Азийн хөгжлийн банк 100 сая ам.долларын ЗЭЭЛ олгохоор боллоо

2020 оны 04 сарын 28

Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх анхны томоохон хэмжээний цэнэг хураагуурын систем (ЦХС) байгуулахад зориулж Азийн хөгжлийн банк (АХБ)-аас 100 сая ам.долларын зээл олгохоор боллоо.

АХБ-ны Зүүн Азийн газрын Ерөнхий захирал Жэймс Линч “АХБ-ны хөгжиж буй гишүүн орнуудын дунд Монгол Улс нүүрсний хэрэглээгээрээ тэргүүлэгч орнуудын нэг бөгөөд тус улсын нийт хүлэмжийн хийн гуравны хоёрыг эрчим хүчний салбар ялгаруулж байна.  Энэ  төслийн үр дүнд Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж, улмаар эрчим хүчний салбараас үүдэлтэй нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг багасгахад томоохон хувь нэмэр оруулна” гэжээ.

Төслийн хүрээнд дэлхийд томоохонд тооцогдохуйц 125 мВт-ын хүчин чадалтай дэвшилтэт технологи бүхий ЦХС суурилуулах бөгөөд уг ЦХС нь хуримтлуулсан цэвэр эрчим хүчийг Төвийн бүсийн эрчим хүчний сүлжээнд нийлүүлнэ. Энэхүү ЦХС нь Монголын эрс тэс уур амьсгалд тэсвэртэй байх бөгөөд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс бүрэн цэнэглэгдэх боломжтой эрчим хүчний удирдлагын системээр тоноглогдох юм. Түүнчлэн уг төсөл нь ирээдүйд цахилгаан дамжуулах сүлжээнд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр шинээр холбоход шаардагдах тохируулгын нөөцийг мөн бүрдүүлэх болно.

Төслийг хэрэгжүүлснээр жилд 44 гВт-цаг хүртэлх цэвэр эрчим хүч үйлдвэрлэж, Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарын хүчин чадлыг нэмэгдүүлэх юм. Мөн энэхүү төсөл нь цахилгааны төвлөрсөн сүлжээнд нэмж 859 гВт-цагийн сэргээгдэх эрчим хүч  нийлүүлэх боломжийг бүрдүүлэх бөгөөд ингэснээр 2025 он гэхэд 842,039 тонн нүүрстөрөгчийн хийн ялгаруулалтаас сэргийлж чадна гэж АХБ-наас мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top