Багануурын нүүрсний уурхайн ажилтан, ажиллагсад өчигдөр хуралдаж, сүүлийн үед нэр бүхий улс төрчдийн анхаарлыг татаад байгаа "Багануур" ХК-ийн гүйцэтгэх захирлын томилгооны асуудалд өөрсдийн байр сууриа илэрхийллээ.Тус компанийн гүйцэтгэх захирал, гавьяат уурхайчин Д.Дамбапэлжээ гавьяаныхаа амралтыг эдлэхээр чөлөөндөө гарах гэж буй учир УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир тэргүүтэй зарим улс төрчид халааг нь авах хүний томилгоонд санаа тавьж, Төрийн өмчийн хороо, Эрдэс баялаг, эрчим хүчний яамны удирдлагуудад өөрсдийн хүнийг санал болгоод байгаа гэнэ. Харин Багануурын уурхайчид улс төрийн лоббиг эсэргүүцэж, хэрвээ нүүрсний салбарыг мэддэггүй, хэн нэгэн улс төрчийн "халаасны хүн" ирвэл хүлээж авахгүй гэдгээ Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар нарт мэдэгдэж, өргөх бичиг барьжээ. Өргөх бичгийн хариуг хэрхэн өгөхөөс шалтгаалж, тэмцлийн дараагийн хувилбарыг сонгоно гэдгээ уурхайчид сануулжээ.Тус уурхай нь Монгол Улсын нүүрсний хэрэгцээний 50 хувь, төвийн бүсийн нүүрсний хэрэгцээний 60 хувийг дангаараа хангадаг юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )