Эдийн засгийн идэвхжил үргэлжлэн суларч буйг үзүүлэлтүүд харуулж байна

2020 оны 04 сарын 23

Эдийн засгийн идэвхжил үргэлжлэн суларч буйг бодит секторын салбаруудын эхний хоёр  сарын үзүүлэлтүүд илэрхийлж байна. Уул уурхайн салбарын үйлдвэрлэл  оны эхний хоёр сард өмнөх үеийн мөн үеэс 26.1 хувиар агшжээ. Үүнд,  Оюутолгойн зэсийн баяжмал  - 16.8 нэгж хувь, нүүрсний үйлдвэрлэл -12.9 нэгж хувь, газрын тосны үйлдвэрлэл -3.1 нэгж хувийн сөрөг нөлөө үзүүлжээ.

Нөгөөтэйгүүр, алтны олборлолт +2.8 нэгж хувь, төмрийн хүдэр +0.1 нэгж хувийн эерэг нөлөөг тус тус үзүүлсэн байна.

Боловсруулах аж үйлдвэр нэгдүгээр сард 10.6 хувиар буурсан бол хоёрдугаар сард 10.1 хувиар тэлснээр оны эхний хоёр сард тус салбарын үйлдвэрлэл -1.8 хувиар агшилттай байв.

 Үүнд,  химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл -2.2 нэгж хувь, төмөр үйлдвэрлэл -1.3 нэгж хувь, нэхмэл үйлдвэрлэл -1.2 нэгж хувь, барилгын материал үйлдвэрлэл -1.1 хувийн сөрөг нөлөө үзүүлжээ.

Харин ундааны үйлдвэрлэл +3.7 нэгж хувь, гурил +0.9 нэгж хувь, сүүн бүтээгдэхүүн +0.5 нэгж хувь, арьс шир +0.4 нэгж хувийн эерэг нөлөө үзүүлсэн байна.

Бүтээгдэхүүний цэвэр татварын нэрлэсэн орлого импорт буурсан, эдийн засгийн идэвхжил суларсан зэргээс шалтгаалж 2020 оны эхний 2 сард 17.9 хувиар агшжээ. Үүнд, нэмэгдсэн өртгийн албан татварын орлого -13.5 нэгж хувь, онцгой албан татварын орлого -3.7 нэгж хувийн сөрөг нөлөө үзүүлжээ.

Хөдөлмөрийн захын сарын тоон үзүүлэлтээс харахад бүртгэлтэй ажилгүй иргэдийн шилжилт хөдөлгөөн сүүлийн саруудад өмнөх оны мөн үеэс буурах хандлага эрчимжиж байна. Үүнд шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэдийн тоо буурч, ажил идэвхтэй хайгаагүй тул бүртгэлээс хасагдсан иргэдийн тоо нэмэгдэж байгаа нь голлон нөлөөлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top