УИХ дахь АН-ын зөвлөл өчигдөр /2020.04.28/ ээлжит хуралдаанаа хийж, дараа нь мэдээлэл хийсэн юм. Хурлаар дараах асуудлыг хэлэлцжээ.
Үүнд:
1. Короновируст халдвар /COVID19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нарын гишүүд өргөн мэдүүлсэн хуулийн төслийг УИХ-ын чуулган дээр анхны хэлэлцүүлэгт өгч байгаатай холбогдуулан АН-ын зөвлөл байр сууриа илэрхийлэн, ажлын хэсэгт зарчмын зөрүүтэй саналуудаа оруулахаар шийдвэрлэсэн. Зарчмын зөрүүтэй саналд Үндсэн хуулийн зөрчилгүй байх, төсвийн тухай хуулийн зөрчилгүй байх, мөн түүнчлэн урьдчилсан байдлаар бид дөрвөн удаагийн санал Засгийн газар, УИХ-д явуулсан 5 багц 38 санал эдгээрийг энэ хуульд зайлшгүй тусгах шаардлагатай гэж үзсэн гэв.
2. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцүүлэг явж байгаатай холбогдуулан УИХ-ын тухай хуульд Үндсэн хуулийн зөрчилтэй зүүйл заалтууд болон гишүүний бүрэн эрх, парламентын дархлааг сулруулахгүй байхад зарчмын ямар байр суурь илэрхийлэх нь зүйтэй вэ гэдэг асуудлаар зөвлөлийн гишүүд байр сууриа илэрхийлэн, ажлын хэсэгт орж ажиллах нь шийдвэрлэлээ.
3. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Засгийн газрыг тухай хууль өргөн баригдаж буйтай холбогдуулан өөрсдийн байр сууриа тодорхой болгож зарчмын зөрүүтэй саналаа гаргаж явах нь зүйтэй гэж үзлээ.
Д.ЭРДЭНЭБАТ: ЦАР ТАХЛЫН ХУУЛИЙН ТӨСЛИЙН ЗАРИМ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧИЖ БАЙНА
Хурлын үеэр УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат "Өнгөрсөн долоо хоногт өөрийн үзэл бодол, итгэл үнэмшлээрээ сонголтоо хийж УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ардчилсан намын гишүүн болсон. Өнөөдөр зөвлөлийн хуралдаанаар О.Баасанхүү гишүүн албан ёсны хүсэлтээр Ардчилсан намын зөвлөлд элсэж найман гишүүнтэй бүлэг буй болж байгаа талаар УИХ-ын даргад өргөн мэдүүлэх зүйтэй гэж үзлээ. Иймээс ирэх пүрэв гарагийн чуулганаар энэ асуудлыг өргөн барихаар төлөвлөж байна. Бидний ярих ёстой гол сэдэв бол “Короновируст халдвар /COVID19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуульд үндсэн гурван зарчим хөндөгдөж байна. Хамгийн тэргүүнд төсвийн тухай хууль болон, Үндсэн хуулийн зөрчил, төсвийн зарим нэгэн зохицуулалтыг хийх тухай асуудал нь шууд Үндсэн хуулийн зөрчлийг үүсгэж байгаад анхааруулга өгөх нь зүйтэй. Эрх баригчид зохицуулалт хийх эрхийг Засгийн газарт өгч болно гэсэн агуулгатай зүйл ярьж байгаа нь хуулийг зөрчиж, цар тахлын үед өөрсдийгөө дураараа аашлуулах боломжийг олгож байгаатай агаар нэг сонсогдож байна. Төслийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т “цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах эдийн засгийг идэвхжүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэмд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх зорилгоор жилийн батлагдсан төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч хооронд, хөрөнгийн болон урсгал зардал хооронд төсвийн зохицуулалт хийх” гэж тусгажээ. Энэ заалт нь Төсвийн тухай хуулийн доорх зүйл, хэсгийг зөрчихөөр байна. Үүнд:
42 дугаар зүйл.Төсвийн захирагчийн төсөвт зохицуулалт хийх
42.1.Төсвийн ерөнхийлөн захирагч хоорондын төсвийн зохицуулалтыг зөвхөн тухайн жилийн төсөвт тодотгол хийж шийдвэрлэнэ.
Төсөвт зохицуулалт хийж нэмэлт, өөрчлөлт оруулах буюу 2020 оны улсын нэгдсэн төсвийг тодотгох асуудал нь Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлд зааснаар
“25.1.Улсын Их Хурал төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ: гэж заасан байгаа. Онцгой бүрэн эрх гэдэг бол хэнд ч дамжуулж болохгүй зөвхөн УИХ өөрөө шийдвэрлэх онцгой бүрэн эрх юм. Үүний нэгдүгээр зүйлд: -Хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах;
Энэ хууль нь хүчээр батлагдах юм бол энэ нь өөрөө Үндсэн хуулийн цэцийн маргаан болж үүснэ. Тийм учраас онц байдлыг далимдуулж хууль зөрчсөн шийдвэр гаргаж болохгүй гэж эрх баригчдад онцгой анхааруулах нь зүйтэй. Мөн энэ хуульд Эдийн засгийн хүндрэлийг даван туулах тухай зүйл заалт маш бага тусгасан. Энэ хууль Коронавирусын үеийн хөл хориог далимдуулан хэрхэн ял шийтгэл оноох вэ гэж хэт нэг талруу хэлбийсэн хууль боллоо гэж бодож байна. Тиймээс манайх цар тахлын үеийн эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд 2020 оны төсөвт нэн яаралтай тодотгол хийх “КОРОНОВИРУСЫН ГАМШИГ БОЛОН ТҮҮНЭЭС ҮҮДЭЛТЭЙ ЭДИЙН ЗАСГИЙН ХҮНДРЭЛИЙГ ДАВАН ТУУЛАХ ОНЦГОЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ” 5 багц 38 арга хэмжээ бүхий өргөн барьсан хуулийн төслөөс 8-9 зүйл заалтыг хуулийн төсөлд оруулах нь зүйтэй гэж үзэж байна. Иргэдийн амьжиргаа доголдсон энэ үед хэт өндөр торгууль ногдуулж, хэн нэгэнд ял шийтгэл оноох нь буруу. Зөрчлийн тухай хуульд 200.000, 300.000, 500.000 зэрэг өндөр үнэтэй торгуулийн заалт оруулж ирсэн нь өнөөдөр эдийн засгийн хүндрэлтэй байгаа үед хэн ч төлөх дагаж мөрдөх боломжгүй заалтууд орж ирсэн байна.
О.БААСАНХҮҮ: ӨРТӨГ ӨНДӨРТЭЙ ГАЗАРТ БАЙГАА ОЮУТНУУД ХҮНД БАЙДАЛД ОРЖ БАЙНА
УИХ-ын гишүүн О.Баасанхүү гадаад улсад байгаа иргэдийн талаар авах арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "МАН гадаадад байгаа иргэдийн талаар арга хэмжээ авч байгаа боловч тэгш хүрч үйлчлэхгүй байна. Үүнээс болж гадаадад байгаа иргэдийн зүгээс эсэргүүцэл илэрхийлж, өнөөдрийн байдлаар БНСУ-д суугаа Элчин сайдын яамны гадаа Монгол иргэд суулт зарлаж байна. Орос, Турк, Энэтхэг зэрэг бусад улс орнуудад ч ийм үйл ажиллагаа явагдах гэж байна гэсэн асуудлууд яригдаж байна. Хил дээр ирсэн Монгол Улсын иргэнийг шалтгаан нөхцөлгүйгээр нэвтрүүлэх ёстой. Тиймээс нэвтрүүлнэ гэдгээ олон нийтэд зарлаачээ гэж шаардаж байна. Монголд 20 мянга гаруй зарагдаагүй байр, маш олон зочид буудал бий. Тэдний ус цахилгаан гэх мэт урсгал зардлыг нь шийдээд, эдгээрт гадаадад байгаа иргэдээ авчирч тусгаарлаач ээ. ОХУ-д оюутнуудын нөхцөл байдал хэцүү байна гэж байна. Өртөг өндөртэй газар оюутнууд маань маш хэцүү байдалтай байна. ОХУ-аас ирсэн 20 гаруй оюутнууд шинэ коронавирусийн халдвар авсан. ОХУ-д суугаа Элчин сайдын яамны зуслан гэж байна. Тэнд нь тусгаарлалт хий. Элчин сайдууд ажлаа сайн хий. БНСУ-аас ирэх 160 гаруй иргэний 60 орчим нь улс төрчийн гэр бүл байна. Тэднийг алагчилж байгаа юм биш. Жирийн иргэдийг бодвол 1-2 сар амьдрах боломжтой хүмүүс байгаа учраас ингэж хэлээд байгаа юм" гэлээ.
Сэтгэгдэл ( 1 )
эр юмнууд байж эргэж хургасан бүүр шог болцийн