Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жил, Их Монгол улс байгуулагдсаны 805, Ардын хувьсгалын 90 жилийн ойн баярын арга хэмжээний тасалбар, нэвтрэх зөвшөөрлийн үнийг баталжээ. Төв цэнгэлдэх хүрээлэнд болох баярын арга хэмжээний тасалбар секцээсээ хамаарч 13-24 мянган төгрөг байх аж. Үүнд 1-4 болон 14-17 дугаар секцийн тасалбар 24 мянган төгрөг, 9,10 дугаар секц 15 мянган төгрөг, 6-8, 11-13 дугаар секцийн тасалбар 13 мянган төгрөгний үнэтэй байна. Харин автомашины А, Д, Ж зөвшөөрөл 20 мянган төгрөг, Б зөвшөөрөл 15 мянга, Ү, М зөвшөөрөл 10 мянга, Г зөвшөөрөл 8000, М зөвшөөрөл 3000 төгрөгийн үнэтэй байна. Мөн баяр наадмыг сурвалжлах сэтгүүлчдийн мандатны үнэ ханшид өөрчлөлт ороогүй, дотоодын сэтгүүлчид 15 мянган төгрөг, гадаадын сэтгүүлчид 100 ам.долларын хураамж төлөх юм. Улсын баяр наадмын нээлтийн арга хэмжээг Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров, Төрийн шагналт бүжиг дэглээч С.Сүхбаатар, ҮДБЭЧ-ын ерөнхий найруулагч Б.Ганболд нар найруулах бөгөөд дөрвөн хэсгээс бүрдэх наадмын нээлтэд 4000 гаруй хүн оролцохоор бэлтгэл ажлаа хийж байна. Зэвсэгт хүчний цэрэг, офицеруудаас бүрдсэн 1000 гаруй морьтон, Завханы Отгонтэнгэрийн тахилгад оролцсон 999 морин хуурч хүүхэд, 500 гаруй бие биелээч, 1500 гаруй хөгжимчин, дуучин уран бүтээлч нээлтийн үйл ажиллагаанд оролцох аж. Мөн энэ жилийн баяр наадмаар морьтой цагдаа эргүүл хийж, хэв журам сахиулна. Төв цэнгэлдэх болон Хүй долоон худагт тус бүр морьтой зургаан цагдаа эргүүлд гарах болжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )