М.Оюунчимэг: Томоохон төслүүдийг санхүүжилтгүй болгож зогсоодог алдааг давтахгүй байх нь миний зорилго

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 28

Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга, УИХ дахь Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн ахлагч Мөнхөөгийн Оюунчимэгтэй ярилцлаа.


-Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгууль дөхөж байгаа энэ үед эрх барьж байгаа Монгол ардын намын улстөрчдийг, Улсын Их Хурлын зарим гишүүнийг эрх мэдлээ, мэдээлэлд ойрхон байдаг давуу талаа ашиглаад ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авсан гэж цөөнгүй хүний нэр дурьдагдах болсон. Та зээл авсан уу, аваагүй юу. Үүнд тов тодорхой хариулт өгнө үү?

-Би болон миний хамаарал бүхий этгээдүүд зээл аваагүй. Хамааралгүй этгээдэд ч зээд зуучилж өгөөгүй. Би зээл, аваагүй гэж хэлэх нэг хэрэг. Гол нь үүнийг баримтаар няцаах учиртай. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд би албан бичиг явуулсан. М.Оюунчимэг гэдэг хүн, хамаарал бүхий этгээд нь ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авсан уу, хэн нэгэнд зээл авахад нөлөөлсөн үү гэдэг лавлагааг ирүүлнэ үү гэж. Тус Сангийн захирлын үүргийг  түр орлон гүйцэтгэгч Б.Батцэцэгийн гарын үсэгтэй миний нэр дээр 2019 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдөр ирүүлсэн албан бичигт “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг 2016 онд Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд шилжиж ирснээс хойших хугацаанд тус сангаас М.Оюунчимэг нэрээр ямар нэгэн зээл олгоогүй, хамаарал бүхий этгээдтэй холбоотой болон зээлийн шийдвэр гаргалтад нөлөөлсөн тухай мэдээлэл Санд байхгүй болно” гэсэн байна. Тухайн үед мөн Авлигатай тэмцэх газарт ч хандсан. Манайд шалгагдаагүй гэж хариу ирүүлсэн.

-УИХ-ын гишүүд сонгогдсон тойргийнхоо бизнес эрхлэгчдийн компанийг хамруулж өгнө үү  гэж бичиг хийж  ЖДҮ-ийг дэмжих санд өгсөн асуудал гарсан. Ер нь УИХ-ын гишүүд тойргийнх нь иргэд, байгууллагаас хүсэлт санал ирвэл түүнийг нь зохих байгууллага, албан тушаалтанд уламжилдаг шүү дээ. Таны хувьд тийм ч юм байгаагүй юу?

-Би ямар ч компани, бизнес эрхлэгчийг дэмжээч гэж зуучилсан бичиг хийж өгөөгүй. Тиймээс ч миний нэр анхнаасаа ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авсан хүмүүсийн  нэр дотор яваагүй.

-Тэгвэл таныг зээл авсан гэж яагаад яригдах болов. Ялангуяа таны сонгогдсон Чингэлтэй дүүргийн иргэдэд зориулсан олон нийтийн сүлжээгээр ийм  мэдээллийг сүүлийн үед зохион байгуулалттай нэлээд түгээж буй харагдсан?

-Чингэлтэй дүүргийн иргэдэд онцлон түгээж буйг мэдээж улстөрийн зорилготой л гэж харж байна. Улстөрчид хийсэн бүтээснээрээ бус нэгнийхээ нэр хүндийг харлуулж өрсөлддөг заншсан аргаа л хэрэглэж байгаа нь тэр. Харин яагаад ийм мэдээлэл гарах болов гэдэг талаар товчхон тайлбар хэлье. ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авсан улстөрчид, гишүүдийн нэр аль жилийн өмнө тодорхой болсон шүү дээ. Анх ЖДҮ-ийг дэмжих сангаас тэр, энэ хүмүүс зээл авчээ гээд шуугиж байх тэр үед Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлэг хоёр хуваагдчихсан байсан. Яг тэр өдрүүдэд шударга үнэний талд зогссон цөөнгүй гишүүдийг янз бүрээр дарамтлах, эсвэл талдаа татах гэсэн оролдлого гарч байсан. Надаас өөр гишүүд бас ийм байдалд орсон болов уу. Саналыг нь хүлээж аваагүй учир сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ миний нэрийг санаатай хэлсэн гэж боддог. Тэр үед Л.Энх-Амгалан гишүүнд хандаж хэлсэн, та энэ мэдээллээ нотлоорой гэж. Харин тэр хүн надад “Энэ бол улстөр шүү дээ. Нэр андуураад хэлсэн шүү дээ, Уучлаарай” гэсэн. Тухайн үед явсан бохир улстөрөөс улбаатай мэдээллийг одоо Чингэлтэй дүүрэгт нэр дэвших сонирхолтой хүмүүс гаргаж ирээд, зураг хөрөгтэй эвлүүлээд цацдаг юм байна лээ. Зарим үйлдлийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаагийн байгууллага шалгаад хэн, ямар зорилгоор ийм мэдээлэл цацдагийг тогтоосон.

-Энэ дашрамд тодруулахад хөрөнгө, орлого нь гишүүн болсноосоо хойш их хэмжээгээр нэмэгдсэн гэдэг мэдээлэл мөн цацагдсан. Энэ талаар Ёс зүйн дэд хороогоор хэлэлцэж байсныг санаж байна?

-Миний хөрөнгө, орлого УИХ-ын гишүүн болоод нэмэгдээгүй, байгаагаараа л байгаа. Нөхөр маань их сургууль төгссөн цагаасаа хойш бизнес хийсэн. Бусдын жишгээр нийгэм, эдийн засгийн байдлыг дагаж бизнес нь дээшилж, бас уруудаж л явдаг. Хөрөнгө, орлого  нэмэгдсэн гэдэг тухайд нэг төрийн бус байгууллага анх ийм мэдээлэл нийгэмд цацсан. Тэр залуусыг хүлээж авч уулзахад бас л “Уучлаарай, АТГ-ын хөрөнгө орлогын мэдүүлгийн арын хэсгийн тайлбар харагддагүй учраас бид техникийн алдаатай тоог үндэслэн цэг, таслал андуурсан байна” гэсэн. Ямар ч хүн байсан нэр төрийг нь хөндсөн мэдээлэл цацах гэж байгаа бол нягталдаг баймаар. Зориуд ийм мэдээлэл цацчихаад “Уучлаарай” гээд орхисны дараа тэр мэдээллийг нь үнэн юм шиг харагдуулж, дэвэргэдэг увиагүй үйлдэл гардаг нь харамсалтай.  

Энэ асуудлаар би УИХ-ын Ёс зүйн дэд хороонд шалгаж өгнө үү гэж хандсан. Ёс зүйн дэд хороо хоёр ч удаа хуралдаад, дарга Б.Бат-Эрдэнэ нь “УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хөрөнгө, орлогод огцом өөрчлөлт орж, нэмэгдсэн зүйл алга. Техникийн алдаа буюу цэг, таслал андуурагдсан байна” гэдэг тайлбараа  өгсөн.

Би УИХ-д анх нэр дэвшихдээ нэр цэвэр байх ямар чухлыг ойлгосон. Албан тушаалын эрх мэдэл, давуу талаа ашиглаж улс орон, нийгэмдээ хохиролтой зүйл хэзээ ч хийхгүй. Ямар нэг хууль бус арга замаар мөнгө олохын төлөө ч би явдаггүй. Хууль бус, хувийн эрх ашгаа бодолцсон зүйлийг нэг ч удаа хийж байгаагүй.  Энэ зарчимдаа үнэнч учраас ч тэр үү нийгэм, хүний хөгжлийн төлөө УИХ дээр орж ирсэн асуудал бүрт нухацтай хандаж, саналаа хэлж, дэмждэг. Тухайлбал, улстөрчид, албан тушаалтнууд ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авдаг байдал цаашид давтагдахгүйн тулд Ж.Ганбаатар нарын гишүүдтэйгээ хамтраад Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих тухай хуулийн төсөл санаачлаад, батлуулсан. Энэ хууль хэрэгжээд эхэлсэн. Сангийн жижиг бизнес эрхлэгчдэд зориулагдсан мөнгө банкаар өндөр хүүтэйгээр дамжихгүйгээр эзэндээ хүрдэг болсон.

Түүнчлэн, Чингэлтэй дүүрэгт хувиараа болон өрхийн хөдөлмөр эрхлэгчдэд зориулсан түрээсийн хямд ажлын байр гаргах, жижиг дунд үйлдвэрлэгч болгон “бойжуулах”, сургалт  сурталчилгаа олон талт үйлчилгээ үзүүлэх зорилготой сүүлийн үеийн тоног, төхөөрөмжөөр тоноглосон  “Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-ийг байгуулж ашиглалтад оруулсан гээд жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих чиглэлээр тууштай ажиллаж байна. Намайг “боов, боорцог” ч гэх үү, ямар нэг байдлаар харлуулах, нэр хочтой болгох гэсэн санаархал цухалзуулсан зорилготой мэдээлэл гарч л байдаг. Ер нь гишүүдэд хоол, цайгаа ууж идэж чадахгүй үе зөндөө гардаг шүү. Зарим эрэгтэй гишүүд танхимд хоол идээд сууж л байдаг. Үүнийг би тэгтлээ ёс зүйгүй, төрийн хэрэгт харшилсан үйлдэл гэж бодохгүй байна. Надад тохоосон зарим илт худал мэдээллүүдээс ЖДҮ-чин, гишүүн болоод хөрөнгө, орлого нь огцом нэмэгдсэн гэдэг худал мэдээлэлд албан ёсоор хариулт өгөх нь зүйтэй гэж бодсон юм.

Надад наах гэсэн зарим илт худал мэдээллүүдээс ЖДҮ-чин, гишүүн болоод хөрөнгө, орлого нь огцом нэмэгдсэн гэдэг худал мэдээлэлд албан ёсоор хариулт өгөх нь зүйтэй гэж бодсон юм

-2016 оны Улсын Их Хурлын сонгуулийг жижиг тойргоор явагдсан сонгуулиар та Чингэлтэй дүүргийн гэр хорооллын таван хорооноос нэр дэвшсэн. Энэ тойрогтоо улсад анх удаа гэсэн тодотголтой, жишиг болох олон ажилд хөрөнгө оруулалт олж, маш том бүтээн байгуулалтуудыг хийсэн байна лээ. Гэр хорооллын 200 айлыг бохир цэвэр, ус, дулаан зэрэг инженерийн бүх шугам сүлжээнд холбосон “Дэд бүтцийн төв” төсөл, айл өрхийн байшингуудыг дулаалж, нүүрс түлэхийн оронд цахилгаанаар халаалтыг шийдсэн, нүхэн жорлонгийн оронд био 00 суурилуулсан “Шинэ хороо” төсөл, таны сая дурьдсан, өрхийн бичил, жижиг бизнес эрхлэгчдэд зориулсан, тэдэнд учирдаг түрээсийн дарамтыг арилгасан, хамтдаа хөгжих боломжийг олгосон “Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв” төсөл гээд хүсэж, зориод ч хийж хэрэгжүүлж чаддаггүй байсан асуудлыг зоригтой барьж авч, үр дүнг нь үзжээ. Иргэд үүнд тун ам сайтай байна.  Монголын төр засаг, үе үеийн Засгийн газар, эрх баригчид гэр хороллыг хөгжүүлье, инженерийн дэд бүтэцтэй болгоё, утаанаас, хөрсний бохирдлоос салгая гэж ярьж, хөрөнгө мөнгө гаргадаг хэрнээ үр дүнд хүрдэггүй байсан асуудлуудыг ажил болгосны нууц нь юу вэ гэдэг асуултыг тавья?

