Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор энэ сарын 18-нд нэвтэрсэн иргэнээс авсан шинжилгээний хариу эерэг гарсан тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Энэ тохиолдол нь олон улсын тээврийн жолоочоос илэрчээ. Одоогоор өвчтөнийг ХӨСҮТ-д тусгаарласан байгаа бөгөөд хамт ирсэн гэр бүлийн хүнийг нь мөн тусгаарлаж, шинжилгээнд хамруулсан байна.
Эдгээр иргэд нь өнгөрөгч хоёрдугаар сарын 21-нд ОХУ-аар дамжин Унгар улсын Будапешт хот руу яваад, энэ сарын 18-нд Монгол Улсад ирсэн өгүүлэмжтэй аж. Дээрх иргэнийг ирсэн даруйд Сэлэнгэ аймагт зочид буудалд ганцаарчлан тусгаарласан байжээ.
Халдвар гадуур тархаагүй, өвчтөнтэй харилцсан албаныхан бүгд халдвар хамгааллын хэрэгсэлтэй байсан гэх мэдээллийг албаныхан өглөө. Гэхдээ өмнө нь Алтанбулагийн хилээр иргэдээ оруулах, тусгай үүргийн нислэгээр хүмүүсийг авчрах явцад коронавирусийн тохиолдол зөөвөрлөгдөх эрсдэл байсан. Харин тээврийн жолоочоос коронавирус илэрсэн нь дахин өөр эрсдэл, зам бий болсныг харуулж байна гэдгийг анхаарууллаа.
Халдвар илэрсэн өвчтөний гэр бүлийн хүнээс одоогоор халдварын шинж тэмдэг илрээгүй байгаа талаар ЭМЯ мэдээлэлдээ онцлов.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан олон улсын тээврийн үйлчилгээнд явж байгаа 79 жолоочийг мөн тусгаарлаад байна.
ШУУД ҮЗЭХ