Microsoft компанийг үндэслэгч Билл Гейтс ярьжээ.

Цаашид коронавирусний тохиолдол нэмэгдэхийн хэрээр болзошгүй эрсдэлээс хамгаалахын тулд хүмүүс финтект илүү итгэх болно. БНХАУ-д вирусний хямрал дэгдэж байхтай зэрэгцэн цахим худалдааны салбарын өсөлт 20 хувиас давжээ. Олон жил Алибабагийн эзэрхийлэлд байсан энэ зах зээлд шинэ тоглогчид ч гарч ирэх итгэл дүүрэн болов.

Финтекийн салбарт хийх хөрөнгө оруулалтын хэмжээ өнгөрсөн зургаан жилийн доор 10 дахин өсжээ. Хамтарсан хөрөнгө оруулалттай компаниуд ч нэмэгдсэн байна. Сүүлийн үед бизнесээ эхэлж буй старт-апуудын 90 гаруй хувь нь санхүүгийн технологийг түшиглэсэн компаниуд байгаа нь энэ салбар ямархан эрэлттэй байгааг бэлхнээ харуулна. Хэдийгээр Европын холбооны консерватив үзэл баримтлалтай улстөрчид цахим худалдаа, финтект итгэхээс илүү эргэлздэг ч үүссэн нөхцөл байдал тэднийг финтекийн талаар сонирхох, судлах, бүр нэвтрүүлэх чиглэл рүү эргүүлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top