Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах ажил сүүлийн үед улам эрчимжиж байна. Арга ч үгүй биз. Хүн төрөлхтөн эх байгальгүйгээр амьдрах боломжгүй. Үйлдвэржилт, хотжилт, хөгжлийн талаар ярихдаа юун түрүүнд байгальд хэрхэн нөлөөлөх, тэрхүү нөлөөллөөс үүсэх үр дагаврыг яаж шийдвэрлэхээ төлөвлөдөг болжээ. Дэлхийн дулаарал, цөлжилтийн эсрэг тэмцэхэд энэ бүхэн чухал түлхэц болно. Тиймээс ногоон бодлого хаа сайгүй хүч түрэн орж ирж байна. Ийм гэгээн үйлсийг сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд тэргүүлэх болсон нь бүр ч сайн хэрэг. Саяхан “Зууны мэдээ” сонины хамт олон, сэтгүүлчид санаачилж “Ногоон бизнес-Тогтвортой хөгжил” хэмээх байгальд ээлтэй шилдэг төсөл шалгаруулах олон улсын уралдааныг эх орондоо анх удаа зохион байгууллаа. Үнэхээр бахархууштай юм. Ер нь эх дэлхийнхээ төлөөх санаачлагыг хил хязгааргүй сэтгүүлчид л түүчээлж байх учиртай ажээ. “Зууны мэдээ” сониныхондоо сэтгүүлчид маань цөмөөрөө баярлалаа гэж хэлж байна. Тэдний “Ногоон бизнес тогтвортой хөгжил 2011” гэсэн энэхүү шилдэг төсөл шалгаруулах олон улсын уралдаанд дэлхийн 17 улсын 16-35 насны залуус оролцлоо. Уг арга хэмжээний ерөнхий зохион байгуулагч бөгөөд ерөнхий ивээн тэтгэгч нь “Ажнай” корпораци байв. Колумб, Аргентин, Панам, АНУ, Энэтхэг, Индонези, Филипин, Тайвань, Хятад, Өмнөд Солонгос зэрэг орноос ирсэн залуучууд нийслэл хотод дөрвөн өдөр саатан морилж ногоон эх дэлхийн төлөөх шилдэг санаа, арга барил, төслүүдээ танилцуулсан юм. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч өнгөрсөн онд байгальд ээлтэй ногоон бизнесийг эх орныхоо тулгын гурван чулууны нэг хэмээн зарласан байна. Манай улс ч бас ялгаагүй, уул уурхай эрчимтэй хөгжих болсон энэ цаг үед ногоон бизнесийг илүү чухалд авч үзэж байгаа юм. Энэ талаар Засгийн газраас олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. Тиймээс уг уралдааныг дэмжиж, зохион байгуулалтын багт Засгийн газар болон МҮХАҮТ-аас “Ажнай” корпорацитай хамтарч ажилласан нь төр, хувийн хэвшлийн хоршмол үйл ажиллагааны үлгэр дуурайллыг олон нийтэд харуулж чадлаа. Уралдаанд оролцсон АНУ-д залуу бизнес төслийн анхны тэмцээнийг үндэслэгч Рой Томассон хэлэхдээ, “Ийм өргөн хэмжээний тэмцээнийг Монгол улсын шадар сайд, МҮХАҮТ, “Ажнай” корпораци зохион байгуулан ажилласан нь бахархмаар байна. Хамгийн чухал нь Монголын тэргүүлэгч аж ахуйн нэгж “Ажнай” корпораци эх орондоо энэ бизнесийг өргөжүүлэн хөгжүүлэхэд санаачлага гаргаж, дэлхийн 17 улсын дэмжлэг, талархлыг хүлээсэн нь танай улсын хувийн хэвшлийн дэлхий дэх нүүр царайг илтгэж байна” гэсэн юм. Ийнхүү “Ажнай” корпораци эдгээр улс орнуудын дундаас өөрсдийн төслөөрөө шалгарч тэрхүү төслөө эх орноосоо хэрэгжүүлж эхлэхээр болжээ. “Зууны мэдээ” сонины хамт олон ийм томоохон арга хэмжээ зохион байгуулах санаачлагыг нь дэмжиж шагналын санг хариуцахаар болсон Оюу толгой үйлдвэрийнхэнд талархаж байлаа. Мөн “Ажнай” корпорацийн Ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ ч бас тэдэнд муугүй хандив өгч, энэхүү олон улсын арга хэмжээнд нүүр тахалж оролцсон болов уу. Ямартай ч Монголд анх удаа болсон энэ тэмцээнд “Ажнай” тэргүүллээ. Д.Бат-Эрдэнэ захирал бол Өмнөговь аймгийн уугуул. Тэр нутагтаа ихийг хийж бүтээж байгаа. Цаашид ч төлөвлөсөн ажил мундахгүй их гэнэ. Тус аймгийн нутаг өнөөдөр бараг бүхэлдээ лицензээр дүүрчихсэн байгаа. Тус аймагт байгалийн баялаг жинхэнэ оргилж эхэлсэн. Энд дэлхийн баячууд анхаарлаа аль хэдийнээ хандуулаад байна. Байгаль нь ч ихээхэн сүйрч эхэлсэн. Оюу толгой, Таван толгойгоос урагш хойш цуврах хүнд даацын машины зам харгуй, өрөмдлөг хайгуул, олборлолтын ажлууд ёстой оволзож байна. Товчоор хэлвэл, уурхай дагасан их сүйтгэл өрнөж байгаа ажээ. Д.Бат-Эрдэнэ захирлын “Ногоон бизнес-Тогтвортой хөгжил” төсөл яг эндээс, түүний төрж өссөн нутаг орноос эхлэх болов уу.
Х.Тулга
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )