МАН, АН-ын САНАЛ ХУВААХ ЭРЭМБЭТЭЙ бие даагчид

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 29

Сонгуулийн чимээ босго давж, улс төрийн намууд нэр дэвшигчдээ далд тодруулсан бол бие даагчдын нэрс олонд ил боллоо. Чухам ямар учраас бие даагчдын нэрсийг гэнэт олон нийтэд задлав гэдэг нь нэг л ойлгомжгүй. Айсуй сонгуулийн хувьд түүхэнд байхгүй хамгийн олон буюу 208 бие даагч нэрээ дэвшүүлжээ. Тэр тусмаа АН-аас олны танил, эрэмбэ, рейтинг  өндөртэй улстөрчид олноор бие дааж байгаагаараа туйлын онцлог болж байна..

Цагтаа АН-ын өнгө зүс, нүүр царай болж явсан бэлтэй бол бэлтэй, хөлтэй бол хөлтэй нөхөд бие даан нэр дэвшихээ илэрхийлжээ. Ийнхүү АН-ын лидерүүд гэж болох нөхөд бие дааж байгаа нь их тулааны өмнө илд ч үгүй зогсож байгаа С.Эрдэнэ даргадаа маш том хохирол учруулахаар харагдана. Тодотговол, Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл, С.Баярцогт,  Л.Гансүх, Б.Дэлгэрмаа Т.Хасбаатар, П.Галиндэв нарын аль нь ч дурын тойрогт ялалт байгуулдаггүй юм гэхэд АН-аас нэр дэвшигчээ шууд татаж унагаана. Харин “Авлига, албан тушаалын хэргээр ял шийтгүүлж” байсан Л.Гансүхийн нэр энд явж байгааг мэдэх юм алга.

Нөгөө талаас буюу МАН-аас Н.Номтойбаяр хоёр удаа ялалт байгуулсан тойрогтой, өөрийн гэсэн дэмжигчидтэй. Дорнод руу яваад очиход ялах магадлалтай нөхөр. Ялдаггүй юм гэхэд МАН-аас дэвшигчдийг татаж унагаах дүүрэн эрэмбэ бий. Улс төрийн хоёр том хүчнээс ийнхүү лидерүүд мандатгүй үлдэж, бие даахаар болж байгаа бол мөн үймээн шуугиан дэгдээх бие даагчид ч олон байна.

Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга, “Алтан Дорнод”-ын захирал Т.Ганболд, Ахмадын холбооны Г.Баасан, генерал Б.Баярмагнай, хуульч М.Ичинноров, яруу найрагч Ц.Хулан, УИХ-ын гишүүн С.Жавхлан, Улсын харцага Г.Ганхуяг, ТОСК-ийн А.Гантулга, “Голомт”-ын Ө.Ганзориг гээд бүгд л өөр өөрийн гэсэн дэмжигчидтэй болсон хүмүүс. Эд нар ялалт байгуулахгүй юм гэхэд өнгө өнгөө дагаж, МАН, АН-ын саналыг хангалттай хуваана. Магадгүй хүчтэй бие даагчдаас болж, зарим тойрогт дахин санал хураалт ч болох талтай. Өнгө өнгөө дагахаар Г.Уянгыг цэнхэр талын сонгогчид дугуйлна, тэгэхээр АН-ын нэр дэвшигчийн саналаас зулгаана. С.Мөнхчулууныг улаан сонгогчид гэхээр МАН-ын бие даагчийн саналаас зулгаах замаар цааш явах байх. Бүх бие даагчид өөр өөрийн онцлогтой бас төлөвлөгөө, тактиктай гэхээр яах аргагүй л  өрсөлдөгчид.

Нэг аюултай зүйл гэвэл аль ч намын өнгө, шошго цухалзахгүй, хаа сайгүй самрах бие даагчид ч олон бий. Тухайлбал, Г.Ганзориг харцага, “Голомт”-ын Ө.Ганзориг, Г.Майцэцэг, Г.Баасан гээд газар авахгүй ч нийгмийн аль ч хэсэгт хэний ч саналд хошуу дүрж мэдэх хүмүүс.

Эндээс нэг зүйл ажиглагдаж байгаа нь Ерөнхийлөгч Х.Баттулгын гэх тодотголтой нөхөд олноор бие дааж байгаа нь С.Эрдэнэ, Ерөнхийлөгч хоёрын харилцаа тийм ч сайнгүй байгааг илтгэнэ. Нөгөө талаар Ерөнхийлөгчийн хэргээр хийж байгаа улс төр ч байж болох юм. Улс төрийн эгзэгтэй үед парламентад өөрийн хүмүүс байх хэрэгтэй гэж үзсэн ч байж болох.

Ерөөсөө бие даагчдын нэрс, улс төрийн нөхцөл байдлаас харж байхад ямар нэгэн тодорхой шалтгааны улмаас бие даахаас өөр арга байсангүй бололтой.  Улсын баатар Э.Бат-Үүл “З.Энхболдын нэрээ дэвшүүлсэн тойрогт өрсөлдөнө” хэмээн өмөлзөж байгаа нь цэвэр хонзогнол. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “С.Эрдэнэ намайг намаас хассан гэж ойлгоод бие даан нэр дэвшиж байна” хэмээн мэдэн будилж байгаа нь бас л нэг хонзогнол. Н.Номтойбаяр, С.Баярцогт нарын хувьд бол аргагүйдэж, гуйж гувшиж байхаар бяраа үзэхээр шийдсэн байх. Энэ хоёр бол яах аргагүй хамгийн хүчтэй өрсөлдөгчид.

Үүнээс гадна П.Галиндэв нар бол цэвэр гомдлын үүднээс бие дааж байгаа байх. Мөн бие даагчид дунд дуучид, хуульчид гэсэн сул нөхөд байгаа нь нүдээ аниад, аз сорьсон тийм ч зорилготой бус нэр дэвшигчид. Бүр тойрог наймаалцах, нэрээ татах зэрэг наймааны замаар бие дааж байгаа нөхөд ч байж таарна. Ингээд айсуй сонгуульд бие даан нэр дэвших 208 нэр дэвшигчийг танилцуулж байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
A(103.229.120.151) 2020 оны 05 сарын 02

Dornodchuud bolorchuluun, sergelen 2 oo demjeed gargaad yvuulchih bhoo

1  |  2
Сэрх(176.217.212.216) 2020 оны 05 сарын 02

Н. Алтанхуяг гараад ирнэ

0  |  0
Зочин(59.153.113.218) 2020 оны 05 сарын 02

148-д Оюунбатын Оргил гэдэдг зөв залуу байна даа. Аль тойрогт дэвших юм бол.

0  |  0
irgen(31.165.215.200) 2020 оны 04 сарын 29

ene ners dotor shalgagdaj baigaa , odoo shyygdej baigaa hymyys baina, Songuuliin horoo huulia bielyylehgui mongotei bol hulgaich luivarchin aluurchin baisanch hamaagui bololtoi

0  |  0
Эрин(64.119.25.44) 2020 оны 05 сарын 01

Монголчуудын эрин үе ирсэн. Эвсэл нэртэйПопулистуудыг,Цаасан сэлэм, ардчилалгүй ардчилагчид хулгайч худалчууд луйварчид зайлцгаа улс орондоо амар жимэр амьдармаар байна. Та нарын худал амлалт өс хонзон газар шороогын минь тайван байлга.

1  |  0
Зочин (64.119.25.44) 2020 оны 05 сарын 01

Санал хуваагдана. Иймд улс төрд олон жил явсан мөн нэг удаа ч байсан мөн нэрээ дэвшүүлсэн гээд доль цохисон худалч хулгайч нарыг нэгийг нь ч сонгохгүй ээ. Цоо шинэ шударга нэртэй төртэй хүмүүсийг сонгоно.

1  |  0
Top