-Дорнод аймагт ноолуурыг кг нь 105 мянган төгрөгөөр авч эхэллээ-
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/, Хөгжлийн банктай “Бодлогын гэрээ” байгуулсан "Далайн одод трейд" ХХК Дорнод аймагт ноолуурыг өчигдрөөс эхлэн 105 мянган төгрөгөөр авч эхэллээ. ХХААХҮЯ-ны холбогдох хүмүүс өнгөрсөн амралтын өдрүүдэд Дорнод аймагт очиж, ноолуур малчдаас худалдан авах ажиллагааг албан ёсоор эхлүүлсэн байна.
Шинэ төрлийн коронавирус өвчний халдвар олон улсад тархаж, цар тахлын хэмжээнд хүрсэн онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газар ноолуурын үнийн уналтаас хамгаалах, үндэсний үйлдвэрүүдийг чанартай түүхий эдээр хангах, ажлын байрыг бууруулахгүй байх, экспортыг дэмжих зорилгоор малчдын ноолуурын үнийг бууруулахгүй байх шийдвэрт хүрсэн. Монгол Улсын Хөгжлийн банкны эх үүсвэрээр олгох хөнгөлөлттэй зээлд хамрагдсан аж ахуйн нэгжүүд эхнээсээ малчдаас ноолуур бэлтгэж эхэлсэн байна. Хөгжлийн банкнаас зээлийн шалгуур хангасан "Далайн одод трейд" ХХК Дорнод аймгаас малчдын ноолуурыг авч эхэллээ.
Энэ талаар ХХААХҮЯ-ны олон нийттэй харилцах ажилтан Т.Төрмаагаас тодруулахад “Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банкны шалгуур хангасан гурав, дөрвөн аж ахуй нэгж ноолуур авахад бэлэн болоод байна. Дорнод аймгаас эхний нэг компани ноолуур авч эхэллээ. Цаашид Хөгжлийн банкны зээлийн шалгуур хангасан компаниуд аймгуудад ноолуур авч эхэлнэ. Гэхдээ ноолуурын чанараас шалтгаалж аймгуудаас өөр өөр үнээр авах юм. Хөнгөлөлттэй зээл хамрагдах, малчдаас ноолуур худалдан авах хөтөлбөрт хамрагдахаар анх Ноос, ноолуурын холбоонд 20 гаруй аж ахуй нэгж хандсан байсан. Одоо бол нэмэгдсэн. Хөтөлбөрт хамрагдсан аж ахуй нэгжүүд бүх аймгуудаас ноолуур худалдан авна” гэлээ.
"Бодлогын гэрээ"-гээр ноолуур бэлтгэх хөнгөлөлттэй зээлд хамрагдаж буй аж ахуйн нэгж нь малчдын орлогыг бууруулахгүй, стандартын шаардлага хангасан, сайн чанарын ноолуур бэлтгэх, “Бодлогын гэрээ”-нд тусгасан ноолуурын чанараас хамааран ноолуур худалдан авах доод үнээс доош худалдан авалт хийхгүй байх, малчин, малчны хоршоо бусад бэлтгэн нийлүүлэгчдээс ноолуур худалдан авсан баримт, малчдын жагсаалтаа сумын хөдөө аж ахуйн тасгаар баталгаажуулж банканд хүргүүлэх үүрэг хүлээж буй юм. Харин банк нь сумын Хөдөө аж ахуйн тасгаас баталгаажуулсан малчдын жагсаалт болон холбогдох баримт бичгийг үндэслэн ноолуур худалдан авсан төлбөрийг зөвхөн малчны дансанд шилжүүлэх үүргийг хүлээж байгаа юм.
ХХААХҮЯ-наас өгсөн мэдээллээр “Аймаг, бүсийн газар зүйн байршил, цаг агаар, ноолуур бэлтгэлийн хугацаа, ямааны үүлдэр угсаа зэргийн ялгаатай байдлаас шалтгаалан ноолуурын өнгө, чанар өөр өөр байдаг. Иймээс ноолуурын үнэ аймаг, сумдад харилцан адилгүй тогтдог. Орон нутгаас ноолуур худалдан авахад баримтлах доод үнийг тогтоохдоо дээрх онцлог, өнгөрсөн оны ноолуур бэлтгэлийн дундаж үнэ, энэ жилийн дэлхий нийтэд үүссэн нөхцөл байдалтай холбоотой дэлхий зах зээл дэх ноолуурын үнэ, ханшийн уналт зэргийг харгалзан үзэж байгаа” гэв.
Ноолуурын чанар, үүлдэр угсаа, байршлаас хамаарч ноолуурын үнийг дөрвөн өөр үнээр худалдан авах шийдвэрийг ХХААХҮЯ-наас гаргажээ. Зүүн бүс буюу Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудад нэг кг ноолуурын доод үнэ 105 төгрөг, төвийн бүсийн аймгуудад 85 мянган төгрөг, хангайн бүсийн аймгуудад 85-90 мянган төгрөг, баруун бүсийн аймгуудад 75-85 мянган төгрөгөөс дээш үнээр худалдан авах шийдвэрийг гаргажээ.
МАЛЧИД НООЛУУРАА БОРЛУУЛАХААР ДАРААЛАЛ ҮҮСГЭЖ ЭХЭЛЖЭЭ
Дорнод аймагт малчдын ноолуурыг 105 мянган төгрөгөөр авч эхэлсэн бол өчигдөр Сүхбаатар аймагт ноолуур худалдан авах зар гаргасан байна. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд “Дорнод аймгаас дөрөвдүгээр сарын 20-нд ирж ноолуур авна” гэсэн зар гаргажээ. Энэ мэдээллийн сургаар өчигдөр өглөөнөөс эхэлж Эрдэнэцагаан суманд иргэдийн дараалал үүссэн байна.
Дорнод, Сүхбаатар аймгуудаас бусад аймгуудад өнөөдрийн байдлаар Хөгжлийн банктай “Бодлогын гэрээ” байгуулсан аж ахуй нэгж ноолуур худалдан авч эхлээгүй байна. Иймд аймгуудад ноолуурын үнэ хямд үнэтэй байгаа юм. Ноолуур нэг кг нь Дундговь аймагт 45000 төгрөг, Архангай, Өвөрхангай аймгуудад 50000 төгрөгийн үнэтэй байна. Баруун аймгуудад ч ноолуурын үнэ 45000-50000 төгрөгөөр ченж нар худалдан авч байгаа талаар албаны хүмүүс мэдээллээ.
Архангай аймгийн Өндөр-улаан сумын малчин Н.Мөнхбаяраас ноолуурын үнэтэй холбоотой мэдээлэл авахад “Аймгийн төвд ноолуураа өгөхөөр өнөөдөр /өчигдөр/ ирлээ. Гэвч ноолуур худалдан авах ченж цөөхөн байна. Нэг кг ноолуурын үнэ 50 мянган төгрөг байна. Ноолуур хямд үнэтэй байгаа учраас борлуулсангүй. Засгийн газраас нэг кг ноолуурын үнийг 100 мянган төгрөг болгоно гэж байсан. Энэ амлалтдаа хүрэх хэрэгтэй. Хаваржилт хүндэрч, малаа өвс тэжээлээр бордох шаардлага тулгарч байна. Гэтэл өвс, тэжээлийн үнэ өссөн, малчдад худалдан авах мөнгө байхгүй байгаа. Ноолуураа өгөх гэхээр хямд үнэтэй байдаг. Өгөх хэцүү, байх хэцүү болоод байна” гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )