Засгийн газар өнөөдөр /2020.04.27/ ээлжит бусаар хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
- Монгол Улсын Засгийн газарт Тавантолгой-Зүүнбаян, Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг эрчимжүүлэх хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ҮАБЗ-өөс 2018 оны Н-33/21 дүгээр зөвлөмжийг хүргүүлсэн байдаг. Уг зөвлөмжид дээрхи чиглэлүүдэд төмөр замын суурь бүтэц барих талаар холбогдох бүхий л боломжит арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг чиглэл болгож, Олон Улсын хөрөнгийн зах зээл дээр IPO гаргах зэргээр санхүүжилтээ шийдвэрлэхийг зөвлөжээ. “Эрдэнэс-Тавантолгой” ХК 2018, 2019 онуудад ашигтай ажилласны дүнд өөрийн ашгаар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг өнөөдрийг хүртэл санхүүжүүлэн ажиллаж байна. ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу хөрөнгө оруулалтыг цаашид нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас 2019 онд 296 дугаар тогтоол гарган хөрөнгийн зах зээл дээр IPO гаргах зорилт тавьсан юм. Гэсэн хэдий ч сүүлийн үед улстөрийн зорилгоор ҮАБЗ-өөс өгсөн энэхүү зөвлөмжийн агуулгыг илтэд мушгин гуйвуулж тайлбарлах болсон тул зөвлөмжийн 2.1 дэх хэсгийг хүчингүй болгохыг хүсэж, ЗГХЭГ-аас ҮАБЗ-д 2020 оны гуравдугаар сарын 27-ны өдөр хүсэлт илгээсэн ч уг зөвлөмжид өөрчлөлт оруулах үндэслэл шаардлага байхгүй гэж үзэж буйгаа ҮАБЗ-өөс 2020 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр албан тоотоор ирүүлсэн байна. Харин өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд , “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2019 оны 296 дугаар тогтоолын хоёр дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгохоор шийдвэрлэлээ. Үүнээс шалтгаалж төмөр замын ажилд учирч болох хүндрэлийг урьдчилан тооцож, онцгой анхаарч ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болгов.
- Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай Ерөнхий хэлэлцээрийг сунгах тухай Солилцох захидлын төслийг дэмжив. Захидалд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж гарын үсэг зурах эрхийг Сангийн сайдад олгов. Тус хэлэлцээр нь БНСУ-аас Монгол Улсад 700 сая ам.доллартай тэнцэх солонгос вонны хөнгөлөлттэй зээлийг жилийн 0.2 хувийн хүүтэй, эргэн төлөх хугацаа 30 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жилийн нөхцөлтэйгөөр авч хэрэгжүүлж байгаа юм. Нийт 15 төсөл хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлсэн бөгөөд хэлэлцээрийн хугацаа нь 2019 оны 12 дугаар сарын 31-ээр дууссаныг 2020 он дуустал сунгахаар болж байна.
- Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын тархалттай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийг сэргээх чиглэлээр авах арга хэмжээний хоёр дахь шатны хөтөлбөрийн төслийг боловсруулжээ. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын гишүүдэд хөтөлбөрийн төслийг танилцуулав.
Сэтгэгдэл ( 5 )
1-р шат нь нийгэм хүмүүст хүртээлгүй болж дампуурсан. Одоо 2-р шат нэртэй дампуурлын арга хэмжээ зарлаж байгаа энэ нөхөр согтуу байна. Их хэмжээний мөнгө уусан болохоороо согтсон байна. Шуналаа гэж.....
Бэлэн мөнгө тараахын оронд хүнсний талон тараавал худалдагч нар талоныг зөвшөөрдөг
Ичиж амьдар луйварчаан. Увсад хутгасан бантанг чинь харсан шүү.
Энэ гэмт хэрэгтнийг харахаараа үзэн ядаад байх хэрэгтэй .
Сангийн сайд минь дээ хөтөлбөр гаргахдаа сайн л бодож л хэвлэлээр цацаараадай. Эхнийх нь алагчлах, хулгай хийхийг л хүлээн зөвшөөрсөн үйлдэл болоод байгаа шүү\n