Стандарт хангасан ажлын байрны гэрэлтүүлэг нь ажилчдын харааны хэвийн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 22

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2020” арга хэмжээ үргэлжилж байна. Тус арга хэмжээг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газраас “АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨЛӨӨ АМАА НЭЭЦГЭЭЕ” уриан дор улс орон даяар зохион байгуулж байна.                                                       

Энэ жилийн хувьд дэлхий нийтэд эрчимтэй тархаж буй “COVID-19” цар тахлаас урьдчилан сэргийлэхийн тулд олон нийтийг хамарсан төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулахгүй байх шийдвэрийг Улсын онцгой комиссоос гаргасан. Тиймээс “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2020” арга хэмжээ болон үйлдвэрлэлийн орчин нөхцөлийг сайжруулах, ажилтныг ажлын байран дахь осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөл бусад эрсдлээс сэргийлэх зөвлөгөө мэдээллийг цахим хэлбэрээр олон нийтэд хүргэсээр байгаа юм.

Энэ удаа ажлын байрны гэрэлтүүлгийн асуудлаар Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төвийн Хөдөлмөрийн эрүүл ахуйч Х.Чинзаяатай ярилцлаа


-Бидний төдийлөн анзаардаггүй зүйлүүдийн нэг бол ажлын байрны гэрэлтүүлгийн асуудал. Стандарт хангасан ажлын байран дахь гэрэлтүүлэг яагаад чухал вэ? 

-Ажлын байран дахь гэрэлтүүлэг нь ажилтан бүрийн эрүүл мэнд, аюулгүй байдалд чухал байдаг. Бидний харах чадвар нь хүрээлэн буй орчны гэрэлтүүлэгтэй холбоотой бөгөөд мэдээллийнхээ 85%-ийг харах мэдрэхүйгээрээ хүлээж авдаг. Ажлын байрны гэрэлтүүлэг нь буруу төлөвлөлттэй, стандартын шаардлагад нийцэхгүй байх нь ажилтанд харааны эмгэг, тухгүй байдлыг үүсгэх, ажлын бүтээмжийг бууруулах, үйлдвэрлэлийн ослын шалтгаан болох зэрэг сөрөг үр дагаврыг үүсгэдэг. Иймд үйлдвэрлэлийн ажлын байрны гэрэлтүүлгийг анхнаас нь зөв төлөвлөх, гэрлийн төрлийг сонгох, суурилуулах, гэрэлтүүлгийн хэмжээг тодорхойлох нь чухал ач холбогдолтой. Ажлын байр бүрийн гэрэлтүүлгийн тохиромжтой хэмжээ, гэрлийн өнгийг тодорхойлох нь ажилчдын сэтгэлзүй-физиологийн хэвийн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг.

-Тэгвэл ажлын байрны гэрэлтүүлэг нь ямар стандарт шаардлага хангасан байх ёстой вэ?

-Барилга байгууламжийг шинээр төлөвлөхдөө гэрэлтүүлгийг “БНбД 23-02-08  байгалийн ба зохиомол гэрэлтүүлэг” баримт бичигт заасны дагуу гүйцэтгэх нь маш чухал. “Ажлын байран дахь гэрэлтүүлгийн хэмжилт, зөвшөөрөх хэмжээнд тавих ерөнхий шаардлага MNS 6767:2019”  стандартын дагуу ажлын байрны гэрэлтүүлэг нь жигд тархсан, ажилтны нүдрүү шууд тусахгүй, гялбалт, сүүдэр үүсэхгүй, ашиглахад хялбар байх ёстой. Ялгаж харах юмсын хэмжээ том, өнгөний ялгарал тод байх, тухайн ажлыг богино хугацаанд эсвэл хааяа хийдэг ажлын үед гэрэлтүүлгийг багасгаж болно. Харин харах чадвар ихээр шаардсан, харах талбай байнгын хөдөлгөөнтэй, ажлын явцад гарах алдааг засах зардал ихтэй нөхцөл, өндөр нарийвчлал, өндөр бүтээмж шаардсан ажил, ажилтны харааны эрхтний чадвар буурсан, ялгаж харах юмсын хэмжээ, өнгөний ялгарал маш бага, ажлын үргэлжлэх хугацаа их зэрэг нөхцөлд гэрэлтүүлгийн хэмжээг нэмэгдүүлэх хэрэгтэй. Гэрэлтүүлгийн зөвшөөрөх хэмжээ нь ажлын төрөл болон тухайн ажлын байр барилгын гадна эсвэл дотор байрлаж байгаагаас хамааран өөр өөр байдаг. Жишээлбэл харааны ажлын 8 зэрэг байдаг ба нарийвчлал өндөр, ялгаж харах объектын хэмжээ 0.15 мм-ээс жижиг байх ажлын байранд гэрэлтүүлгийн зөвшөөрөх хэмжээ 1000-1500 люксээс дээш, хагалгааны хэсэгт 105 люкс, компьютер дээр ажиллах ажлын байр 500 люкс, байнга хүнтэй байх ажлын болон ахуйн байр 100 люксээс багагүй гэрэлтүүлэгтэй байна.

-Ажлын байранд цахилгаан тасарсны улмаас гэрэлтүүлэггүй үед ямар арга хэмжээ авч ажиллах вэ? 

-Зохиомол гэрэлтүүлгийн нэг төрөл болох ослын гэрэлтүүлэг нь байгууллага бүрт байх шаардлагатай. Ослын гэрэлтүүлэг нь аюулгүйн ба нүүлгэн шилжүүлэлтийн гэсэн 2 янз байдаг.  Аюулгүйн гэрэлтүүлэг нь осол болон гэнэтийн шалтгаанаар цахилгаан тасрахад ажил үргэлжлүүлэн явуулахад зориулагдсан байна. Үйлдвэрийн осол, хордлого, гал түймрийн аюул, үйлдвэрлэлийн технологи үйл ажиллагаа удаан хугацаагаар алдагдахаас сэргийлэх зорилгоор цахилгаан станц, мэдээлэл холбооны сүлжээ, ус хангамж, агааржуулалтын систем, тогтмол ажиллагаатай байх ёстой үйлдвэр, ажлын байрууд аюулгүйн гэрэлтүүлэгтэй байна. Нүүлгэн шилжүүлэлтийн гэрэлтүүлгийг 50-иас олон хүнийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай барилга байгууламжийн ослын ба үндсэн гарц, 6 давхар ба түүнээс өндөр орон сууцны барилгын шатны тавцан, гэрэлтүүлэггүй болсон ч тоног төхөөрөмж нь үргэлжлэн ажиллаж байгаа үүний улмаас осол гарах өндөр эрсдэлтэй үйлдвэрийн байр, нэгэн зэрэг 100-аас олон хүн ажилладаг эсвэл цуглардаг үйлдвэрлэлийн туслах барилга болон ахуйн байр нийтийн байр, байгалийн гэрэлтүүлэггүй үйлдвэрийн байруудад заавал байна.

-Ямар төрлийн ажил эрхлэдэг хүмүүс харааны эмгэгт өртөх эрсдэлтэй вэ?

-Гэрлийн орчин болон харааны ачаалал шаардсан нөхцөлд ажилладаг, маш бага хэмжээтэй зүйлсийг ялган таних, удаан хугацаагаар харах шаардлагатай, харааны нэмэлт хэрэгсэлтэй ажилладаг ажиллагсадын хувьд эрсдэлтэй. Ийм төрлийн ажил эрхлэдэг хүмүүс нүдний эмгэг илрүүлэх үзлэг оношлогоонд тогтмол хугацаанд хамрагдах шаардлагатай. Мөн өндөрт ажилладаг, 12В тогтмол гүйдэл, 36В дээш хувьсах гүйдлийн хүчдэл бүхий цахилгаан төхөөрөмж, суурилагдсан цахилгаан тоног төхөөрөмжтэй харьцан ажилладаг, гадаа болон газрын дор гүйцэтгэдэг, галт зэвсэгтэй харьцдаг, цэрэгжүүлсэн албаны ажлууд, хорт хийнээс хамгаалах, нүүрний бүтэн баг хэрэглэж гүйцэтгэдэг ажлууд, нийтийн тээврийн хэрэгслийн жолооч, хүнд даацын машины жолооч, өргөн зурваст спектрийн давтамжтай цахилгаан соронзон талбайд ажилладаг ажилтнууд нүдний эмгэг илрүүлэх үзлэгт хамрагдах хэрэгтэй.

-Гэрэлтүүлгийн шалтгаант нүдний эмгэгээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Шинээр үйлдвэр, барилга байгууламжийг барихдаа байгалийн болон зохиомол гэрэлтүүлгийг стандартын дагуу зөв төлөвлөх хэрэгтэй. Үйлдвэрийн байрны гэрэлтүүлгийг зураг төслийн үе шатнаас эхлэн зөв төлөвлөх, гэрлийн төрлийг сонгох, суурилуулах, гэрэлтүүлгийн хэмжээг тодорхойлох шаардлагатай. Ажлын байрны онцлогоос шалтгаалж ерөнхий гэрэлтүүлгийн хэмжээ хангалтгүй байвал нэмэлтээр гэрэлтүүлгийг суурилуулж болно. Гэрлийн орчин болон харааны ачаалал шаардсан нөхцөлд ажилладаг, маш бага хэмжээтэй зүйлсийг ялган таних, удаан хугацаагаар харах шаардлагатай, харааны нэмэлт хэрэгсэлтэй ажилладаг ажиллагсадын ажил амралтын горимыг зохицуулж өгөх хэрэгтэй. Агаарт бохирдол их үүсгэдэг ажлын байрны гэрэлтүүлэх хэрэгслийн цэвэрлэгээний давтамжийг стандартад зааж өгсөн байгаа. Мөн газрын дор, хязгаарлагдмал орчинд ажилладаг ажилчид духны гэрэлтүүлэгтэй дуулга, гэрэлтдэг хантааз, гар чийдэн гэх мэт гэрэл үүсгэврийг ашиглаж болно.

-Танай байгууллагаас ажлын байрны гэрэлтүүлэгтэй холбоотой асуудлаар ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна вэ?

-Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний сүүлийн 3 жилийн статистик тоо баримтаас үзэхэд гэрэлтүүлгийн хэмжээ ААНБ-уудын нийт ажлын байрны 7,5%-д нь хангалтгүй байна. Ажлын байран дахь гэрэлтүүлгийн ажилтны эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаар ААНБ-ууд төдийлөн анхаарч авч үздэггүй байдал ажиглагддаг учраас гэрэлтүүлгээс шалтгаалсан үйлдвэрлэлийн осол, нүдний эмгэг үүсэхээс урьдчилан сэргийлж зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Манай байгууллагын зүгээс ажил олгогч, ажилтнуудад зориулсан ажлын байран дахь гэрэлтүүлэгтэй холбоотой гарын авлага, зурагт хуудсыг гарган сургалтын үйл ажиллагааг тасралтгүй явуулж байна. Мөн “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аян-2020” арга хэмжээний  хүрээнд ажлын байрны гэрэлтүүлгийн ач холбогдол, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг таниулах зорилгоор үзүүлэнгийн танхимыг тохижуулах ажил хийгдэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top