Ж.Чинбүрэн: Хавдраар өвчилсөн хүүхдүүдийн дийлэнх нь цусны хорт хавдартай байна

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 17

Монгол Улс хавдрын шалтгаант өвчлөл, нас баралтаар дэлхийд дээгүүрт ордог. Хавдрын өвчлөлийн шалтгаан болон хэрхэн өвчлөлийг бууруулж, эрт илрүүлэгт хамрагдахын ач холбогдлын Халдвар судлалын үндэсний төвийн эмч, анагаах ухааны доктор, гавьяат эмч Ж.Чинбүрэнтэй ярилцлаа. 


-Хавдрын үүсэх шалтгааны талаар яриагаа эхэлье?

-Хүний бие организмд хавдар үүсдэггүй эд эс гэж байдаггүй. Улмаар хорт хавдар болж хүний биеийг бага багаар идэж өвчлүүлдэг. Хорт хавдар үүсэх нь хүний настай шууд хамаатай бөгөөд хүн хөгшрөх тусам хорт хавдрын өвчлөх магадлал ихсэж байдаг. Дэлхийтэй харьцуулахад манай улс элэг, ходоод, умайн хүзүүний хорт хавдраар  дээгүүрт ордог. Монгол хүний дундаж наслалт 72 бол дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын дундаж наслалт 80-85 болчихлоо. Энэ нь юуг харуулж байна гэхээр манай улсад эрт  нас баралт их байна. Нас баралтыг бууруулахын тулд эрт илрүүлэх хэрэгтэй. Хорт хавдрын үүсгэдэг шалтгаанууд шинжлэх ухаанд тодорхой болчихсон шүү дээ. Тухайлбал, элэгний хорт хавдар нь B, C вируснээс, ходоодны хорт хавдар нь хеликабактераас, умайн хүзүүний хорт хавдар нь хүний папиллома вирус буюу  HPV-ээс хавдар үүсэх гол шалтгаан болдог. Эдгээр вирус хүний биед 20-30 жил үүрлэж, эд эсийг нь гэмтээсээр, аажимдаа хорт хавдар болох аюултай. Сүүлийн үед хорт хавдрын өвчлөл, нас баралт ихэслээ гэж байна. Өвчлөл гэдэг нь тухайн жилд хэчнээн хүн шинээр хорт хавдрын оноштой гарсан бэ гэдэг тоо. Тэр тоо нь жилдээ 6000 гаруй байдаг. Үүний 60 хувь нь нэг жилээс илүү амьдарч чаддаггүй нас бардаг.  Энэ бол гайхуулж ярих тоо биш. Үхлийн шалтгаан нь хүмүүс хожуу оношлогдож байгаагаас болж байна гэдгийг дахин хэлье. Хорт хавдраар өвчлөгсдийн 70-аас илүү хувь нь хожуу ирж эмчид хандаж байна. Энэ үед тавилан муу буюу эмчид эмчлэх боломж үлдээгүй байдаг.

-Хорт хавдрыг эрт илрүүлэхийн тулд “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр өргөн далайцтай хэрэгжиж байна. Үүний үр дүнгийн талаар?

-Засгийн газраас хэрэгжүүлж буй “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр дөрвөн жилийн өмнөөс идэвхтэй хэрэгжиж ирсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд В, С вирусийг нийт хүн амын дунд илрүүлэх аян өрнүүлснээр С вирусийг бүрэн эмчлэх боломж бүрдүүлж, В вирусийг унтуулах буюу идэвхгүй болгох эмчилгээ хийж байна. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд 1.3 сая иргэнд В, С вирусний шинжилгээ хийж 100 мянга гаруй хүн С вирусний эмчилгээнд орсон. С вирусний эм нь дэлхийн зах зээл дээр курс эмчилгээ нь 90 мянган ам.доллар байдаг. Монгол хүн санхүүгийн дарамтгүйгээр даатгалаараа эмээ үнэ төлбөргүй авч байгаа. Энэхүү хөтөлбөрийн үр дүнд ирээдүйд элэгний хорт хавдар багасаж, өвчлөлөөс урьдчилан сэргийлж чадна. Магадгүй 10 жилийн дараа элэгний хорт хавдар нэгдүгээрт биш бүр хамгийн сүүлд орох байх. Дараагийн жагсаалтад орж буй умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэгч хүний папиллома вирус буюу  HPV вируснээс сэргийлэхийн тулд өсвөр насны охидод хөхөнцөр вирусний вакцин хийж эхэлсэн. Дэлхийн өндөр хөгжилтэй 76  орнууд энэ вакциныг нэвтрүүлээд 15 жилийн туршлагатай болсон бөгөөд охидод төдийгүй хөвгүүдэд хийдэг болсон. Эрүүл мэндийн яамнаас Үндэсний дархлаажуулалтын зөвлөл гарч сайн дурын үндсэн дээр эмэгтэйчүүдийн дунд хөхөнцөр вирусний вакцин хийж байгаа. Энэ нь цаашид ирээдүйн эрүүл ээж нарыг бэлтгэх зорилготой.  Хэрэв та өсвөр насны охиндоо энэ вакциныг хийлгэхийг хүсвэл Хавдар судлалын үндэсний төв дээр ирээд хийлгэх боломжтой шүү.

