Шатахууны дарамтаас Монголчууд мөддөө салахгүй бололтой. Оросууд олон жил биднийг дарамталж байна. “Роснефть” компаниас өөр ханган нийлүүлэгчгүй болохоор арга ч үгүй биз. Саяын хэдэн өдрийн хомсдолын бачуурал дунд Эрдэс баялаг Эрчим хүчний сайд Д.Зоригт Хятад руу шатахууны бадар барихаар явсан боловч бага хэмжээгээр, өндөр үнэтэй шатахуун нийлүүлэх болсон. Гэхдээ үнийг хөөргөдөх үндэсгүй гэж эрх баригчид үзэж байлаа. Энэ үеэр Америкчууд Ливид цэргийн цохилт өгч, НАТО-гоор далайлган нефтийг нь зөөж эхэлсэн юм. Лив улс нефтийн чанараар дэлхийд тэргүүлдэг. Эндээс америкчууд урьд нь маш бага нефть ачдаг байлаа. Өдөрт ойролцоогоор 50 мянга орчим тонныг эх орон руугаа зөөдөг байсан гэнэ. Гэтэл Ливийн дарангуйлагч дэглэмийг зад татан, НАТО-гийн нисэх хүчнийг дайчлан бөмбөгдөгч онгоцуудыг нисгэн сүрийг үзүүлж ийнхүү чанартай нефть авч байна. Сүүлийн өдрүүдэд тэд урьдынхаасаа хэд дахин их нефть тээвэрлэж байгаа ажээ. Ганц эндээс ч биш, Арабаас Америкт нийтдээ нийлүүлэлт ихэссэн байна. Ингэж дотоодын нефтийн нийлүүлэлтээ сайжруулан үнийг унагав. Түүхий нефть тонн нь 100 долларт хүрлээ. Харин манайд нефтийн бүтээгдэхүүн улам өсч байна. Гэхдээ Америк, Монгол хоёрыг харьцуулшгүй. Тэгээд ч нефтийн зах зээлийн ханшийг тэндэхийнхээр тооцоход бас төвөгтэй. Зах зээлийн бүс нутгийн ханш нь бага зэрэг зөрүүтэй. Гэлээ гэхдээ тэднээс сурах юм бас мундахгүй их байна. Юув гэвэл наад зах нь Америкчууд нефтийн баялагаар шалдаа буучихсан улс биш. Тэнд нефтийн орд газрууд зөндөө байдаг ч ашигладаггүй. Яагаад гэхээр стратегийн ийм түүхий эдээ нөөцөлдөг. Харин манайх бол Хятад руу өдөр шөнөгүй түүхий нефть ачуулж байгаа. Гайгүй сайн боловсруулах үйлдвэр барих юм болоод тооцоо хийгээд үзтэл одоо гаргаж байгаа нефть маань харин хүрэлцэхгүй гэж байна. Энэ мэт бодох зүйл тун их боллоо. Ядаж дотоодын хэдэн луйварчдаасаа салчихвал бид тэнгэрийн од шүүрэхтэй адил болох гээд байгаа юм. “Роснефть” компанитай хуйвалдан монголчуудаа шулах аянд хэдэн жилийн турш дөрөө харшуулан яваа “Ник-Петровис”, “Сод монгол” группын талаар энд ярихгүй өнгөрч ер болохгүй. “Ник-Петровис”-ыг талийгаач ш.Отгонбилэгийн хүү Содбилэг удирдаж байгаа. “Сод Монгол”-ын захирал нь Анандбазар. Хоёулаа МАН-ын бага хурлын гишүүн. Өөрөөр хэлбэл улс төр рүү хөл тавьж яваа хүмүүс юм. Монгол дахь нефтийн бүтээгдэхүүний үнэ яаж өсөх, буурах нь энэ хоёр хүний ааш араншингаас хамааралтай гэж хэлж болох ажээ. Тэд үндсэндээ “Роснефть”-ийн заавраар ажиллаж байгаа бололтой. Өнгөрөгч амралтын өдрүүдэд бензин, дизель түлшний үнийг 100-110 төгрөгөөр нэмж шоглоом хийлээ. С.Баярын засгийн газрын үед тэд мөн л ийнхүү үнэ нэмэх “тушаалаа” шатахуун импортлогч бусад 10 гаруй компанид өгч байсан гэнэ. Тэдгээр компаний захирлуудыг Ерөнхий сайд хүлээн авч уулзаад үнээ боломжийн хэмжээнд нь буулгах талаар ярихад зөвшөөрөөгүй. Тэр бүү хэл алдангитай байгаа мэтээр тайлбар тавьсаар төсвөөс 20 гаруй тэрбум төгрөг гаргуулж дөнгөсөн. Тэгвэл одоо яг л ийм схемээрээ ажиллаж эхлэх гэж байна. Шатахууны асуудалтай холбогдуулан Засгийн газраас ажлын хэсэг томилон үнэ ханшийн байдлыг бодитоор цэгнэж үзэх болсон. Үүнийг сөргүүлэн тэд зориуд иргэддээ дарамт учрууллаа. Одоогоос сарын мөн бас үнэ өсгөж байсан. Үүнийгээ тэд өнгөрсөн оны урамшууллын үнэ бууруулалтаа нөхөж авч байна гэсэн маягтай тайлбарласан. Нэгэн бодлын доромжлол гэлтэй. Аль ч барааны дэлгүүр үнэ хямдруулсан урамшууллаа дараа жил нь эргүүлээд үнэ өсгөн нөхөж авдаггүй. Ийм жишиг дэлхийд хаана ч байхгүй. Гэтэл “Ник-Петровис”, “Сод Монгол” мэтийн монополь компаниуд одоо эдийн засгийн өширхөл юм уу гэмээр мугуйд бодлоо тулгаж эхэлжээ. Оросууд нийлүүлэлтээ хасч, үнэ нэмсэн ч энэ хэдэн өдрүүдэд шатахууныг үнийг ингэтэл өгсөх шаардлага үнэндээ байгаагүй гэж мэргэжлийн зарим хүмүүс хэлж байгаа ажээ.
Б.Отгонбаяр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )