Татварын цэнхэр дэвтрийг “И-баримт”-д түшиглэн онлайн болгож эхэллээ

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 15

Хүмүүсийн хамгийн их ашигладаг аппликейшний нэг болсон “И-баримт”-ын “Хувь хүнд олгосон орлого” цэсэнд тулгуурлан татвар төлөгч аж ахуйн нэгж, иргэд илүү хялбар үйлчилгээг авах боломжийг бүрдүүлж эхэлжээ. Шинэчлэгдсэн онлайн үйлчилгээний талаар ТЕГ-ын Татвар төлөгчид үйлчлэх газрын татварын улсын байцаагч И.Мөнхцэцэгтэй ярилцлаа.


-Татварын цэнхэр дэвтрийг ямар учраас хүмүүс хэрэглэдэг вэ гэдгээс яриагаа эхлүүлье?

-Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу аливаа орлого хүлээж авч байгаа хувь хүн хүлээн авсан орлого түүнд ногдуулан суутгуулсан албан татвараа “Иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр” буюу татвар төлөгчдийн нэрлэж заншсан цэнхэр дэвтэрт бичүүлж, ингэснээрээ Хувь хүний орлогын албан татварын тайлан гаргах боломжтой болдог. Өөрөөр хэлбэл, татвар төлөгч хувь хүн  татварын тайлан гаргахдаа тухайн жилд олсон нийт орлого, суутгуулж төлсөн татварыг тусгах шаардлагатай, гэтэл татвар төлөгч бүр тайландаа тусгах орлого, татвараа мэддэггүй. Жишээлбэл, ажил олгогчоос жилд хэдэн төгрөгийн цалин авч, түүнээсээ хэдийг нь татварт суутгуулснаа мэднэ. Банкинд хадгаламжтай байлаа гэхэд хадгаламжийн хүүгийн орлогод хэчнээн төгрөг бодогдсон, түүнээсээ хэдэн төгрөгийн татвар төлснөө дансны хуулгаа авахгүй, цэнхэр дэвтэрт бичилтээ хийлгэхгүй л бол мэддэггүй. Энэ бүгд нь татвар төлөгч хувь хүнд өөрөө татварын тайланг гаргахад үүсдэг хамгийн том бэрхшээл бөгөөд суутган төлөгчдөд ч ачаалал үүсгэдэг.

-Цэнхэр дэвтэр хэрэглэж байгаа хэчнээн татвар төлөгч байгаа вэ?

-Цэнхэр дэвтэртэй, тайлан гаргадаг татвар төлөгчийн тоо жилд 150-170 мянга байдаг, цаашдаа өсөн нэмэгдэнэ.

-Цэнхэр дэвтрийг халж, татварын орлого төлөх үйлчилгээг онлайн болгосноор ямар давуу талууд үүсэж байна вэ?

-Дээр хэлсэнчлэн иргэд жил бүр тайлангаа гаргах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх болохоороо байгууллагынхаа нягтлангуудын ачааллыг нэмэгдүүлдэг. Тайлангаа гаргахдаа тухайн жилд байгууллагаас авсан цалингаа мэдэхийн тулд нягтлан дээр очиж цэнхэр дэвтэр дээр бичилт хийлгэдэг. Тиймээс энэ асуудлыг хөнгөвчилж, цахимжуулахаар татварын алба зорьж байна. Суутган төлөгчийн улирал бүр гарган ирүүлдэг тайлан, орлого хүлээн авсан хүн бүрээр задлан гаргадаг мэдээнээс татвар төлөгч хувь хүний "И-баримт" руу мэдээллийг татаж хаанаас хэдэн төгрөгийн орлого хүлээн авсан, хэдэн төгрөгийн албан татвар суутгуулан төлснөө тухайн хүн өөрийн и-баримт аппликейшнээр орж харах боломжийг бүрдүүлсэн. Жишээлбэл, нэг байгууллага цалин хөлсний орлогын албан татвараар нийт 50 сая төгрөгийн албан татварыг суутган төлсөн бол энэ татвар нь хэн хэний цалингаас суутгасан татвар гэдгийг мэдээгээрээ задалж ирүүлнэ. Банкууд гэхэд улирал бүр дунджаар 60-70 мянган хүнд хадгаламжийн болон харилцах дансны үлдэгдэлд хүүгийн орлого олгохоор тооцож татварыг суутган төлсөн бол хэнээс хэдэн төгрөгийн татвар суутгасан гэсэн мэдээллийг хүн тус бүрээр задалж татварын албанд  ирүүлдэг. Үр дүнд нь хувь хүн тайлангаа гаргах үед тухайн ирүүлсэн мэдээ харах, хянах боломж бүрдсэн. Гэвч Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу суутган төлөгч болон хувь хүн аль аль нь жилийн эцсийн тайлангаа дараа оны хоёрдугаар сарын 15-ны дотор гарган ирүүлэх үүрэгтэй. Энэ хугацаа адил байгаа нь хувь хүн тайлангаа гаргах үед суутган төлөгчийн дөрөвдүгээр улирлын мэдээлэл дутуу харагдах хүндрэл үүсгэж байгаа. Тиймээс “И-баримт”-д суутган төлөгч хувь хүнд орлого олгосон тухайн сардаа төлбөрийн баримт үйлдэж, энэ мэдээлэл хувь хүний “И-баримт” руу татагдан мэдээллээ харах боломжийг бүрдүүлэх юм.