-Хорт хавдрын оношийг эрт илрүүлэхийн тулд ямар, ямар төлөвлөгөө гарган ажиллаж байна вэ?

-Халдварт өвчин судлалын үндэсний төв хорт хавдрын асуудлаар шийдвэр гаргагч нарын анхаарал татах чуулганыг  Х.Нямбаатар гишүүнтэй хамтарч хийсэн. Энэ чуулганаар хүн амдаа чиглэсэн эрүүл мэндийн сэрэмжлүүлгийг гаргаж, иргэдэд ойртуулж ажиллахаар төлөвлөж байна. Аймгуудын Эрүүл мэндийн төв дээр нь хорт хавдрыг илрүүлэх цэгүүдийг байгуулж алс хязгаарт амьдарч буй хүн бүрд хүрч үйлчилнэ. Ховдод байгаа хүн нийслэлд ирж шинжилгээ өгөх боломж хомс учраас тусламжийг нь ойртуулах хэрэгтэй. Төсөвт таван тэрбум төгрөг суучихсан бөгөөд ажлаа эхлүүлэх гэтэл Ковид-19 гарчихаад хүлээлтийн байдалтай байна. Иргэд маань хорт хавдрын эрт илрүүлэлтийн оношилгоонд хамрагдахдаа их хойрго ханддаг л даа. 2012 оноос эхлээд Мянганы хөгжлийн сорилтын сангийн дэмжлэгээр Монгол Улсад умайн хүзүү, хөхний хавдрын эрт илрүүлэг хийж эхэлсэн. Энэ оношилгоонд эмэгтэйчүүд 50 хувьтай хамрагддаг. Энэ бол хангалтгүй тоо. Ялангуяа нийслэлд, тэр дундаа хамгийн их хүн амтай Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт хамрагдах хувьд муу байдаг. Эрт илрүүлэгт олон хүн хамруулахын тулд хамрагдсан хүнийх нь хувиар санхүүжилтийг нь олгоно гэсэн зарчим боловсруулж байгаа. Өөрөөр хэлбэл нэгдсэн төсөв өгөхгүйгээр гүйцэтгэлээр нь төсөв олгоно гэсэн үг. 

-Хүүхдийн хорт хавдар сэтгэл зовоосон асуудал боллоо?

-Нийт хүн амын дунд хүүхдийн хавдар ихсэж байгаа ч хүүхдийнхээ тоонд харьцуулахаар ихсээгүй. Бодит тоогоор авч үзвэл 2015 онд 617 хүүхдийн хавдар оношлогдсоноос 150 нь хортой хавдар байсан бол 2018 онд 702 тохиолдол бүртгэгдэж, үүний 260 нь хортой хавдар байсан. Энэ жил 320 хортой хавдар оношлогдсон. Нөгөө талаас технологи, оношилгоо их сайжирч байна. Хүүхдийг эхийн хэвлийд ураг байхад нь 5D эхогоор элэгнийх нь хавдрыг оношлоод төрснийх нь дараа 55 дахь хоног дээр нь хагалгаа хийж хавдрыг авч байсан. Хүүхдийн хавдрын 90 хувьд нь  Бластома нэртэй хавдар зонхилдог бөгөөд ямар ч эрхтэнд үүсэж болдог бөгөөд дөнгөж өсөж ургаж байгаа эдээс гаж хөгжлөөр үүсэж байгаа хавдар юм.  Энэ нь эмчлэгдэх боломжтой. Сүүлийн үед хүүхдэд цусны хавдар их илэрч байна. Хүмүүс хүүхдүүдээ ажиглаж байх хэрэгтэй. Жишээ нь, шалтгаангүйгээр хамраас нь цус гоожих, гар нь хүрэх төдийд хөхрөх зэрэг шинж тэмдэг илэрч болдог. Үүнийг цусны шинжилгээгээр л илрүүлнэ.

