Хуурамч шатахууны түүхий эд болдог бодисыг онцгой албан татварт хамруулах хуулийн төсөл өргөн барьжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 04 сарын 19

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн баасан /2020.04.17/ гарагт УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьжээ. Хуулийн төсөлд керосин, нафта хэмээх хуурамч шатахууны гол түүхий эд болдог бодисыг импортлоход онцгой албан татвар ногдуулах зохицуулалтыг тусгасан байна. 

“Хуурамч шатахууны асуудал 2015 оны арваннэгдүгээр сард онцгой албан татварын хувь хэмжээг 400 мянган төгрөг, дизель түлшинд 520 мянган төгрөг болгож тогтоосон үеэс эхтэй бөгөөд түүнээс хойш дээрх төрлийн завсрын бүтээгдэхүүний эрэлт огцом нэмэгдэж, урьд нь 20, 30 мянган тонн орж ирдэг байсан бол 2016 онд 100 мянга, 2017 онд 150 мянган тонн болж өссөн мэдээ байна” гэж хууль санаачлагч төслийн танилцуулгадаа дурджээ. Дээрх бүтээгдэхүүнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхэд онцгой албан татвар ногдуулдаггүй, ямар нэг тусгай зөвшөөрөл шаардлагагүй байдаг ажээ.

Нефть үйлдвэрлэл, борлуулалтын үйл ажиллагаа явуулдаг зарим компани манай улсад хуурамч шатахуун үйлдвэрлэн, шатахуун түгээх станцуудад нийлүүлж, иргэдийг хохироосоор байгаа нь хяналт шалгалтаар тогтоогдож байсан бөгөөд энэ төрлийн түүхий эдийн хольцтой хуурамч шатахууны нөлөөгөөр автомашин, тээврийн хэрэгсэл эвдэрч, иргэд, аж ахуйн нэгжид жилд 50-60 тэрбум төгрөгийн хохирол учирч байгаа аж.

Хуурамч шатахууныг үйлдвэрлэж, борлуулснаар:

-Хольцтой шатахуун хэрэглэсэн  автомашины карбюратор, поршин амархан муудаж, иргэдэд эдийн засгийн хохирол учруулах;

-Газрын тосны дайвар бүтээгдэхүүнийг онцгой татваргүй оруулж ирээд онцгой татвартай бүтээгдэхүүнд хольж татвараас зугтах;

-Нийтийн тээврийн хэрэгсэлд хэрэглэснээр утаа их гарч, байгаль орчны бохирдолд нөлөөлөх;

-Бизнесийн шударга өрсөлдөөний зарчмыг алдагдуулах зэрэг олон төрлийн сөрөг нөлөө үзүүлж байгаа юм.

Иймд дээрх бүтээгдэхүүнд онцгой албан татвар ногдуулснаар татварын бааз суурь тэлж, хуурамч шатахууны үйлдвэрлэлийг хумих, иргэд, байгууллага, улс орны эдийн засагт учирч буй хохирлоос сэргийлэх чухал ач холбогдолтой гэж  хууль санаачлагч үзсэн байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.179.27.131) 2020 оны 04 сарын 19

МАН бга үед шийдэгдэхгүй МАН улам мангар болоод бга юм бишүү

0  |  0
1(202.21.109.36) 2020 оны 04 сарын 19

onoo avahiin moroodol boljee

0  |  0
ггг(103.26.193.133) 2020 оны 04 сарын 19

зөв шүү.

1  |  0
Иргэн(66.181.161.61) 2020 оны 04 сарын 19

УИХ ганц нэг гишүүд хааяа нэг зөв хууль оруулахаар баталдаггүй цааргалаад байдгаа болиорой.

1  |  0
Top