-Татвар төлөгч хувь хүн, байгууллага дараа оныхоо хоёрдугаар сарын 15-нд багтаж тайлангаа өгөх гэж олон асуудалтай тулгардаг. Энэ бүхнийг л хөнгөвчилж, хугацаа алдуулахгүй, амар хялбар байхад тустай гэж ойлголоо?

-Тийм ээ. Татвар төлөгч хувь хүн он дуусаад, дараа оныхоо хоёрдугаар сарын 15-ны дотор татварын тайлангаа гаргаж өгөх үүрэгтэй, тайлангаа гаргаж байж хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагддаг. Мөн тухайн байгууллага хувь хүнээс орлогын албан татвар суутгасан тайланг улирал бүрт өссөн дүнгээр өгч, жилийн эцсийн тайланг мөн л дараа оныхоо хоёрдугаар сарын 15-ны дотор татварын байгууллагад өгөх үүрэгтэй. Хувь хүн тайлангаа өгөхөд эхний гурван улирлын татварын мэдээллийг байгууллагын өмнөх тайлангуудаас татаад тухайн иргэний “И-Баримт” аппликейшн дээр харуулж болно. Гэтэл таны ажилладаг байгууллага жилийн эцсийн тайланг өгөөгүй тохиолдолд тухайн хүний сүүлийн гурван сарын мэдээг татах боломжгүй. Үүнийг шийдэх эхний хэлбэр болгоод хувь хүнд олгосон зарим орлогын төлбөрийн баримт үүсгэх цэсийг “И-Баримт”-д оруулсан байгаа.

-Татварын орлогоо онлайнаар харах, мэдэх боломжтой болох учраас цэнхэр дэвтэр ашиглахгүй гэсэн үг үү?

-Ингэснээр зөвхөн хувь хүнд гэлтгүй байгууллагын нягтлан бодогчийн ажил илт хөнгөрч байгаа юм. Жишээлбэл, орлого олгогчид тэр ажилтанд ийм хэмжээний орлого олгосон гээд төлбөрийн баримт гаргана. Энэ мэтчилэн хийж явж байсан мэдээнүүд нэгтгэгдээд хувь хүн жилийн тайлан гаргах үед орлого, татварын мэдээлэл тань таны “И-Баримт” аппликейшнд шууд харагдана гэсэн үг. Энэ байдлаар цэнхэр дэвтрийг цахимжуулснаар татвар төлөхөд үүсдэг гол үйл ажиллагаануудыг хялбарчилж өгч байна. Нэгдүгээрт, татвар төлөгч иргэнд өөрийнх нь орлого төлсөн татварыг хугацаа алдахгүйгээр харах боломжийг бий болгож байна. Хоёрдугаарт, татвар төлөгч иргэн тайлангаа хэнээс ч хамааралгүй заавал цэнхэр дэвтэр дээр бичүүлэхгүй гаргах боломжийг олгож байгаа.

-“И-Баримт”-д оруулсан цэсэндээ орлогын хэдэн төрлийг оруулж өгсөн бэ?

-Системийн эхний ээлжийн ажлууд хийгдэж байгаа учраас хувь хүнд олгох бүх орлогыг цахим систем рүү шилжүүлэх боломжгүй байгаа. Тухайлбал, цалин, хөдөлмөрийн хөлсний орлого, түүнээс суутгасан албан татвар, хадгаламж болон харилцах дансны үлдэгдэлд олгосон хүүгийн орлогын төрлийг оруулах нь системийн ачааллыг нэмэгдүүлэхээр байна. Одоогоор хувь хүнд олгосон ногдол ашгийн орлого, хүүгийн орлого, төлбөр, таавар, бооцоот тоглоомын хонжворын орлого, урлаг спортын тэмцээн болон наадмын бай шагналын орлого, албан татвар суутгаагүй олгосон орлого гэх мэт орлогын олон төрлийг оруулсан. Тэдгээр орлогыг олгож байгаа байгууллага нь төлбөрийн баримтыг гаргаж өгөх юм. Цаашдаа энэ орлогуудыг бүрэн бүртгэснээр “ТТ-12” тайлангийн мэдээ шууд бөглөгдөхөөр хөгжүүлэлт хийгдэнэ. Мөн хувь хүний орлогын төрлүүд нь татварыг суутгаж төлөх, татварыг суутгаж төлөхгүйгээр орлого олгох гэсэн хоёр янз байдаг. Татварыг суутгаж төлөхдөө “ТТ-12” тайлангийн маягтаар тайлагнаад, давхар “И-Баримт”-ын цэсэн дээрээ бичиж явна. Татварыг суутгахгүйгээр орлого олгоход хувь хүн өөрөө орлогоосоо зардлаа хасаж тайлагнадаг. Энэ тохиолдолд байгууллага “И-Баримт” аппликейшний “Хувь хүнд олгосон орлого цэсэн” дээр шивэлтээ бичихээс гадна хувь хүнээс “И-Баримт”-аа авах ёстой.

-Татварын орлогын системээ цаашдаа хэрхэн хөгжүүлэх вэ?

-Цаашдаа энэ орлогуудыг бүрэн бүртгэснээр "ТТ-12" тайлангийн мэдээ шууд бөглөгдөхөөр хөгжүүлэлт хийхээр зорьж байгаа.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Besin Beska(202.9.40.185) 2020 оны 04 сарын 19

94326400

0  |  0
Top