-Хорт хавдрын эмчилгээ болон Халдварт өвчин судлалын үндэсний төвд төсөв мөнгөний асуудал хэр гардаг вэ?

-Хорт хавдрын хийн, байн эмчилгээний өртөг асар үнэтэй байдаг. Сар амьдрахын тулд нэг эм уух ёстой. Тэр эмийг сар бүр ууснаар гурав, дөрвөн ч жил амьдарч чадаж байна. Харамсалтай нь тэр эм маш үнэтэй. Тэр эмийг жил уухад 100 ам.мянган доллар зарцуулдаг. Хүүхдийн болон том хүний хорт хавдрын талаар чуулганаар хөндөж ярьснаар 2020 оны төсвийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад голлох үүрэг гүйцэтгэсэн.  Манай Хавдар судлалын үндэсний төвийн төсөв 24 тэрбум төгрөг байдаг бол нэмж  6.7 тэрбум төгрөг олгогдсон.

-Хавдар судлалын үндэсний төвийн ачааллаа дийлэхээ больсон. Өдөр бүр урт дараалалд даруулдаг. Шинэ эмнэлэг барих сураг гараад л байгаа. Тэр ажил юу болж байна вэ?

-Манай эмнэлэг 1982 онд баригдсан байшин. Тэр үед манай улсын хүн ам дөнгөж нэг сая гарч байсан бол одоо гурав дахин ихэссэн. Хавдрын өвчлөлөөр улсдаа ганц эмнэлэг учраас  ачаалал ихтэй, тоног төхөөрөмж нь ганцхан манайд байдаг. Тийм учраас наашаа ирэх урсгал их. Монгол Улс даяараа энэ төвийг л зорьдог. Ирээдүйд энэ асуудлыг цогцоор нь шийдэхгүй бол болохгүй юм байна гэдэг дээр асуудал “Элэг нэгт монголчууд” сан, Х.Нямбаатар гишүүнтэй хамтарч санал нэгдэж дэлхийн жишигт нийцсэн Хавдар судлалын үндэсний төвийн том цогцолбор барих зорилго тээсэн. Тус цогцолбор барих газрыг Сонгинохайрхан дүүрэгт шинэ авто захын урд, Туул голын хойд талд дүүргийн иргэдийн хурлын нөөц газраас 10 га газар зөвшөөрөл нь шийдэгдсэн байгаа. Энэ ажилласны үр дүнд шийдэгдсэн. Эмнэлэг барих нь дараагийн шийдэгдэх асуудал бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их хурлын дарга бүгд дуу нэгтэй дэмжиж байгаа. Монгол гэхээр л ядуу, муугаараа дуудагдаж болохгүй, технологийн сүүлийн үеийн дэвшлийг авчирч, дэлхийн анагаах ухааныг нэвтрүүлж, иргэддээ санхүүгийн дарамтгүй үйлчилгээг үзүүлдэг  Азийн үлгэр жишээ томоохон цогцолбор барихаар зорьж байна.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(192.82.70.72) 2020 оны 04 сарын 19

Mundag emch shvv bas mongol hvmvvsdee elegtei sain emch saihan hvneleg setgeltei saihan emch

0  |  0
Зочин(37.76.23.184) 2020 оны 04 сарын 18

Ээ хөөрхий дарга нь пиар хийгээд л суух юм. Хавдры эмнэлэг гэтэл үнэхээр дампуу. Өвдөөд очсон хүнийг нэг дор хурдан оношлоод хурдан эмчлэх арга хэмжээ хвдаггүй. Баахан хувийн эмнэлэгүүд рүү хэдэн өдөр явуулж шинжилгээ хийлгэсээр байгаад эцэст нь эмчилгээ алгаа баяртай гэдэг. Гэтэл хурлацтай тархдаг хавдар бол уаг минутаар хэмжигдэж байдаг өвчин. Бид нэг хүнээ тэгээд л алдахдаа тулаад л сууж байна даа өнөөдөр

1  |  0
irgen(59.153.113.13) 2020 оны 04 сарын 17

Hujaa jims hytad himiin hortoi bvteegdehvvn ih idej uuj bn undaa ih hortoi shv de

0  |  0
Zochin(202.126.89.202) 2020 оны 04 сарын 17

Ajil hiisen negiin zereg ih emchiig UIH oruulah heregtei. Toirgiin songogchid l medne dee.

0  |  0
zochin (66.181.187.47) 2020 оны 04 сарын 17

Sain emch bithii uls turd orooroi

0  |  0
G(64.119.22.129) 2020 оны 04 сарын 17

T1

0  |  0
Z(202.9.46.31) 2020 оны 04 сарын 17

t1

0  |  0
Top