Сонгуулийн хуулийн "шигтгээ" түшээдийн хөрөнгөтэй танилцах боломжийг хааж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 04 сарын 15

-Сонгуулийн тухай хуулийн энэхүү шинэ заалтыг хуулийн онцлог, шигтгээ гэж нэрлэвэл тэрхүү онцлог, шигтгээ нь албан тушаалтны хөрөнгө, орлоготой танилцах иргэдийн эрхийг “боомилж” байна гэхэд болно-

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг угтаж парламентаас өнгөрсөн оны эцсээр баталсан Сонгуулийн тухай хуульд өмнө нь огт тусгаж байгаагүй цоо шинэхэн өгүүлбэрийг шигтгэж өгсөн нь нэр дэвшигч нар АТГ-т хөрөнгө, орлогоо заавал мэдүүлсэн байх шаардлагатай гэх заалт юм. Сонгуулийн тухай хуулийн энэхүү шинэ заалтыг хуулийн онцлог, шигтгээ гэж нэрлэвэл тэрхүү онцлог, шигтгээ нь албан тушаалтны хөрөнгө, орлоготой танилцах иргэдийн эрхийг “боомилж” байна. Учир нь, АТГ-ынхан хөрөнгө, орлогоо мэдүүлсэн төрийн өндөр албан тушаалтан болон төрийн жинхэнэ албан хаагч нарын хөрөнгийн тайланг өнөөг хэр нь олон нийтэд мэдээлээгүй, албан ёсны цахим сайтдаа байршуулж эхлээгүй байгаа явдал юм.

Хэдийгээр албан тушаалтнуудын хөрөнгө, орлогыг олон нийтэд мэдээлэх, цахим сайтдаа байршуулах хуулийн хугацаа дуусгавар болоогүй байгаа ч иргэд хөрөнгөө мэдүүлсэн нөхдийн орлоготой танилцах сонирхолтой байгаагаа илэрхийлж, АТГ-ыг тэдний хөрөнгө орлогын мэдүүлгийг нь албан ёсны цахим сайтдаа байршуулахыг шаардаж байна.  

Тэгвэл нөгөө талд АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэх “Албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд ил болгох хуулийн хугацаа дуусгавар болоогүй байна. Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг тухайн оны хоёрдугаар улиралд багтаан цахим мэдээллийн сүлжээнд байршуулах ёстой. Өөрөөр хэлбэл, Авлигатай тэмцэх газраас зургаадугаар сард багтааж хөрөнгөө мэдүүлсэн нөхдийн орлогыг олон нийтэд мэдээлэх үүрэгтэй юм. Бид хуулийн хугацаандаа багтаж, олон нийтэд мэдээлнэ. Одоогоор УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогыг бүртгэж авах ажлын бэлтгэл ажлыг хангаж байгаа зэргээс шалтгаалж хойшлоод байна” гэх тайлбарыг өгч байна.

Эндээс оны өмнөхөн баталсан Сонгуулийн тухай хуулийн шинэ заалт түшээдийн хөрөнгө орлогыг мэдэх гэсэн иргэдийг эрхийг “боомилох”-оос гадна АТГ-ын “хөлийг тушиж”, ажлын ачааллыг нь нэмсэн нь харагдаж байгаа юм. Эс бөгөөс хөрөнгө, орлогоо мэдүүлсэн албан тушаалтан болон төрийн өндөр албан хаагчдын хөрөнгө, орлогын мэдээллийг өнөөг хэр нь олон нийтэд мэдээлэхгүй, цахим сайтдаа байршуулаагүй байгааг хэрхэн тайлбарлах болж байна. Тэд өмнө нь жил бүрийн гуравдугаар сарын 15-аас өмнө хөрөнгө, орлогоо мэдүүлсэн нөхдийн мэдээллийг олон нийтэд үе шаттайгаар мэдээлж, цахим сайтдаа байршуулж болоод л байсан. Харин өнөө жил өнөөг хүртэл нэг ч албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдээллийг олон нийтэд ил болгоогүй байна.

Гэтэл Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх 23 дугаар зүйлийн 23.3-т, хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлэх буюу жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны өдрөөс өмнө төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн өндөр албан тушаалтнууд АТГ-т хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогоо мэдүүлээд байгаа юм. Гэвч АТГ-ынхан албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдээллийг олон нийтэд ил болгох хуульд заасан хугацаа дуусгавар болоогүй гэх үгээр иргэдийн амыг таглаж сууна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Su ah(202.179.26.102) 2020 оны 04 сарын 15

ATГ гэдэг авилгалыг өөгшүүлж байдаг энэ нэг навсайсан газрыг татан бууулгаад АХШХороог байгуул.

0  |  0
Top