-Юуны өмнө өнгөрсөн хугацаанд би зөвхөн сонгогдсон тойргоо бодож ажиллаагүй гэдгээ тодруулж хэлье. Мэдээж намайг төлөөллөө болгож УИХ-д сонгосон иргэдэд амласан амлалтаа биелүүлэхийн төлөө ажилласан. Тиймээс ч Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд таны дурьдсан томоохон төслүүдийг хэрэгжүүлсэн. Улаанбаатарын гэр хорооллыг дэд бүтэцтэй, орон сууцтай болгож  хөгжүүлж болдог юм байна гэдгийг харуулахыг зорьсон учир нэг хороог жишиг хороо болгосон. Чингэлтэй дүүргийн 1-6 дугаар хороо орон сууцны хороолол, харин 7-19 дүгээр хороо гэр хороолол. Цаашид гэр хорооллын бүх  хороонд өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн төслүүдээ үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Тухайлбал, 2020 онд дөрвөн тэрбум төгрөгөөр “Шинэ хороо” төсөл хэрэгжихээр төсөвт мөнгө нь туссан. Хэдхэн хоногийн дараа Барилга, хот байгуулалтын яам тендерийг нь зарлаад, ажил эхлэнэ. Тендер авсан нэг компани 150-аас доошгүй айлыг дулаалах учраас  энэ төсөлд стандарт хангасан айлуудыг бүгдийг нь хамруулах бололцоо байгаа. Гол нь тендер авсан компани ажлаа сайн хийх хэрэгтэй. Үүнд манай ажлын алба хамгийн их анхаарал тавьдаг.  Би өөрөө ч хурал, чуулганы дундуур  гарч орон, хяналт тавьж хөөцөлддөг. Шат, дамжлага болгонд ажлыг зогсоочихгүйн тулд биечлэн дунд нь орж явсны хүчинд өдий зэрэгтэй зорьсон ажлууд маань бүтэмжтэй болсон байх. Төр засгаас хэрэгжүүлж эхэлсэн томоохон төслүүд эхлээд, эсвэл дундаа ороод дандаа хөрөнгө мөнгө нь гацчихсан, газар чөлөөлөх асуудал нь шийдэгдээгүй, санхүүжилтгүй болж зогсчихсон байдаг нь сэтгэл дутсан, хариуцах эзэнгүй хаясантай л холбоотой шүү дээ. Тийм алдааг давтахгүй байх нь миний зорилго.

Чингэлтэй дүүрэгт,  Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн орчимд 60 гаруй тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулсан хэрнээ зогсоочихсон байсан   төслийг нийслэл, дүүргийн удирдлагатайгаа ярилцаж, хөдөлгөснөөр инженерийн шугам, сүлжээний ажлыг дуусгалаа. Одоо иргэд газраа чөлөөлөөд дахин төлөвлөлтөө хурдан оруулж, энэ шугам сүлжээг ашиглах нь чухал байна. Гэр хорооллыг дэд бүтэцтэй, инженерийн шугам сүлжээтэй болгосноор агаар, хөрсний бохирдлын асуудал давхар шийдэгдэнэ. 2012-2016 онд гэр хороололд дахин төлөвлөлт хийнэ, орон сууц барина гэж эрх авсан компаниуд энэ ажлаа хийгээгүй. Эдгээр компаниудын асуудал маш хүнд.  Шууд хасаад чаддагийг нь оруулах гэхээр шүүхдээд явчихдаг. Шүүх дээр заргалдаад байгаа компаниудын асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй байгаа. Шүүхийн ерөнхий зөвлөлд хүсэлт гаргаж гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд сонгогдсон компаниудийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн шийдвэрлэлтийн судалгааг ч авсан. Чингэлтэй дүүргийн дахин төлөвлөлтийн хүрээнд сонгогдсон ч ажлаа хийгээгүй “Эрэл” компанийн эрхийг цуцалсан ч шүүхэд нэхэмжлэл гарган өчнөөн явдал болсон хэрнээ нэхэмжлэлээсээ татгалзсан байна лээ. Гэр хорооллын дахин төлөвлөлт хийх эрх авсан компаниуд ингэж шүүхдээд явчихдаг асуудлын цаана олон айл өрх,  иргэд хохирч буй учир шүүхийн шинэчлэлийн асуудлыг ч хөндөхөд хүрсэн. Одоо энэ асуудлыг шуурхай шийдвэрлэх тал дээр шүүхийг шахаж ажиллана.

-Тодруулж асууж, сонирхмоор санагдлаа, “Дэд бүтцийн төв”, “Шинэ хороо” төслийг хэрэгжүүлэхэд айл өрхүүдээс өртөг, зардал гардаг уу?

-285 айлыг хамруулан инженерийн шугам оруулсан “Дэд бүтцийн төв” төслийг нийт 10 орчим тэрбум төгрөгөөр хэрэгжүүлсэн. Энэ хэмжээний мөнгөөр 285 өрх айл орон сууцтай болсон гэсэн үг. Энэ төслийг хэрэгжүүлэхэд айл өрхүүд ванн, 00 зэрэг зүйлээ өөрсдөө авч, бусад бүх зардлыг төслийн хүрээнд шийдсэн. Харин “Шинэ хороо” төсөл ашиглалтын хувьд хэт муудаагүй, төдөөс төдийн хэмжээтэй байшинтай гэх зэрэг энгийн  шалгууртай. Үр өгөөжөө бодолцож шалгуур тавихаас өөр аргагүй. Олон жил засаж тордоогүй байшинг дулааллаа ч үр дүнгүй болдог учраас. Энэ төсөлд иргэдээс гарах зардал гэвэл хашаа хороогоо тордоод, хашаан дотроо мод бут, зүлэг тарьж агаар,  хөрсний бохирдлоосоо салах сэтгэлгээтэй болох л явдал юм. Манай иргэд ч үүнээс хойш суудаггүй, байшингаа ийм гоё болгочихсон юм чинь одоо ингэнэ, тэгнэ гээд урамтай, баяртай байдаг. Гурав, дөрвөн жилийн дотор ийм их юм хийх боломж байдаг юм байна гэж ярих иргэд олон таардаг. Аргагүй шүү дээ,  Чингэлтэй дүүрэгт сүүлийн 25 жилд хийгдээгүй их хөрөнгө оруулалт энэ дөрвөн жилд хийгдэж, шууд үр дүнгээ өгсөн байна.

-Өргөдлийн байнгын хорооны даргын хувиар та Туул голыг хамгаалалтад авах, эрэг дагуух байшин барилгыг буулгах зэргээр мөнгөтэй хүмүүстэй дайтсан ажил ч багагүй хийлээ. Энэ нь улстөрд магадгүй танд дайсан бэлтгэсэн байх. Шантрахгүй байна уу?

-Дайсантай болохыг үгүйсгэхгүй. Гэхдээ тийм байлаа ч ийм зүйлээс болж шантрахгүй. Шантрах байсан бол би яах гэж улстөрд орсон юм бэ. Улстөрийг ойроос харж, ажиглаж явсны хувьд энэ байтугай асуудал гарахыг би төсөөлж байсан. Олон нийтийн төлөө ямар нэгэн юм хийж бүтээх нь хүн болж төрсний чухал хэрэг шүү дээ. Ер нь би нийгмийн хүн. Сэтгүүлч байхдаа ч нийгмийн шударга ёсны төлөөх сэдвүүдийг барьж авч, ажилладаг байсан. Одоо шийдвэр гаргах түвшинд ажиллаж байна, энэ боломжоо ашиглаж бусдын төлөө сайн сайхан зүйлсийг  хиймээр байна. Манай төр засаг олон жил утаатай тэмцсэн. Их ч хөрөнгө мөнгө зарсан. Гэтэл өнгөрсөн хоёр,  гурван жилд хийж хэрэгжүүлсэн ажлууд үр дүнгээ өгч эхэллээ. Улаанбаатарын утаа 50 хувиар буурсан гэж би аль ч талаас нь харж байгаа шүү.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.181.90) 2020 оны 04 сарын 28

Энэ гишүүн чинь харин сүрхий нуруутай шударга хүн шиг байдаг шүү. Тэгтлээ их амбиц нэр төр хөөцөлдөөд.байдаггүй хөрөнгө мөнгөнд холбогдоогүй цөөхөн хүний нэг. Дахин сонгогдох магадлалтаы гишүүдийн нэг.

0  |  0
Mgl(98.253.30.34) 2020 оны 04 сарын 28

Photo zuragchnii curs togsson baagii ilt bult bult shaahaar bvr emegnel toroid bhiin yana daa ene uls oron

0  |  0
М(172.90.243.62) 2020 оны 04 сарын 28

Ялалт олон эцэг эхтэй, ялагдал харин өнчин гэсэн үг байдаг юм

0  |  0
Top